Авлигын ангууч

aaaaСүүлийн үед  энд тэндээс их мөнгө олдсон, дансандаа   их хэмжээний мөнгө нуугаад мартсан,   хувийн дансаараа  сая сая доллар  угаах гэсэн  авлигачдыг  барьсан  тухай  мэдээлэл ар араасаа цувран  гарах боллоо. Тэр бүү хэл хагас тэрбум доллар УИХ-ын гишүүний эхнэрийн данснаас олдлоо,  үүнийгээ  данс эзэмшигч өөрөө ч тайлбарлаж чадахгүй байгаа гээд хуулийн байгууллагын  ажилтнуудаас эхлэн хууль зүйн сайд хүртэл “ам уралдан”  сенсаацлав.   Үнэн худал нь мэдэгдэхгүй, эрүүл ухаанд багтамгүй  энэ бүхний  хойно Монголдоо л оюунлаг  хүмүүсийн нэг, нийтлэлч Баабар твитер хуудсандаа “Ийм их мөнгөөр юу хийж болох вэ гэж яаран тооцоо хийснээс энэ тоо үнэн үү гэж эхэлж дэнсэлмээр санагдана. Энэ тоо эргэлзээ төрүүлэв. Хагас тэрбум доллар байх гэж үү? Тэрбум доллартай хүмүүсийг Форбас сэтгүүлээс тодруулдаг. Дэлхийд ийм мөнгөтэй хүн 750 байгаа. Америкт 300 мянгаар дажгүй хаус авна. Нэтээр ороод шалга. Тэгэхээр 1200 хаус авах мөнгө гэхээр энэ тоо худлаа. Монгол улсын нийт төсөв 1999 онд 280 сая доллар байсан. Тэрнээс хоёр дахин их байх гэж үү? Орон андуурсан байхаа. Би л лав тоонд нь үнэмшихгүй байна” гэж жиргэж  байсан нь тэр мэтээр нотлогдох шиг боллоо. Хууль шүүхийнхэн  ажлын хариуцлага алдаж, “300 сая төгрөг гэдгийг доллар гэж андуурсан бололтой” тухай асуудал сөхөгдлөө. Хэрэв энэ үнэн бол тухайн байгууллагын удирдлага албан тушаалаасаа халагдахаас  эхлээд  хууль зүйн сайд огцрох хүртэл асуудал яригдах ёстой.

Уг нь Монгол улсын Үндсэн хуульд “аливаа иргэний гэм буруутайг шүүхээр  эцэслэн тогтоохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй”  тухай маш тодорхой хуулийн заалт бий. Энэ заалтыг эхний элжинд  цагдаа,  хуулийн байгууллага биелүүлж ажиллах ёстой. Гэтэл  тэд ямар нэгэн хэргийн сэжүүрээс  “атгаж” авангуутаа, тухайн хэргийн сэжигтнийг гэмт хэрэгтэн, авлигач мэтээр олон нийтэд мэдээлэх нь нэг талаас хуулиа зөрчиж байгаа явдал, нөгөө талаас олон нийтийн сэтгэл зүйд тухайн  сэжигтнийг гэм буруутай гэж ойлголт төрүүлэн  улмаар сэжигтэнд  хилс хэрэг тохоон ял ноогдуулахаар зэхэж байгаа хэрэг биш үү. Магадгүй хууль цагдаагийн байгууллагынхан ажлын үзүүлэлтээ ахиулах,  онц ноцтой гэмт хэргийг илрүүлснээ олон нийтэд мэдээлж өөрийн байгууллагаа сурталчлах,  дээд удирдлагадаа сайн ажиллаж байгаагаа  таниулах,  авлигатай хүчтэй тэмцэж байгаа мэт дүр зургийг  нийгэмд хүргэхээр  хэтэрхий “улайран ажиллаж” байгаа энэ мэт үйлдлүүд нь  наанадаж  хүний эрх, эрх чөлөөг  зөрчиж,  цаанадаж  иргэний нэр  төрийг  сэвтүүлж байгаа  явдал биш гэж  үү. Энэ бүхнийг цаагуураа сонгууль, улс төрийн зорилготой гэж  “харах” хүмүүс ч бас байна.

Сонгуулийн  өмнө сонгогчдын  олонхийн саналыг авахын тулд улс төрийн нэг хүчин нөгөө хүчнээ  иргэд, олон нийтийн өмнө сөрөг байдлаар ойлгуулах гэж  арга ядсан PR-ын төлөвлөгөө байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэв энэ үнэн бол ийм хар PR-ын төлөвлөгөө нь  өөртөө оноо цуглуулах биш, харин ч  алдаж болох талтайг мэргэжлийн хүмүүс нь анзаарна буй заа.

Өнгөрсөн жилийн УИХ-ын  сонгуулийн үеэр   УИХ-д  нэр дэвшихээр бэлтгэж байсан, дэвшсэн нэр бүхий зарим хүмүүсийг АТГ-аас дуудан байцааж, баривчлан хорьж байсан боловч, сонгууль өнгөрсний дараа  тухайн хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, суллан тавьж  байсан жишээг иргэд сонгогчид мартаагүй санаж байгаа байх. Тэгэхлээр эндээс, сонгууль дөхөөд ирэхлээр “авлигачдын ангууч” олон болдог юм бол уу гэсэн дүгнэлт гарч байна.

Ц.Мөнх

ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …