Screenshot

The HU Монгол рокийг дэлхийд хүргэж байна

Монголын хүннү рок урсгалыг дэлхийн хөгжмийн тайзнаа таниулсан “The Hu” хамтлаг байгуулагдсанаасаа хойш 10 жилийг ардаа өнгөрүүлжээ.

Энэ хугацаанд Монголын уламжлалт хөгжим, морин хуур, хөөмий, хархираа зэргийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан Хүннү Рок гэх цоо шинэ урсгалыг бүтээж, дэлхийн олон орны сонсогчдод хүргэж, олон улсын томоохон тайз, фестивалиудад тоглон, Монголын хөгжмийн өв соёлыг дэлхийн рок хөгжмийн ертөнцөд таниулсаар ирсэн юм.

The HU хамтлаг хамтлагийнхаа 10 жилийн ойг тохиолдуулан гурав дахь студийн “HUN” цомгийг танилцуулж, эх орондоо “Wolf Totem | World Premiere” тоглолтоо наймдугаар сарын 8-ны өдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд хийж олон мянган үзэгчтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Ийнхүү Монгол дахь тоглолтынхоо дараа хамтлаг шинэ цомгийн уран бүтээлүүдээ олон улсын сонсогчдод хүргэхээр наймдугаар сарын 20-нд АНУ-ын Флорида мужийн West Palm Beach хотын iTHINK Financial Amphitheatre-т тоглолтоо хийж, Хойд Америкийн аялан тоглолтоо эхлүүллээ.

Тэдний дараагийн зогсоол 21-нд Флорида мужийн Tampa хотын MIDFLORIDA Credit Union Amphitheatre-т 18:15 цагт эхлэхээр товлогдсон байна.

Хойд Америкийн аялан тоглолтын дараа Их Британи болон Европын орнуудаар “Warrior Chant Tour” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Энэхүү аялан тоглолт 9-р сарын 29-нд Glasgow хотноо эхлэх бөгөөд Францын неофолк хамтлаг SKALD тусгай зочноор оролцоно. Аялан тоглолт есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилж, Европын хэд хэдэн орны хотуудаар аялах юм.

Тэдний энэхүү аялал нь зөвхөн шинэ уран бүтээлүүдээ олон улсын сонсогчдод хүргэхээс гадна Монголын язгуур хөгжим, өв соёлыг дэлхийн хөгжмийн тайзнаа үргэлжлүүлэн таниулах чухал үйл явдал болж байна.

Н. Энхтуул

Санал болгох мэдээ

“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар …