Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо чуулж байна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн далбаа болон НҮБ-ын далбаа мандуулах ёслолоор албан ёсоор эхэллээ.
Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон НҮБ-ын төлөөлөл, дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл оролцов. Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо чуулна.
Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, ус, хүнс, иргэдийн амьжиргаа, эдийн засаг, эрүүл мэнд, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн цогц сорилт болохыг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж буйг дурдаад газрын доройтлыг тэглэх үндэсний зорилт, бэлчээрийн тогтвортой менежмент, ой, ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж буйг танилцуулсан юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих бус, экосистемийг нөхөн сэргээх, хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах урт хугацааны зорилготой гэв.
“COP17” нь өмнөх амлалт, шийдвэрүүдийг давтах бус, хэрэгжилтийг хурдасгаж, бодит үр дүнд хүрэх шийдлийн индэр байх ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл болгон хэрэгжүүлэхийг уриаллаа.
Түүнчлэн бэлчээрийг зөвхөн доройтож буй газар нутаг бус, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг, хүнс, байгаль, малчдын амьжиргааг холбосон чухал экосистем хэмээн үзэж, бэлчээрийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлт, малчдын оролцоог дэлхийн бодлогын түвшинд ахиулах шаардлагатайг хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон чөлөөлөлт” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг өргөжүүлэх, ногоон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Тухайлбал, энэ зун хувийн хэвшилтэй хамтран цахилгаан автомашин түргэн цэнэглэх 60 станц байгуулсан нь ногоон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чухал эхлэл болж байгааг онцлов.
Дэлхийн хэмжээний энэхүү чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй нь нийслэлийн ногоон хөгжил, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын сайн туршлага, шинэлэг технологи, хөрөнгө оруулалттай уялдуулах чухал боломж болж байна.
“Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдаж буй “COP17” энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл