Төрийн ордноо гурав хоногийн турш “номын дуу” сонсч, Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил дэвшүүлж буй бодлого зорилт, төлөвлөгөөний талаар үүрэг чиглэл авсан аймаг, нийслэлийн удирдлагууд өнөөдөр Засгийн газрын сайдуудтай 2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
21 аймгийн Засаг дарга сайд бүртэй байгуулсан энэ гэрээнд Төсвийн тухай хууль болон салбарын хуулиудад тодорхойлж өгсөн орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны зорилтуудыг биелүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хүлээх үүрэг хариуцлагыг тусгасан байна.
Сайд нартай гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж, зарим асуудлаар үүрэг чиглэл өгсөн байна.