Санхүүгийн хувьд биеэ дааж, хэний ч гарыг харахааргүй болохын тулд та эд хөрөнгө өвлөх шаардлагагүй, хонжворт сугалааны азтан болох ч хэрэггүй. Эсвэл Билл Гэйтс, Уоррен Баффетт шиг гоц ухаантай байх албагүй. Их биш ч чамлахааргүй мэдлэг, шаргуу хөдөлмөр, ухамсартай сахилга батын ачаар бараг хүн бүр хангалттай хөрөнгө хуримтлуулж чадна.
Бүр амьдралын хамгийн сайн сайхан зүйлсийг мэдрэхэд хүрэлцэхээр хэмжээний тийм хөрөнгийг өөрийн болгож болно. Гэхдээ та цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа бол энэ намаг балчигаас хэрхэн гарах вэ? Сард хэдийг олдгоосоо үл шалтгаалаад та санхүүгийн хувьд амжилтанд хүрэхэд саад болж байгаа бэрхшээлүүдийг өөрөө бий болгож байж мэдэх юм. Баяжих арга замыг заасан олон арван ном байдаг ч үнэхээр бодитой үр дүн авчирдаг нь тун цөөн. Тиймээс юун түрүүнд ахиж дэвшихэд тань саад болж байж магадгүй 5 хорт зуршлыг танилцуулъя.
Хэт үрэлгэн
Олдгоосоо ихийг зарцуулдаг үргэлгэн Америкчууд олон. Тэд үүнийгээ ч анзаардаггүй. 2012 онд явуулсан судалгаанд оролцогчдын 52 хувь нь жилийн хэд хэдэн сард нь сарын орлогоосоо илүү ихийг мөнгө зарцуулдаг гэж хариулжээ. Орлого нь хэрэглээгээ гүйцэхгүй үед тэдний 36 хувь нь хадгаламжаасаа “хумсалдаг” бол 22 хувь нь зээлийн карт ашигладаг байна. Сар болгон олсныхоо хэрээр цацаад байх нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж байгаа хүний хийх зүйл яавч биш. Тиймээс сард яг юунд хэдэн төгрөг зарцуулж байгаадаа хяналт тавиад үзэх хэрэгтэй. Чухал шаардлагатай биш зүйлсэд огт мөнгө зарцуулахгүй байх нь асар их мөнгө хэмнэлт авчрах болно.
Хэт бага мөнгө хадгалж байгаа юм биш биз?
Хөрөнгө хуримтлуулахын тулд та хадгаламжийг эн тэргүүнд тавих хэрэгтэй. Юун түрүүнд өвдсөн, ажилгүй болсон болон бусад болзошгүй хүндрэлүүдийн үед хэрэглэх мөнгийг цааш нь хийвэл зохино. Ингэж чадсан хойноо орон сууц, автомашин авахад зориулж мөнгө хадгалж эхлэхэд айх зүйлгүй. Бодо Шеферийн номонд өртэй үедээ ч гэсэн мөнгө хадгалж болдгийг бичсэн байдаг. Яаж гэж үү? Өрөө төлөхдөө төлж чадах хэмжээнээсээ 2 дахин багыг санал болговол болоод явчихна. Хэрвээ та 35 хүртлээ тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх мөнгөө хадгалаагүй бол яах вэ? Та сард 671 ам.доллар цааш нь хийж байж 65-тайдаа 1 сая ам.доллартай болно. Харин та одоо 25-тай бол сард ердөө 286 ам.доллар хадгалахад 65 –тайдаа саятан болчхсон сууж байх нь.
Бодууштай….
Гэхдээ хэт их өртэй бол…
Америкчуудын зээлийн картын нийт өр 846.9 тэрбум ам.доллар ажээ. Өөрөөр хэлбэл нэг өрхөд 7050 ам.долларын өр ногдоно гэж NerdWallet.com тооцоолсон байна. Сард төлж болох хамгийн бага хэмжээг төлөөд явбал ийм хэжээний өрийг 28 жилийн дараа барагдуулах бөгөөд 15 хувиар тооцвол хүүгийн төлбөрт 10663 ам.доллар төлнө. Харин сард 250 доллар төлөөд явбал 7050 долларын өрийг 3 жилийн дотор барагдуулах ба хамгийн багаа хэмжээгээр төлсөнтэй харьцуулахад хүүгийн төлбөрөөс 9000 доллар хэмнэх ажээ. Моргейжийн зээл, бизнесийн зээл мэдээж урт хугацаандаа ашигтай. Гэхдээ хэрэглээний зээлээс аль болох татгалзвал зохино.
Шинэ зүйл авах сайхан, гэхдээ….
Хүссэн зүйлээ авах сайхан. Тэр тусмаа цоо шинийг нь. Гэхдээ энэ нь үргэлж оновчтой хөрөнгө оруулалт биш байдаг аж. Жишээ нь зарим мэргэжилтнүүдийн тооцоолсноор таны авсан шинэ автомашин 2 жилийн дараа үнэлгээнийхээ 30 хувийг алддаг байна. Харин 5 жилийн дараа дундаж автомашины үнэлгээ 44 хувиар буурдаг аж.
Өөртөө хөрөнгө оруулахуй…
Баяжихад тань саад болж байгаа хамгийн том асуудал магадгүй энэ байж болох юм. Хэрвээ та боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд мөнгө зарцуулахгүй, хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа бол ирээдүйд мөнгө олох боломжоо хязгаарлаж байна гэсэн үг. “Kiplinger’s Personal Finance” сэтгүүлийн эрхлэгч Найт Киплингер “Боловсрол болон ажлын ур чадвар дээр тань суурилсан үнэлэмж таны эзэмшиж болох хамгийн үнэтэй хөрөнгө байх болно. Зах зээлд уналт бий болсон ч таны энэ үнэлгээ алга болохгүй” хэмээн “Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх 8 Түлхүүр” номондоо бичжээ.
mglradio.com