Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” тогтоол баталсан.

Дээрх тогтоолын хүрээнд таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дундговийн Сайнцагаан, Булганы  Орхон, Өвөрхангайн Хархорин суманд тус бүр 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 МВт нарны станц, 15 МВт/40 МВт.ц батарей хуримтлуур барих аж. Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу 12 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласан аж. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулна. Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа байршуулжээ. Бүртгэлийг зургаадугаар сарын 15-нд хаана.

Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудтай  өнөөдөр уулзаж, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстой. Нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Байгаль орчин 7 мин Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна. 2026 оны дөрөвдүгээр сарын …