БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд оржээ.

Учир нь Б.Батбаатар мэргэжлийн бус хүмүүсийг БОУАӨ-ийн яаманд дүүргэж, ажилд авсны улмаас хариуцсан ажлаа мэддэг хүн байхгүй болж, юм л бол Төрийн нарийн бичгийн дарга, Захиргааны даргаас асууж байж хариу өгнө хэмээн иргэд, ААН-ээс албан бичгийг удаадаг, хугацаанд нь хариу өгдөггүй байдал даамжирсан гэнэ. Яамны хэмжээнд хоёрхон газрын даргыг үлдээж, бүх газрын даргыг бүгдийг сольсон гэнэ.

Түүгээр үл барам яамны албан хаагчид 1 ширхэг А4-ийн боодол бичгийн цаас авахын тулд дарга сайд нарын үүдийг сахиж, цохолт хийлгэхдээ тулж, энэ яам урьд өмнө байгаагүйгээрээ “ядуурал”-д өртжээ.

Яамны сайд Б.Батбаатар нь СОР17 хурлын бэлтгэл ажлыг хангах нэрээр гадаад томилолтоор их хэмжээний зардал гаргаж байхад ард нь яамныхан нь бичгийн цаасны ч зардалгүй ажиллаж байх…

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарын хамгийн чухал анхаарах ёстой асуудлын нэг бол байгаль орчин. Гэтэл Б.Батбаатар сайд маань дөнгөж саяхан буюу 2026 оны 3 сард Урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн агууллгыг зөрчсөн хэмээн “Хризо праза групп” ХХК, “Урт хошуу” ХХК, “Тал довын шонхор” ХХК, “Ричмөнх” ХХК, “Капитал авто сервис” ХХК, “Сэлэнгэ металл” ХХК, “Хангарьд” ХХК зэрэг 7 компанийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялагийн яаманд гаргажээ.

Гэвч бидэнд ирсэн мэдээллээр БОУАӨЯ, эдгээр компаниуд нь өмнө нь урт нэртэй дээрх хуулийг хуулийг удаа дараа зөрчиж, үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлож байхад мэдсэн атлаа мэдээгүй дүр эсгэж, харсан ч хараагүй мэт байсаар ирсэн төдийгүй “алтыг нь аваад авдарыг нь хаях” гэгчийн үлгэрээр Байгаль орчны хохирлын үнэлгээ тогтоогоогүй, Экологи эдийн засгийн хохирлын дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй атал дээрх 7 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг одоо гаргаж байгаа нь хачирхалтай.

Магадгүй БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийн өмнө Урт нэртэй хуулийг удаа дараа зөрчиж үйл ажиллагаагаа явуулж ирсэн дээрх нэр бүхий 7 компанийн үйл ажиллагааг цуцалж, “уснаас хуурай гарах” гэсэн юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Экологи эдийн засгийн үнэлгээний хохирлын дүгнэлт гаргалгүйгээр тусгай зөвшөөрлийн эрхийг нь цуцалж байгаа нь эдгээр компаниудад хариуцлага тооцох ч боломжгүй болгож байна.

Дээр нь БОУАӨЯ ч хохирлын үнэлгээ тооцоогүй, экологи эдийн засгийн үнэлгээ, дүгнэлт хийгээгүй атал шууд тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг АҮЭБЯ-д хүргүүлсэн нь байгаль орчин “хохироод”, ухсан шороо, сэндийчсэн газар хэвээр үлдэнэ гэсэн үг. Товчхондоо БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар дээрх уурхайнуудыг “байгаль орчин, эдийн засгийн хариуцлагаас чөлөөлчихлөө, тэдэнд давуу байдал олгочихлоо” гэж ойлгож болно.

Дашрамд сонирхуулж хэлэхэд “Цавчаа ногоон автобус”-уудыг оруулж ирж, хуулийн хариуцлага хүлээж шоронд хоригдож байсан нийтийн тээврийн үйлчилгээний “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийн хувь эзэмшлийн “Капитал авто сервис” ХХК нь Сэлэнгэ аймагт алт олборлох тусгай зөвшөөрөлтэй, хууль зөрчин олборлолт явуулж байсан аж.

Тэр бүү хэл дээрх 7 компани урт нэртэй хуулийг зөрчин алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа Экологийн цагдаагийн газраар “хамгаалуулан” явуулж байсан нь цаана БОУАӨЯ, Экологийн цагдаагийн газарт “том артай” байсан гэж хардахад хүргэж байна.

7 компаний нэг болох “Хризо праза групп” ХХК гэх хятадын хөрөнгө оруулалттай компани өнгөрсөн зунжин хятад ажилчид оруулж алт олборлуулсан атлаа, байгаль орчноо нөхөн сэргээлгүй тэр хэвээр нь оргисон гэж эх сурвалж бидэнд мэдээллээ.

Гэтэл одоо нөхөн сэргээлтийг нь хийлгэлгүйгээр тусгай зөвшөөрлийг нь цуцлаж байгааг юу гэж ойлгох вэ?

Энэ асуудалд БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар хариулт өгнө бизээ…

Ц.Мөнх

Эх сурвалж: Amlalt.mn

Санал болгох мэдээ

Дээрэлхэлтийг зогсоох дэлхийн туршлага

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт нь Монголд төдийгүй дэлхийн олон улсад олон нийтийн санааг …