ИЗНН-ын ахмад гишүүд оролцсон хэлэлцүүлэг болж, уриалга гаргажээ

Өнөөдөр Арилдал төвд ИЗНН-ын Улаанбаатар хот дах дүүргүүдийн ахмад гишүүд оролцсон “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдэвт хэлэлцүүлэг болж, 80 гаруй гишүүд оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Р.Батболд, ИЗНН-ын Дэд дарга доктор /Ph.D/, профессор Т.Бат-Эрдэнэ, ЕНБД С.Батбаатар, намын даргын зөвлөх, доктор /Ph.D/ Д.Амгалан нар оролцож “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдвийн хүрээнд ИЗНН-ын ахмад гишүүдийнхээ санал бодлыг сонсож, намд үүсээд байгаа асуудал, намын дүрмийн шинэчлэл, УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлуүүлэгт оролцогчид үгээ хэлж, санал бодлоо солилцов.

Тус намын гишүүн ИЗНН-ын үүсгэн байгуулагч анхдагчдын нэг Ч.Энхтуяа “Миний хувьд 2000 онд ИЗНН-ын үүсгэн байгуулалцсан, энэ намын ахмад зүтгэлтнүүдийн нэг. Улс төрийн намын хамтын шийдвэрийг тухайн намын дарга удирдлагууд ярих ёстой. Гэтэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар гэдэг хүн энэ намыг ганцаараа төлөөлдөг юм шиг ярих юм. Хэн ч байлаа гэсэн ганц хүн намыг төлөөлөх ёсгүй. Намын нэрийн өмнөөс ярих гэж байгаа бол намынхаа хорооны гишүүдийн хамтын шийдвэрийг гаргаж, тэрнийгээ ярих ёстой. Түүнээс биш ганц хувь хүн намаа төлөөлнө гээд яриад байж болохгүй” гэв.

Орхон аймгийн ИЗНН-ын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал хямралынхаа эцсийн нэг рүү оччихлоо. Улс төрийн хямрал намаас эхлэлтэй. Хүн хүүхэд ахуйгаас төлөвшдөг шиг улс төрийн намын төлөвшил их чухал. Төрд гарсан хүмүүсийн ёс зүй их чухал. Манай намын сүүлийн дарга Б.Батбаатар ИЗНН-ын гишүүдийн төлөө биш, хувийн ашиг сонирхолдоо ИЗНН-ын зарцуулаад, улс төрийн ашиг хонжоо болгоод дуусгахья гэсэн бодолтой юмуу гэж би боддог болсон. Б.Батбаатарын улс төрийн тухай ярьж байгаа, биднийг гүтгэж байгаа нь дандаа худлаа ярьж байх юм. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд хандаж хэлэхэд Б.Батбаатараас авсан, түүний ярьсан мэдээлэл дандаа худлаа байна шү гэдгийг хэлье” гэв.

УИХ-ын гишүүн, ИЗНН-н дарга Р.Батболд “Манай нам 2024 оны сонгуулиас хойш дарга төвтэй нам болчихсон, анхан шатны хороод руугаа чиглэсэн ажил явуулахаа байчихсан, нам хаалттай, дотоод ардчилал байхгүй болсон учраас бид Хангарьд жигүүр байгуулаад та бүхний ороцоотойгоор Онц их хурлаа хуралдуулж, намын даргаар би сонгогдож, намын дүрмийн өөрчлөлтийн асуудлаа хэлэлцээд шийдвэрээ Дээд шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх бидний илгээсэн Намын дүрмийн асуудлыг хэлэлцэхээр болсон нь та бидний амжилт юм. Дараагийн нэг ярих зүйл бол УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдэхээр явж байгаа. Миний бие, С.Замира гишүүний хувьд энэ асуудлыг хэлэлцэх нь зөв гэдэг байдлаар дэмжсэн. Учир нь төрийн түшээ хүн төрийн ордонд элдэв хараал хэлэх, ард түмэн рүүгээ дайрах ёсгүй гэсэн бодол төрж байгаа. Магадгүй энэ нь Монгол төрийн нэр хүндийг унагах гэсэн, нийгмэд төрөө дээдлэх үзлийг алдагдуулах үйлдэл гэж харж байгаа” гэлээ.

ИЗНН-ын Дэд дарга доктор /Ph.D/, профессор Т.Бат-Эрдэнэ “Бид хэдхэн хоногийн өмнө наран ургах зүүн аймгуудад очиж, энэхүү зөвлөгөөн, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Зүүн аймгуудад хийсэн хэлэлцүүлгийн үргэлжлэл, давалгаа болгоод өнөөдөр Улаанбаатар хотдоо энэ зөвлөгөөнийг хийж байгаа. Энэ зөвлөгөөний дараа бид баруун аймаг, төв аймгууд руу хэлэлцүүллэгээ үргэлжлүүлээд явна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд болоход ерөөсөө жил хүрэхгүй хугацаа үлдлээ, 2028 оны УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байна. Ийм цаг үед бид юу харж байна вэ гэвэл бид зүгээр нэг лоозогнож, эрх мэдэл рүү улайран зүтгэж, түүний тусгалаар намыг босгоно гэдэг буруу ойлголттой байж болохгүй. Үүний оронд буцаад хөрсөн дээрээ буугаад, жирийн гишүүдээ сэрээгээд, улс орныхоо хөгжлийн төлөө гэсэн сэтгэлийг нь дэмнэж өгөх юм бол ИЗНН эргээд нийт сонгогчдын 10-20 хувийн итгэлийг дааж сонгогдох боломж байна гэдгийг бид нотлох гээд байгаа юм шүү” гэж илтгэлдээ онцлон хэлэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар ИЗНН-ын гишүүдийн оролцсон өнөөдрийн хэлэлцүүлгээр “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдвийн хүрээнд нийтэд хандсан уриалга гаргаж байгааг уншиж танилцууллаа.

Уриалгыг та бүхэнд хүргэе…

УРИАЛГА

2026 оны 04 дүгээр сарын 26 Улаанбаатар хот

Монгол улсад улс төрийн намуудын төлөвшил, ёс зүйн хариуцлага, засаглалын чадамжийг шинэ шатанд гаргах түүхэн шаардлагыг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намаас зохион байгуулсан “Намын шинэчлэл ба Улс төрийн ёс зүй” хэлэлцүүлэгт оролцогчид бид санал нэгтэйгээр энэхүү уриалгыг гаргаж байна.

Улс төр бол зөвхөн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн биш, харин ард түмний итгэлцэл дээр суурилсан хариуцлага, ёс зүйн үйл хэрэг байх ёстой. Өнөөдөр нийгэмд улс төрийн институцид итгэх итгэл суларч, хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байгаа нь төрийн дархлааг сулруулж байна.

Иймд бид дараах зүйлсийг УРИАЛЖ байна:

Нэг. Намын шинэчлэл ба Дотоод ёс зүй

Улс төрийн намууд зөвхөн сонгуулийн машин байхаас татгалзаж, үзэл баримтлалдаа үнэнч, ёс зүйн хатуу дүрэмтэй, бодлогын институт болон шинэчлэгдэхийг уриалж байна. Намын гишүүд болон нэр дэвшигчдэд тавих ёс зүйн шалгуурыг өндөрсгөж, хариуцлага алдсан тохиолдолд улс төрийн дэмжлэгээс татгалзах соёлыг хэвшүүлэх хэрэгтэй.

Хоёр. Сонгогчдын хяналт ба Эгүүлэн татах хууль

Сонгогдсон төлөөлөгч нь ард түмний итгэлийг алдсан, хууль бус үйлдэл гаргасан, ёс зүйн алдаа дутагдал гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох бодитой механизм шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн барьсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийг Иргэний Зориг Ногоон Намын зүгээс бүрэн дэмжиж байна.

Гурав. Улсын Их Хуралд хандах нь

Улсын Их Хуралд суудалтай нийт намууд болон гишүүдийг хувийн болон намын явцуу эрх ашгийг хойш тавьж, ард түмний засаглах эрхийг баталгаажуулсан “Эгүүлэн татах хуулийн төсөл”-ийг нэн яаралтай хэлэлцэн батлахыг уриалж байна. Энэхүү хууль нь улс төрчдөд “халдашгүй дархан байдал” биш, харин “өндөр хариуцлага” хүлээх сануулга болох ёстой.

Дөрөв. Иргэний нийгэмд хандах нь

Ардчилсан тогтолцооны амин сүнс нь иргэдийн хяналт юм. Тиймээс нийт иргэд, олон нийтийн байгууллагуудыг улс төрийн ёс зүйн шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хариуцлагатай төр, ёс зүйтэй улс төрийг хамтдаа цогцлоохыг уриалж байна.

Ёс зүйтэй төр – Хариуцлагатай иргэн – Тогтвортой хөгжил!

“Намын шинэчлэл ба Улс төрийн ёс зүй” хэлэлцүүлэгт оролцогчид…

2026.04.26

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, …