Дэлхий дахинд төдийгүй Монголд хурдацтай хөгжиж буй дартсын спортыг монголчуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс фестиваль” манай улсад хоёр хоногийн дараа буюу энэ сарын 14-нд эхэлнэ.
Тус фестивальд гадаадын олон шилдэг тамирчин оролцохоор Монголд хөл тавьж байгаа юм. Тэдний нэг дартсын ертөнцийн домог, Сингапурын алдарт тамирчин Паул Лим Монгол Улсад иржээ. PDC, BDO, WDF зэрэг томоохон холбоонд 40 гаруй жилийн турш өрсөлдсөн 72 Паул Лимийг домогт тамирчин гэдгийг дартсын спортынхон дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлхий даяар нэр хүндтэй болсон энэхүү тоглогч нь Сингапураас гаралтай бөгөөд хэдийгээр нас 70 гарсан ч өнөөдрийг хүртэл тэмцээнд өрсөлдөж, залуу тоглогчдод үлгэр дууриал болж явна.
Паул Лим анх 1980 оноос олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 1990 онд BDO World Championship дээр “төгс лег” (9 dart finish) хийсэн анхны тамирчин болж байв. Энэ нь ДАШТ-ий түүхэнд анхны 9 сумаар дуусгасан лег байсан бөгөөд дартсын спортын хөгжлийн нэг бэлгэ тэмдэг болсон юм. Тэрбээр олон улсын тэмцээнд олон орны нэрийн өмнөөс оролцсон цөөн тамирчдын нэг. Тухайлбал, АНУ, Сингапур, Хонконг зэрэг орны нэрийн өмнөөс дэлхийн томоохон тэмцээнд оролцож байв. Тэр “Нас биш, харин хүсэл тэмүүлэл л хүний хязгаарыг тодорхойлдог” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан бөгөөд түүний амжилт, сэтгэл зүрхээрээ тоглох чанар нь сая сая шүтэн бишрэгчид, залуу тамирчдад урам зориг өгсөөр байна.
Тиймээс алдарт тамирчин Монголд дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Дартс фестиваль”-ийн тайзнаа гарахаар манай улсад хөл тавьсан нь энэ. Паул Лим манай улсад дөрөв дэх удаагаа ирж байгаа юм. Түүний хувьд BDO World Darts Championship-ын тайзнаа есөн сумны гараа хийн түүх бүтээсэн, Мөн 2024 оны WDF Lakeside ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна PDC Азийн цуврал тэмцээнд хоёр удаа түрүүлж байжээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

