Дэлхий нийтийн өмнө тулгардаг аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зэвсэгт мөргөлдөөн, терроризмын эсрэг хамтдаа тэмцэх, улс орнуудын туршлага солилцох, судалгаа шинжилгээ хийх, заавар зөвлөмж гаргах, томоохон сургалтуудыг зохион байгуулах, АНУ, Европын холбооны улсуудын улс төрийн нэрт зүтгэлтнүүд, батлан хамгаалах, зэвсэгт хүчний генералуудыг урьж, лекц уншуулах зэргээр өргөн далайцтай ажилладаг Жорж Маршаллын нэрэмжит Аюулгүй байдлыг судлах Европийн төв нь ХБНГУ-ын Мюнхен хотноо байрладаг.
БХЯ-ны БХЗГ-ын Зэвсэглэл, техникийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батбаяр 2011 онд энэхүү төвд “Аюулгүй байдлыг гүнзгийрүүлэн судлах” сэдвийн хүрээнд дөрвөн сарын сургалтанд суужээ. Тэрбээр дээрх сургалтын материалууд болон өөрийн сонирхон судалсан баримтууд, тус төвөөс эрхлэн гаргаж, тусгайлан сургалтанд хамрагдсан гишүүддээ тогтмол илгээдэг “Терроризмын эсрэг шинэ сэтгүүл”-ийнхээ дугааруудыг энэ талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг БХИС-д шилжүүлэн өгөх хүсэлтээ илэрхийлсний дагуу өчигдөр Удирдлагын академийн багш, дэд хурандаа Ц.Бат-Орших хүрэлцэн ирж, энэхүү “номын өглөг”-ийг хүлээн авлаа. Энэхүү сургалтын материал, судалгааны бүтээл, сэтгүүл нь терроризмын аюулын эхний харанга, сануулга сонсч эхэллээ гэгдээд буй манай орны батлан хамгаалах, аюулгүй байдлын сургалт, оюутан сонсогчдод шинэлэг агуулга бүхий хичээлийн чухал гарын авлага болох нь дамжиггүй.