Бид “Цахим ертөнцөд цахиур хагалагчид” ярилцлагын буландаа энэ удаа фэйсбүүк хуудсанд 6461 гишүүнтэй “Тaste it” группын админ Артаньяныг урьж ярилцсанаа хүргэж байна. Тэрээр тогооч биш боловч хоолыг урлаг гэж боддог бөгөөд түүнээсээ тайвшралыг олж бусдад ч гэсэн хоол гэдэг бол зүгээр нэг идэх “зүйл” биш гэдгийг харуулах гэж хичээж яваа нэгэн юм.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Инженер мэргэжилтэй. Одоо “Нэпко” хэвлэлийн газарт редактор, зохиолчийн ажил хийж байгаа.
-Фэйсбүүк хуудсанд “Taste it” гээд хоолны групп нээгээд удаагүй байгаа. Яагаад хоолны групп нээх болсон бэ?
-Цэвэр хоббитой холбоотой. Сайхан хоол хийх, идэх, зургийг нь авах чинь их сонирхолтой шүү дээ. Манай Гамп бас ижил хоббитой байж таараад, бид хоёр нийлж “Taste it” группээ нээсэн.
-Группын уриа буюу залуусыг татах арга чинь их сонин санагдлаа. Уг нь муу хүн идсэн ээ гэдэг. Яагаад сайн хүн идсэн ээ гэж бичсэн бэ?
-Ер нь тэнгэр заавал цэнхэр байдаг гэсэн бодлоосоо татгалзаж чадвал сайн уран бүтээл гарна гэж боддог. Сошиал ертөнцөд ч бас сонирхолтой оршиж, уншигчтай байхын тулд хүн бүр өөр өөр арга стильтэй байдаг байх. Бидний хувьд “Сайн хүн идсэн ээ” гэдэг үгийг уриа болгосон нь үүний л нэг бяцхан хэлтэрхий байж магадгүй.
-Хоол хийх хоббитой гэж хэллээ. Таны хувьд хоол гэж юу вэ?
-Би анх 6-р ангидаа хоол хийж сурсан. Хамгийн эхлээд их усанд жаахан мах хийгээд хар шөл хийх гэж хөглөж байлаа. Түүнээс хойш хоол хийх сонирхолтой болсон гэхэд болно. Хүмүүс гоё кино үзэх ч юм уу ямар нэг зүйл хийгээд стресс нь тайлагддаг. Үүнтэй адил хоол хийгээд хамаг гунигаа хөөдөг ч юм уу, аз жаргалыг мэдэрдэг хүмүүс байдаг. Би тэдний л нэг. Амралтынхаа өдрүүдээр дэлгүүр орж хоолны материал цуглуулаад сайхан хоол хийхийн тулд 3-4 цагийг зарцуулдаг. Урд нь хоол хийх гэж гал тогоог “дэлбэлдэг “ байсан бол одоо өөр болсон. Гадаадад сурч байх хугацаандаа гал тогоонд ажиллаж байсан. Ер нь бол гал тогоонд ажиллана гэдэг бол хүнд эмх цэгцтэй хоол хийж сургадаг. Гэрийн тогоочоос өөр болгодог гэсэн үг. Одоо бол би өөрийгөө мэргэжлийн тогооч болсон гэж хэлэхгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд сайн хоол хийж чаддаг. Гал тогоонд олон хоол зэрэг гаргах болохоор нэг халбага, нэг сэрээ ч чухал байдаг. Тиймээс хоёр жил гал тогоонд ажиллахдаа эмх цэгцтэй байдлыг сурсан. Хоол бол миний хувьд стресс тайлах “эм” төдийгүй өөрөө гайхамшигтай урлагийн төрөл юм.
-Сүүлийн үед цахим ертөнцөд хоолны группууд олон болж байгаа. Хамгийн алдартай буюу олон хүмүүс мэддэг групп бол “Sweet Kitchen”. Тэгвэл танай группын онцлог давуу тал юу вэ?
-Нээгдээд удсан, архаг группүүд байна л даа. “Sweet Kitchen” бол тэдний нэг, ёстой л бүтээлч бүсгүйчүүдийн групп. Аль хэдийн гэрийн эзэгтэй нар болон бүсгүйчүүдэд танигдсан аварга том групп болж чадсан байна.
Манай “Taste it”-ийн онцлог гэвэл идэж , уух юм л бол юу ч хамаагүй орж болдог. Шар айраг, шар айрагны даруулга, зохистой хэрэглээний тухай ч постууд бий. Энэ дашрамд хэлэхэд “төрөөд” хоёр сар ч болоогүй байгаа шинэхэн группыг маань дэмжиж хамтран ажиллаж байгаа архагууддаа баярлалаа гэж хэлье.
-“Taste it” групп нээгдээд ийм богино хугацаа өнгөрсөн ч олон хүний мэддэг групп болсон байна шүү дээ. Танай идэвхтэй гишүүд, мөн админууд нь цахим ертөнцөд аль хэдийн танигдсан хүмүүс байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?
-Тийм байж магадгүй, үгүйсгэхгүй. Бусад хоолны группуудын хувьд нээгдээд удчихсан аль хэдийн 50-60 мянган гишүүнтэй болчихсон байгаа. Манай группын хувьд нээгдээд сарын хугацаанд тодорхой хэмжээний гишүүдтэй болсон. Гэхдээ олон мянган гишүүд л хамгийн гол нь шүү дээ.
-Танай группын зорилго юу юм бэ?
-Группээ анх нээхэд дан бууз хуушуур, хорхог боодог ордог байсан. Манай группын гол зорилго бол Монгол хоолыг баялаг болгох. Солонгосын хоолны рестарон баруун Европыг шуугиулж байгаа. Гэтэл Монгол хоол гэхээр бууз, чанасан мах, гурилтай шөл гэх мэтчилэн хоолнуудаа нэрлэдэг. Энэ байдлыг халж бид хоолныхоо төрөл зүйлийг баяжуулж Монгол хоол гэдэг чинь ийм олон төрөл байдаг гэдгийг гаргаж ирэх. Мөн манай группийн бас нэг ялгарах зүйл гэвэл хоолны харагдах хэлбэр нь юм. Таваглалт бол гоё байх хэрэгтэй. Түүнчлэн хүн ямар нэг баяр ёслол тэмдэглэх гэж байгаа бол гоё хоолтой газруудын мэдээллийг манай группээс орж харах боломжтой.
-Цаашдаа бусад групп шиг хоолны жороо оруулаад явах уу яаж хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Манай групп шинээр тогоочийн булан нээх гэж байгаа. Энэ нь ресторануудын ахлах тогооч болон хоолны мастеруудад зориулсан булан гэсэн үг юм. Бас группын уулзалтууд хийнэ. Манай уулзалт гэр бүлийн баяр, өдөрлөг хэлбэрээр явагдах болно. Тэнд группын гишүүн хэн ч ирж өөрийн гарын хоолооороо харилцан дайлалцаж, арга туршлагаа солилцож болно.
Хүн хэдий хийсэн хоолыг идээд “устгачих” хэдий ч эдгээр мастерууд хоолыг гайхамшиг болгож чаддаг төдийгүй хүмүүст мэдрүүлдэг.
-Зарим хоолны групп дээр гарсан хоолны материалууд эрэлт ихтэй байдаг. Энэ нь нэг талаараа бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон компаниудад сурталчилгаа болдог төдийгүй борлуулалтыг нь өсгөж өгч байна гэсэн үг. Ер нь цахим ертөнцөөр дамжуулж орлого олох боломжийг юу гэж боддог вэ?
-Цахим ертөнцөөр дамжуулж орлого олох боломж бол сүүлийн жилүүдэд нээлттэй болчихсон. Одоо үед бүх л төрлийн үйл ажиллагаа цахим ертөнцөөр явагдаж байна. Тэр битгий хэл улс төр ч үүнтэй хамааралтай болж байгаа. Гэхдээ бид орлого олох гэж группээ нээгээгүй. Тиймээс хэд хэдэн саналаас татгалзчхаад байгаа. Мөн манай группэд өдөрт хэдэн арван элдэв янзын сурталчилгаанууд орж гарч байдгийг та анзаарсан байх. Хэтэрхий их болоод ирэх юм бол бид арга хэмжээ авахаас биш, тэднийг зөнд нь орхидог гэж болно.
Зүгээр нэг хийсэн хөдөлмөрөө бусдаар үнэлүүлж түүнийхээ төлөө цалин авах хэрэгтэй. Цахим ертөнцөд өөрийнхөө сонирхлыг хөгжүүлээд бусдад үнэлэгдээд өөрийнхөө хөдөлмөрийн хөлсийг хүртээд явж байгаа мундаг залуус олон байгаа энэ бол өөрөө цахим ертөнцийн давуу тал.
-Таныг болон танай найзуудыг хамтраад цуйвангийн гуанз нээх гэж байна гээд жиргээгээр нэг шуугиад байсан. Энэ үнэн юм уу?
-Цуйвангийн гуанз нээх төлөвлөгөө аль хэдийн ажил хэрэг болоод явж байгаа. Санаа нийлсэн хэсэг нөхөд маань хамтран ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч нараа болон хэд хэдэн объект судалсан. Одоохондоо ажлын 80-90 хувийг нь гүйцэтгэсэн гэж ойлгож болно. Бүх юмаа бүрэн болгочхоод нээнэ. Цуйван бол Монгол үндэсний онцгой хоол шүү дээ.
Жиргээчдийн “цуурхал” үнэн бөгөөд цуйвангийн гуанз маань нээгдэнэ гэдгийг баттай хэлж байна. 2014 ондоо багтаагаад нээнэ.
-Таныг хоолноос гадна шар айраганд “дурлагч” гэдгийг хүмүүс мэднэ. Тэгвэл таныхаар соёлтой хэрэглээ гэж юуг хэлэх вэ?
– Миний хувьд шар айраганд “дурлагч” мөн. Яагаад ингэж шууд хэлж байна вэ гэвэл өөрийгөө соёлтой хэрэглэгч гэж боддог. Би “шар айраг ууцгаая” гэж уриалдаг нь цаагуураа “архи уухаа больё” л гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь соёлтой хэрэглээг бий болгох. Энэ ч утгаараа манай группт шар айргийн янз бүрийн даруулганы тухай багагүй ордог. Хүн алкохолны төрлийн зүйл хэрэглээд ямар нэг асуудал үүсгэж болохгүй. Хэт их дурлаад түүнийгээ уухын тулд худлаа хэлээд ч юм уу архины хамааралтай болчих юм бол тэр бол өөрөө өөрийгөө живүүлж байна гэсэн үг юм. Хамгийн гол нь өөрийгөө живүүлж буй зүйлээс татаж авах ухамсартай байх хэрэгтэй. Хэмжээгээ тохируулаад уух хэрэгтэй. Энэ ч утгаараа би цахим ертөнц дэх найзууд болон бүхий л таньдаг хүмүүстээ архи хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж сурталчилдаг.
-Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, Спорт уу ” аяны үргэлжлэл болгож “Архитай биш тархитай” гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэсэн. Үүнтэй хэр санал нийлж байна вэ?
-Мансууруулах олон төрлийн зүйл байдаг. Үүний дотроос онцгой донтуулдаг хар тамхи, героин мэтийг бол олон улсад дуу нэгтэй хорьчихоод байна. Харин алкохольтой ундааг зарим шашинтай газраас бусад бүх газарт чөлөөтэй хэрэглэдэг. Хүмүүс үүнийг хэрэглэж хэсэг зуур хамаг зовлонгоо мартан цэнгэж, хөгждөг. Мөн тархинд дандаа аз жаргалтай бодлууд хөвөрдөг учраас нэгэн төрлийн зүй ёсны хэрэгцээ, шаардлага болсон, үүнийг ч хуульчлан зөвшөөрсөн.
Харин зарим үед хэтэрчих гээд байдаг учраас арга хэмжээ шаардлагатай болдог. Гэхдээ бүтээгдэхүүнийг 100 хувь, эсвэл хагас хориглолоо гээд амжилтад хүрсэн практик дэлхий дээр гараагүй байна. Манайд гэхэд Зөвлөлтийг дуурайж 80-аад оны дунд үед архины хагас хуурай хууль гаргаад “шанд” нь баахан бараашигчид, гутлын цавуу үнэрлэгчидтэй болсон шүү дээ.
Үүний оронд соёлтой хэрэглээг сурталчилж, уухыг хүсээд байгаа тархитай нь тэмцэл явуулах нь зүйтэй. Монголын Залуучуудын Холбооноос гаргаж буй “Архитай биш тархитай” гэсэн уриаг зөв зүйтэй зүйл гэж бодож байгаа төдийгүй дэмжиж байна. Залуусыг ч гэсэн энэ уриаг дэмжээд өөрсдийн тархиндаа өөрчлөлт хийх хэрэгтэй гэж уриалмаар байна.
-Бид таныг “Цахим ертөнцөд цахиур хагалагчид” буландаа урьсан нь зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш. Учир нь таныг цахим ертөнцөд нийтлэлч Артаньян, жиргээч Артгаа, Taste it Артаньян гэдгээр чинь хүмүүс андахгүй боллоо. Тэгвэл та цахим ертөнцийг юу гэж боддог вэ?
-Миний хувьд бол Монголчууд анх цахим ертөнцөд орж байхад анхны хэрэглэгчийнх нь нэг байсан, одоо ч энэ том ертөнцийн ширхэг болоод явж байна. Эхлээд блог гэж гарч ирсэн. Hi5 бас байсан. Одоо аль аль нь моодноос гарч твиттер, фэйсбүүкэд бүрэн ялагдсан. Бас бидний хэрэглэж заншаагүй маш олон төрлийн хэрэгслүүд дэлхий нийтээр байна. Энэ бүгдээрээ олны дунд санаа бодлоо хэлж чаддаггүй, ичимхий хүмүүсийн хувьд асар их боломжийг тэр үед нээж өгсөн байх. Энэ бол сайн тал. Гэвч хүмүүсийн хоорондын харилцаанд ямар нэг зүйл хэвийн биш байгаа мэт санагддаг болсон. Цахим ертөнцийн идэвхтэй хүн, цахим ертөнцөд бараг ордоггүй хүмүүсийн хоорондох харилцааг л хэлээд байгаа юм. Амьдралаас авах янз бүрийн таашаал, найз нөхдийн уулзалт, үдэшлэг зэргээс эхлээд олон зүйлийн талаарх бодлууд нь хоёр тийшээ салж, улам холдоод ч байгаа юм шиг. Гэвч дэлхий нийт аль хэдийн энэ ертөнцөд уусаад орчихсон учир бид ч бас ухрах ямар ч аргагүй.
Өөрөөр хэлбэл цахим ертөнц бол зожиг хүмүүсийг аварсан зүйл боловч жирийн хүмүүсийг зожиг ганцаардмал болгох тийм л хүчирхэг хэрэгсэл.
-Тийм шүү. Өдөр ирэх тусам манайд цахим ертөнцийн “гишүүд” нэмэгдсээр байгаа. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Цахим ертөнцийг хэрэглэгч, таашаагч нийт залуустаа хандаж хааяа гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаарай гэж хэлье. Тэгэхдээ арай ч ийм дээрээ тулсан хүн байхгүй байх гэж бодож байна. Энэ том ертөнцийг зөв зохистой хэрэглэдэг гэж найдаж байгаа. Нийт залуустаа дахин хэлэхэд тархиа өөрөө захир тэгвэл чи өөрийнхөөрөө байж цахим ертөнцөд амжилттай явах болно. Мөн Taste iT группийнхээ нийт гишүүд болон идэвхтэй админууддаа баярлалаа гэж хэлье.
Манай группэд хараахан орж амжаагүй байгаа хүмүүс “Taste it” группэд нэг зочлоод үзээрэй гэж уриалмаар байна.
Б.Отгон
“Taste it” группын үүсгэн байгуулагчид. Гаамп, Артаньян хоёр.
Хоолны группуудын уулзалтын үеэр
Эх сурвалж: zun.mn