ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс дахин шалгаж эхэллээ.
Түүнийг МИАТ-ийн хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байна. Өмнө нь түүнийг шалгах гэхэд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болж хэргийг түдгэлзүүлээд байсан юм. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос хоёр ч удаа Үндсэн хуулийн Цэцэд тавьж байсан боловч хүлээж аваагүй билээ. Уг нь мөрдөн байцаагчид өөрсдийн зүгээс шаардлагатай бүх л үйл ажиллагааг явуулж, Д.Сугараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа л үлдсэн юм.
Харин энэ удаад түүнтэй холбоотой хэргийг сэргээж дахин шалгахаар болж. Яах аргагүй баримт, нотолгоотой гэмт хэргийнх нь ул мөр ч илэрсэн учраас түүнтэй холбогдох хэрэг олон сараар саатаад байсан гэсэн үг. Харин одоо шалгах үндэслэл нь түүнийг ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ийн удирдлагуудтай хамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэл аж.
Ямартай ч Д.Сугар эл хэргээс сугарч үлдэхгүй нь тодорхой боллоо гэж зарим албаны хүмүүс хэлж байна.
Хэдийгээр өнөөдөр “МИАТ”-ийн экс удирдлагууд болон “Дайны эрсдлийн сан”-гийн мөнгийг хулгайлан завшсан хэрэгт холбоотой хүмүүс эдлэх ёстой ялаа авч, зарим нэг нь эдлэх учиртай ялаа ихээхэн хөнгөрүүлж чадсан нь ч энэ хууль бус шүүхийн үйл ажиллагаа хэзээ нэгэн цагт илэрч, ард түмний шударга шүүхийн өмнө зогсох нь тодорхой.
Тэгээд ч олон нийт тэднийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаагүй юм бол ингэж сүр дуулиан тарих хэрэг байсан юм уу гэж ч өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр байгаа.
Гэхдээ улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гол гэмт хэрэгтэн Д.Сугар өнөөдөр ямар ч ял зэмгүй малилзаад алхаж яваа нь шударга ёс мөн үү гэж асуух хүн ч олон байна.
Тухайн үед ТӨХ-оог толгойлж байсан энэ нөхөр хамгийн их оролцоотой, улсын өмчийг шамшигдуулсан нөхдөд боломж олгосон нь ч үнэний ортой. Товчхондоо “Тул загасыг нь бариагүй хэрнээ жижиг жараахайнуудад ял үүрүүлчихсэн”. Ер нь бол Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа маш олон өмч хувьчлалыг гувчуулж хувьдаа асар их хэмжээний ашиг олсон нь баримтаар дэлгэгдэж байсан. Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэр, ер нь Сэлэнгэ аймгийг дампууруулсан этгээд гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ийн Япон дахь зөвлөхөөр томилогдож, цалин авч байсан баримт байдаг.
Улмаар Япон, БНСУ-ын баячуудын амьдардаг хороололд хувийн орон сууц худалдан авсан, гэрээ хийж түлхүүрээ гардаж буй зураг нь нотлох баримт болж хэсэгтээ л шуугиулсан.
Уг орон сууцыг худалдан авах мөнгийг МИАТ-ийн экс удирдлага “угаасан” мөнгөнөөсөө шилжүүлж байсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа юм. Мөн Улсын цирк, “Говь” компанийн хувьчлал, “Монголросцветмет”-ийн мэдэлд байсан Баян-Өлгий аймаг дахь “Асгат”-ын мөнгөний орд гээд хууль бус хувьчлал бүхэнд Д.Сугарын нэр холбоотой. Харин хамгийн сүүлд гарсан дуулиан нь олны анхаарлын төвд байгаа “Хадгаламж” банкны хувьчлал, “Жаст” группийн удирдлагатай холбоотой асуудал юм. Энэ хүн Монгол Улсын хууль цаазаас илүү эрх эдэлдэг нь ямар учиртай вэ. Яагаад сар бүр цалингаасаа суутгал төлж, ирээдүйн амьдралаа чадан ядан баталгаажуулж хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байгаа биднээс толгой өндөр эрх ямба эдлэх ёстой вэ.
Ямартай ч түүний холбогдсон олон хууль бус үйлдэлүүдийн нэгээхэн хэсэг нь дээрх явдлууд. Гэхдээ тэр одоо шалгагдах боллоо. Хамгийн гол нь дахин сугарч үлдэх үү л гэдгийг л харах үлдэж байна. Хэрвээ бид алдаж оносон ч ардчиллын замаар 23 жил замнаж яваа нь үнэн л юм бол Д.Сугар шударга шүүхийн гадна үлдэх ёсгүй.
Р.Саруул