Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктория Делмон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах стратегийн ач холбогдол бүхий “100 МВт чадалтай, 400 МВт.цагийн багтаамжтай цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем” байгуулах төслийн санхүүжилтийн боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Төслийг Улаанбаатар хотоос зүүн урагш 50 орчим км зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 10.2 га талбайд, улсын төсвийн бус эх үүсвэр буюу төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсын санхүүгийн бусад хэрэгслийг ашиглан хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2027 он бол нийслэлийн төсвийг бодитой төлөвлөж, тулгамдаж буй асуудлуудаа оновчтой шийдвэрлэх чухал жил. Тиймээс төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэд, бизнес эрхлэгчдийнхээ саналыг тусгаж, төсвийн бус санхүүжилтийн боломжуудыг түлхүү ашиглахыг зорьж байна. Агаарын бохирдлыг бууруулах, өвлийн улиралд эрчим хүчний оргил ачааллыг давах богино хугацааны шийдлүүдэд анхаарч байгаа. Харин урт хугацаандаа орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ. Мөн эрчим хүчний салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурын төслүүд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд хэрэгжүүлэх 100 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын төслийн санхүүжилт болон хэрэгжилтийг шуурхай шийдвэрлэхэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна” гэв.

Олон улсын санхүүгийн корпорацын зүгээс өмнө нь Улаанбаатар хоттой энэ төрлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн тул дахин хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Мөн энэхүү төсөл нь зөвхөн өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэхээс гадна цаашид эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Энэхүү төсөл нь цахилгааны хэрэглээ багатай үед эрчим хүч нөөцөлж, хэрэглээ огцом нэмэгддэг өдөр, оройн оргил ачааллын үед хуримтлуулсан эрчим хүчээ сүлжээнд буцаан нийлүүлэх ач холбогдолтой. Ингэснээр:

  • Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дэмжиж, нэмэлт эрчим хүч нийлүүлнэ.
  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцвэрийг хангаж, сүлжээний давтамжийг тогтворжуулна.
  • Эрчим хүчний чадлын нөөц бүрдүүлнэ.
  • Сэргээгдэх эрчим хүчний хэлбэлзлийг тэнцвэржүүлнэ.
  • Цахилгаан тасарсан үед нөөцөлсөн эрчим хүчээ ашиглан цахилгаан хангамжийг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.11.18) Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж, Хууль …