Дөрвөн настнуудын онцлог

4-nastnuud_0Дөрвөн нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид “Уяанаас алдуурсан нас” гэж нэрлэгдэг нь жирийн хэрэг бишээ. Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээс тэдний зан төрхийн олон шинж байдлыг гайхах нь олонтаа байдаг. Хайр булаам энхрий, дөлгөөн ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй болоход эцэг эх гайхах нь мэдээж. Энэ нь дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Хүүхэд энэ насанд хамтарч тоглох дуртай, тэдэнд найз нөхөд гурван настнуудынхаас илүү шаардагдах боловч хоорондын харилцаа нь нэлээд ээдрээтэй болж ирдэг байна. Тэдний тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага маргаан голлож байх нь харагддаг. Харилцааны нэг гол хэлбэр бол Би, би, гэнэ. Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Тэд өөрсдийн санасан зоргоор аашилна. Мартахдаа амархан, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй эсвэл ичимтгий, дуугүй байдал гаргана. Тэнэг,гахай, ховдог, гэх мэт бүдүүлэг үгсийг амархан тусгаж хэрэглэх дуртай. Дөрвөн настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их байдаг. Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж л байдаг. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина. Чухамхүү энэ насанд эцэг, эхийн хэл ярианы зөв хөгжилтөнд нь анхаарах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрдэнэ. Жишээ нь: сав, суулга, гэрийн эд хогшил, хувцас хунарыг мэдэх, сар, цас, бороо, уул, ус, мал адгуус, цэцэг навчны тухай өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог байна. Ийм төсөөлөл нь тэдний тоглоомын үйл ажиллагаанд нь тод илэрдэг. Иймээс ч тэд дүрслэн тоглох их дуртай байдаг.Үзсэн харсан зүйлээ тухайлбал: чоно, туулай, морь болж тоглоно. Түүнчлэн элс, шавар, модоор байшин барилга, гүүр барьж тоглох дуртай.Хөвгүүдийн хамгийн дуртай тоглоом нь байлдаж тоглох явдал юм. Төрөл бүрийн буу, зэвсэг, машин техникийн нэрийг амархан тогтооно. Энэ насанд хүүхэд хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна. Дүүгээ зурвал гутлынх нь хонх, өвөөгөө зурвал гаансыг нь тод дүрсэлдэг ажээ. Дөрвөн настнуудын үгийн нөөц үлэмж нэмэгдэнэ. Тэдний мэддэг бүх үгийг жагсаан үзэхэд 50 хувь нь нэр үг, 28 хувь нь үйл үг, 12 хувь нь тэмдэг үгс байдгийг эрдэмтэд тогтоожээ. Гол үйл үг нь ав, оч, ир, ид, май, гуй, өг гэх мэт захиран тушаах юмуу хааяа гуйх, хүсэх, төлөвийн үгс байдаг ажээ.
Тэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг байна. Тэдний энэ их энерги нь түргэн өөрчлөгдөх бодол санаа нь хүсэл эрмэлзэл, зорилгыг нь маш хурдан хугацаанд сольж орхидог байна. Жишээ нь дөрвөн настай хүүхэд нохой зурж байсанаа хэдэн минутын дараа түүнийгээ болиод морь болгохоор шийднэ. Тэгснээ нийтэд битүүлж будаад нар болгочихно. Хэрэв тэднээс “Чи юу зураад байгаа юм бэ?” гэж асуувал “Зурж дуусаагүй юм чинь би яаж мэдэх вэ? гэж хариулах нь олонтаа.
Хүүхдийн энэхүү онцлогуудыг эцэг,эх, ойлгон хүмүүжлийн ажилдаа харгалзан тусгах нь хэрэгтэй. Тэднийг хэрүүл маргаан гаргавал шийтгэхээс өмнө санаа бодлыг нь өөр зүйлрүү хандуулбал илүү үр дүнтэй гэдгийг бүү мартаарай.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …