Дэлхий эрүү шүүлттэй тэмуэгчдийг хамгаалж байна, харин манайд…

“Хэрэг хүлээлгэх нэрээр хүнийг адгууснаас дор хувь заяанд унагах нь шударга ёсыг тогтоож буй хэрэг биш, харин хууль цаазын тогтолцоо өөрөө гэмт хэрэгтэн болохын эхлэл.”

Хүн төрөлхтний түүхийн шарласан хуудас, хүн гэдэг бодгал, төрөл нэгтнээ хэрхэн тамлан зовоож, харгислан шийтгэж, нэр төр, эрх чөлөөг нь ямар хэрцгийгээр боомилон гутаадаг тухай баримтуудыг гэрчлэн хэдэн зуун, мянганыг өртөөлөн туулсаар өнөө цагийн бидэнд иржээ. Дундад зууны Европын чулуун ханатай, харанхуй хүйтэн шорон, Манж Чин гүрний үеийн есөн эрүү, Инквизицийн шүүх, ХХ зууны хэлмэгдүүлэлтийн хар дарсан он жилүүд, дарангуйллын дэглэмүүдийн нууц хорих лагерууд. Эдгээр тамлан зовоох арга, шорон гяндан өөр, өөр цаг үе, нийгэмд байсан ч бүгд нийтлэг нэг л зорилгыг агуулна. “Эрх мэдэл” ийм газруудад айдас үйлдвэрлэж, сүр хүчээ зарлан тунхаглаж, хүний хүсэл зориг, итгэл үнэмшлийг нухчин дарж байв. Хэдийгээр энэ бүхэн аймшгийн киноны үйл явдал мэт уншигдаж байвч хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүхийн бодит үнэн. Хүн төрөлхтөн  шударга, хүмүүнлэг нийгэм байгуулах урт удаан замд хар дарсан зүүд шиг аймшигт түүхийг туулж, тэмцсээр ирсэн. Гэхдээ энэ тэмцэл дуусаагүй одоо ч үргэлжилсээр л байгаа.

XXI зууны хүмүүнлэг нийгмийн эрх чөлөөт иргэд бид эрүүдэн шүүх гэдэг ойлголтыг харанхуй балар дундад зууны түүх учраас хүн төрөлхтөн аль хэдийн ардаа орхисон, эргэж дурсах ёсгүй гашуун үнэн гэж дүгнээд өнгөрөх нь элбэг. Өнгөрсөн үеийн түүхэн бодит үнэнийг бид өнөөдрийн ёс суртахууны хэмжүүрээр шүүн тунгаадаг учраас тэр. Тэгвэл бид андуурч байгаа хэрэг. Андуурч бодоод байгаа учраас эрүүдэн шүүх, тамлан зовоох үйл явц хэлбэрээ өөрчлөн эрх мэдэл ноёрхсон, олон нийтийн хараа хяналтгүй хаалттай орчинд оршсоор байгаа. Магадгүй энэ үйл явц үргэлж цоожтой хаалганы цаана эрх мэдэлтний хяналтад өрнөдөг учраас олон нийт ойлголттой болж чаддаггүй байх.

Зөв ойлголт хамгийн хүчирхэг дэмжлэг

Тэгэхээр эрүүдэн шүүхийн талаар олон нийт мэдэх ёстой. Бид үүнийг зөвхөн өнгөрсөн үеийн харгис түүх гэдгээр нь хүлээж авсаар байж болохгүй. Тэр алга болоогүй. Зөвхөн зүсээ хувиргаж, хэлбэрээ өөрчилсөн. Урьдны бурангуй нийгэмд хүнийг эрүүдэн шүүж бие махбодыг өвтгөн тарчлаадаг байсан бол өнөөдөр хүний сэтгэл зүй, нэр төр, нийгмийн оршихуйг нь онилох болсон. Гав гинж, ташуур, дөнгө, тамлан зовоох өрөө бүхий шорон гяндан үгүй болсон ч айдас төрүүлэх, гутаан доромжлох, ад үзэн тусгаарлах, тасралтгүй дарамтлах хэлбэрээр хүнийг эрүүдэн шүүсээр байна. Хүний биед үлдсэн шарх сорви эдгэрч болдог бол сэтгэлд үлдсэн сорви заримдаа насан туршид  арилдаггүй. Францын философич Мишель Фуко эрх мэдлийн хувьслыг маш ойлгомжтойгоор “Дундад зуунд төр хүний биеийг захирдаг байсан бол орчин үед хүний ухамсар, зан үйл, бодол санааг захирдаг болсон” хэмээн тайлбарлан бичсэн байдаг. Түүний ажиглалт өнөө цагийн хүчирхийллийн мөн чанарыг ойлгох түлхүүр болж чадна.

Эрүүдэн шүүх процесын талаар анхан шатны ойлголт авч мөн чанарыг нь мэдэхийн тулд бие махбодын өвдөлт, тарчлалыг ярихаас гадна хууль эрхзүйн хувьд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг сөхөж харах хэрэгтэй болно. Мэдээж мэргэжлийн хуульчийн хэмжээнд мэдлэгтэй бол гээгүй л дээ. Тус конвенцод “Төрийн албан тушаалтан, эсвэл түүний зөвшөөрөл, дэмжлэгтэйгээр хэн нэгнээс мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, шийтгэх, айлган сүрдүүлэх, ялгаварлан гадуурхах зорилгоор бие махбодын болон сэтгэл санааны хүчтэй шаналал учруулахыг эрүү шүүлт гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ тодорхойлолтоос эрүүдэн шүүх процесын цаана орших эрх мэдэл ба зорилго уншигдана. Өөрөөр хэлбэл уур хилэнгээ барьж дийлээгүй нэгний нөгөөдөө үзүүлсэн үйлдэл, хүчирхийлэлийг эрүү шүүлт гэж хэлээгүй. Харин төрийн нэрийн өмнөөс, төрийн эрх мэдлийг ашиглан, хамгаалах үүрэгтэй иргэнийхээ эсрэг үйлдэж буй хүчирхийлэлийг эрүү шүүлт үзүүлсэн гэж үзэж байгаа юм. Үүгээрээ эрүү шүүлтийг бусад төрлийн хүчирхийллээс ялгаж өгдөг хамгийн гол шинж нь бие махбодын тамлан зовоохоос илүү эрх мэдлийн дарангуйлал гэдгийг тодорхойлж өгсөн. Иргэнийг аюулаас хамгаалах ёстой субъект өөрөө аюул болох тэр мөчөөс эрүү шүүлтийн асуудал эхэлнэ.

Хүчирхийлэл хаана ч гарч болно. Энэ бол өөр асуудал. Харин эрүү шүүлт үйлдэгч этгээдийн гарт төрийн эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх бүрэн эрх, албан тушаалын давуу байдал зэрэгцэн оршдогт байгааг дээр өгүүлсэн. Одоо илүү өргөн хүрээнд авч үзье. Төрийн эрх мэдлийг ашиглан бусдын эрх чөлөө нэр хүндэд халдвал төр, иргэний хооронд тогтсон итгэлцлийн гэрээг эвдэж буй үйлдэл гэсэн үг. Ингэхээр нэг эрх мэдэлтний үйлдлээр иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй институт буюу төр өөрөө түүнийг зөрчигч болон хувирч байгаа биз. Асуудал ганц хүний буруугаас хальж төрийн хариуцлагын асуудал яригдах болж таарна. Иргэд энэ бүгдийг мэддэг болох нь эрүү шүүлттэй тэмцэх хамгийн том дэмжлэг.

Хүчирхэг төрийн харизм иргэнээ айлгах чадвараар бус, хамгаалах чадвараар хэмжигддэг

Улс орны соёл иргэншлийн түвшинг эрх мэдэлтнээ хэрхэн хамгаалж байгаагаар бус, сул дорой, эрхээ хязгаарлуулсан нэгнээ хэрхэн хамгаалж байгаагаар хэмждэг. Хууль зөвхөн гэмгүй хүнийг хамгаалах зориулалттай тогтолцоо биш. Ардчилсан нийгэм төрийн эрх мэдлийг хэн нэгэнд олгоод зогсдоггүй. Түүнийг хянах, хариуцлага тооцох механизмыг зэрэг бий болгодог. Эрх мэдэлд хязгаар тогтоож, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох бие даасан тогтолцоо байхгүй бол төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа хяналтаас гарч болзошгүй. Энэ шаардлагын улмаас Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгосон юм. Байгууллага оршин тогтнож байх нь эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэдийн эрхийг хамгаалж, Төрийн хууль дээдлэх зарчмыг баталгаажуулж буй хэрэг юм. Төрийн хүч чадал хяналтгүй эрх мэдэлд бус, харин өөрийгөө хууль, хяналт, хариуцлагад захируулж чаддагт ардчилсан нийгмийн үнэт зүйл оршдог. Эртний Ромын сэтгэгч Цицерон “Төрийн хүч хуульд захирагдах үед эрх чөлөө оршин тогтнодог” хэмээн өгүүлсэн байдаг даа.

Олон улсын эрх зүй эрүү шүүлтийг ямар ч нөхцөлд зөвтгөж үл болох туйлын хоригт хамааруулдаг. Дайны байдал, терроризмын аюул, онцгой нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдлын шалтгаан гээд юу ч энэ хоригийг хүчингүй болгож чаддаггүй. Учир нь хүний түгээмэл эрхийг ганцхан удаа ч болов түр түдгэлзүүлж болно гэж зөвшөөрсөн нийгэм дараагийн удаа өөр хэн нэгний эрхийг зөрчихөө хязгаарлаж чаддаггүй. Эрүү шүүлтийг таслан зогсоохын тулд ял шийтгэлийг чангаруулах нь төдийлөн хангалттай үр дүн үзүүлдэггүй. Үүнийг мөрдөн байцаах үйл явц дээр жишээ авахад яг тохирно. Мөрдөн байцааж, хэргийн үнэн зөвийг олж тогтооход эрүү шүүлтийн арга хэлбэрийг ашиглахаас илүү нотлох баримтаар үнэн зөвийг олж тогтоодог тогтолцоог бий болгох. Орчин үеийн криминалистик шинжлэх ухаан, дижитал мөрдлөг, шүүхийн шинжилгээ, нотлох баримтад суурилсан мөрдөн шалгах арга технологи хөгжихийн хэрээр хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэх арга үгүй болж байна. Харин эрүүдэн шүүх замаар мэдүүлэг авахыг мөрдөн шалгах ажиллагааны хамгийн дөт арга гэж үзсээр байвал мэргэжлийн ур чадвар хөгжихгүй, үнэн ч тогтоогдохгүй. Хүний эрх ч мөн зөрчигдсөөр л байх болно.

 Эрүү шүүлтээр Үнэн тогтоогддоггүй

Хүн төрөлхтний түүхийн туршид эрх мэдэлтнүүд эрүү шүүлтийг үнэнийг хурдан тогтоох арга хэмээн зөвтгөхийг оролдсоор ирсэн. Монголчууд бидэнд ч ийм гашуун сургамж хангалттай бий. Гэхдээ энэ нь зөвхөн эрх мэдэлтний өнцгөөс харагддаг төөрөгдөл байв. Түүх түүнийг дахин дахин няцаасан. Эрүү шүүлт үнэнийг тогтоодоггүй гэдэг ойлголт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох хүртэл олон зуун жил түүхийн урт ээдрээт замыг туулсан. Өнөөдөр “Инквизици” гэхээр хүмүүсийн санаанд шууд л тамлан зовоолт, галд шатаагдах гэмгүй нэгэн, харанхуй шорон гяндан төсөөлөгддөг. Гэтэл энэ нэр томьёо өөрөө анхнаасаа харгислалын утга агуулаагүй байжээ. Латин хэлний inquisitio буюу “эрэн сурвалжлах”, “лавлан шалгах”, “мөрдөн байцаах” гэсэн утгатай үгнээс гаралтай. “Инквизици” үнэн мөнийг тогтоохын тулд мэдээлэл цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах үйл ажиллагааг илэрхийлдэг байсан юм. Харамсалтай нь түүхийн явцад үнэнийг эрэн сурвалжлах ёстой энэ тогтолцоо үнэнийг хамгаалах бус, эрх мэдлийг хамгаалах хэрэгсэл болон хувирсан юм. XII-XIII зуунаас эхлэн энэ ойлголт Католик сүмийн дэргэд байгуулагдсан тусгай мөрдөн шалгах тогтолцоотой холбогдсоноор өнөөдөр бид жишээ татан, жигшин өгүүлэх түүх бичигдэж эхэлжээ. Тухайн үед Европын нийгэмд шашныг хувь хүний итгэл үнэмшил гэхээс илүүтэй төр, хууль цааз, нийгмийн дэг журмын үндэс гэж үзэж байсан учир тэрс үзэл, өөр сургаал номлолыг шашны бус, нийгмийн тогтвортой байдалд заналхийлж буй аюул хэмээн ойлгож байв.

Бид Инквизицийн түүхээр үнэн мөнийг тогтоох зорилготой байсан тогтолцоо хэрхэн аажмаар өөрийгөө үнэний цорын ганц эзэмшигч гэж үзэх болсон бэ гэдгийг сануулах гэсэн юм. Тэнд төрийн үүргийг сануулах механизм гэж байгаагүй учраас Инквизицийн шүүхийн өмнө очсон хүн өөрийгөө зөвтгөх бус, урьдчилан тогтоогдсон, эрх мэдэлтний хүссэн үнэнийг дагах ёстой байв. Энэ бол хүн төрөлхтний түүхээс авч болох хамгийн чухал сургамжуудын нэг. Түүхч Эдвард Питерсийн хэлснээр Инквизици бол “хүний үзэл бодлыг хянах төрийн анхны томоохон институцчилсэн оролдлогуудын нэг” байв. Өөрөөр хэлбэл тэд хүний үйлдлийг бус, бодол санааг нь шүүж эхэлсэн гэсэн үг. Энэ нь өнөө цагийн нийгэмд эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолтой төстэй.

Дижитал ертөнц бий болж, хэрэглээ нь өдөр ирэх тусам ихэссээр байна. Энэ ертөнцөд хүний хийсэн үйлдлээс илүү юу бодож, юуг дэмжиж, ямар байр суурь илэрхийлж байгаа нь олон нийтийн маргааны төвд оршсоор байгааг бид мэднэ. Цахим орчин олон нийтийн шинэ цаазын тавцан болж хувирсан тухай ярихгүй өнгөрч болохгүй. Дундад зуунд хүнийг олны цугладаг нийтийн талбайд авчран шонд хүлж, гутаан доромжилдог байсан бол өнөөдөр сошиал сүлжээ тэр талбайн үүргийг гүйцэтгэж байна. Хэн нэгний талаар худал мэдээлэл тараах, зохион байгуулалттайгаар нэр төрд нь халдах, олон мянган хүний өмнө гутаан доромжлох байдлаар бие махбодод нь шарх үлдээхгүйгээр нийгмийн оршихуй, нэр хүндийн хувьд бүрэн сүйрүүлэх чадал шид цахим орчинд бүрэлдсэн. Цахим орчин мэдээлэл түгээх хамгийн том талбар болсон шигээ хүнийг яллах, гадуурхах хамгийн том шүүх танхим болж хувирсан.

Төрийг “өөрөөс нь” хамгаалах механизм

Энэ бүх асуудлын эсрэг зогсох нь ганцхан хүний эрх хамгаалах тухай ойлголт биш. Дээр дурдсан Төрийг хуульд захирагдсан хэвээр байлгах, Төрийг өөрөөс нь хамгаалах, эрх мэдлийг үнэнээс том болохыг зөвшөөрөхгүй байх тухай, ардчилал, эрх чөлөө, хүний нэр төрийн төлөөх тэмцэл. Энэ зорилгын төлөө дэлхий дахинд бий болсон хамгийн үр дүнтэй арга замын нэг нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тогтолцоо. Эрх мэдлийг хяналттай байлгах хамгийн найдвартай арга нь үйлдэгдсэний дараа шийтгэхээс илүүтэй, үйлдэгдэх боломжийг нь хязгаарлахад оршдог гэдгийг хүмүүс ойлгосон. Монгол Улсад Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны баг энэ зарчмын хүрээнд ажиллаж, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүн бүрийн эрхийг ялгаварлалгүй хамгаалах, төрийн эрх мэдэл хууль, хүний эрхийн хүрээнээс халихгүй байх баталгааг бэхжүүлэхийн төлөө үүрэг хүлээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэхдээ тэдэнд ч бас эрх бий. Дэлхий эрүүдэн шүүхийн эсрэг тэмцэл өрнүүлэгчдийг хамгаалах арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсээр, хэрэгжүүлэхийг шаардсаар байгаа. Учир нь тэдний эсрэг талд “Эрх мэдэл” зогсож байдаг.

Эрүүдэн шүүх болон бусад хэрцгий, хүнлэг бус буюу хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцод нэмэлт протокол гэж бий. Энэхүү протоколын 21 болон 35 дугаар зүйлд өөр хоорондоо харилцан хамаарал бүхий хоёр баталгааг зааж өгсөн байдаг. Энэ нь Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг мандатаар олгосон бүрэн эрхээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх, үүний төлөө учирч болох аливаа сөрөг үр дагавраас хамгаалах үндсэн зарчим нь болдог юм. Нэмэлт протоколын хэрэгжилтийн талаарх гарын авлагад эдгээр баталгааны агуулгыг  дэлгэрүүлэн тайлбарласан байдаг.

Тухайлбал, “Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын гишүүдийг дур мэдэн баривчлах, цагдан хорих, хувийн эд хөрөнгө болон албан ажлын материал, баримт бичгийг хураан авах, шалган мөрдөх, түүнчлэн харилцаа холбооны нууцлалд халдах зэрэг аливаа хэлбэрийн хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах шаардлагатай” хэмээн үйл ажиллагааг нь хараат бус байлгах шаардлагтайг онцолсон байдаг. Дээр нь гишүүдийн эрхийг “Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын гишүүд нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд төдийгүй бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ч өөрсдийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад хэлсэн үг, гаргасан санал, дүгнэлт, бичсэн баримт бичиг болон үйл ажиллагаатай нь холбогдуулан хууль зүйн хариуцлага хүлээлгэх, шүүхийн болон бусад эрх зүйн ажиллагаанд татан оролцуулахгүй байх халдашгүй эрх эдлэх ёстой” гэдэг заалтаар батлан хамгаалсан байна. Энэ баталгааг хувь хүнд олгож буй давуу эрх гэж харахаас илүү механизмыг хараат бус, үр нөлөөтэй ажиллуулахад чиглэсэн институцийн хамгаалалт гэж үзэж болно.

Эцсийн дүндээ эрүү шүүлтийн эсрэг тэмцэл гэдэг ганц байгууллага, ганц албан тушаалтны ажил биш. Энэ бол төр, иргэн хоёрын хооронд байгуулсан итгэлцлийн гэрээг хамгаалах замаар Төрийг өөрөөс нь хамгаалах механизм юм.  Хүний эрх, эрх чөлөө хэний ч өмнө үнэ цэнээ алдахгүй байх үед л хууль ёс оршин тогтнож, шударга ёс амь бөхтэй үлдэнэ. Төр үнэнийг эзэмшдэг бус, үнэнийг эрж хайдаг хэвээр байх нь ардчилсан нийгмийн хамгийн том баталгаа мөн.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот хэзээ улиасны унгарилаас салах вэ?

Жил бүрийн өдийд Улаанбаатар хот яг л өвлийн их цас орсон мэт цагаан хөвөнд дарагддаг. …