Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд ондоошлыг хэрхэн бий болгох талаар толгойгоо гашилган, эрж хайсны эцэст бидний үндэстний онцлогыг харуулсан өв соёл ондоошлын маань оньс юм байна гэдгийг олж харсан байдаг. Улс орнууд үндэстнийхээ онцлогыг хадгалсан хувцас урлал, биет болон биет бус соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж дор бүрнээ л Хятад нь хятадаараа, Монгол нь монголоороо үлдэхийг хичээж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд бидний монгол хувцасны хэрэглээ ямар болсныг хар л даа. Зуны тэрлэгийг даашинз шиг болтол урлаж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж байгааг харах сайхан байгаа биз дээ. Үндэснийхээ баяраар өв соёлоороо гайхуулах гэр бүлүүд, охид хөвгүүдийг харахад хайр хүрмээр. Эсгий урлал, гар хатгамал, хөөрөгний даалин, алт мөнгөний дархны урлалаар дамжсан үндэстний код сэргэн шинэ түүхээ бичиж эхлээд байгаа. Уламжлал, өв соёлоо сэргээн сануулах дэлхийн хэмжээний фестивалтай хүртэл болсон. Гэхдээ энэ бүгдийн цаана төрийн бодлого, зохицуулалт, олон янзын хөшүүргийн механизм ажиллаж байдаг. Ч.Номин соёлын сайд байхдаа эдгээр механизмыг хөдөлгөж, дэмжиж ажилласан учраас үндэсний дархлаа болсон эдгээр өв соёлууд сэргэж эхэлсэн дээ.
Монгол улс соёлын яамтай болсноороо шилдэг өвлөн уламжлагчаа тодруулан, орон даяар зарлаж, тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр урамшуулдаг болсон юм. Мэдээж өвлөн уламжлагчийг мэдлэг чадвараа бусдад түгээн дэлгэрүүлэхэд багахан ч гэсэн дэм болох үүднээс. Харин Ч.Номин соёлын яамны сайд болоод шилдэг өвлөн уламжлагчийн урамшууллын дүнг нэмж 30 сая төгрөг болгосон юм билээ. Зарим хүнд бага мөнгө санагдаж магадгүй ч үүний цаана Монгол хүнийг Монголоор нь үлдээх, оюун санааны дархлаа суулгах том агуулга явж байгаа юм.

Саяхан Н.Жанцанноров гуай телевизэд өгсөн ярилцлагадаа “Хүнийссэн хүнтэй улс тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг” гэж тун тодорхой өгүүлсэн. Монголоор боддог, ярьдаг, бахархдаг ард түмэнтэй байхын тулд бид өчүүхэн ч атугай ондоошлоо барьж авч тэтгэж, урамшуулж, түгээн дэлгэрүүлж явах ёстой юм. Үүнийг л Ч.Номин ойлгочихсон юм билээ.
Монголд 7 ай савд багтах 400 шахам биет болон биет бус өв байдаг. Хэдэн жил өв соёлын наадмаар хэссэнийх нэлээд сайн тогтоож авсан мэдээлэл л дээ. Эндээс мартагдах шахсан өв уламжлал, түүний тээгчдийг маш онцгойлон авч үзэх шаардлагтай болсон гэдгийг бас дуулж сэтгэл эмзэглэж байлаа. Онцгой гэсэн 100 гаруй өв уламжлагчаас одоо 70-аадхан л амьд сэрүүн бий. Анхаарал хандуулж, асуудал тавихгүй явсаны уршиг л даа. Бүр улс орон даяар ганцхан хүн мэддэг биет бус өв байсныг хүртэл олж, олны анхааралд оруулж чадсаныг соёлын сайд асан Ч.Номингын хийсэн ажлын үр дүн гэхээс яах вэ.
Ойрмогхон хурдан морь, өвөл хаврын уралдааны зөв буруугын талаарх сэдэв ахиад л хөндөгдлөө. Эмзэг сэдэв л дээ. Гэхдээ морь уях арга барил, уяачийн эрдэм өв соёл алдагдсан. Тэр ч атугай мал маллах арга ухаан, эрдэм чадал ч алдагдсан гэхэд хилсдэхгүй. Үгүй дээ л одооны алдарт, манлай уяачид адууг эмчлэх хамгийн наад захын арга “Сиймхий, дөрөөлөх” хатгаж чадахгүй шүү дээ. Мал маллах арга ухаанд газар шинжих эрдэм хүртэл ордог. Энэ бүгд чинь өв соёл юм л даа. Гэтэл бид чинь дэлхийн хамгийн сүүлчин нүүдэлчид гээд байдаг. Соёлын яамгүй байснаас болоод юуг өв соёл гэх юм, юуг биет болон биет бус уламжлал гэх юм гэдгээ ялгаж салгахгүй явж ирсэн. Иргэд өв уламжлалын тухай ардын дуу, хөөмий, хөгжим гэсхийгээд л мэддэг байсан. Харин Соёлын яамтай болж, Өв соёлын наадам хийдэг болсноор бид бүгд өв уламжлагчид юм байна гэдгээ мэддэг болж эхэллээ. Энэ том дэвшил биш гэж үү.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл