Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн намар Японд айлчлахдаа тэдний Олон улсын хамтын ажиллагааны банктай хамтран 800 сая иен буюу 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний “Самурай” бонд босгож Монгол, Японы хамтын ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин хөрөнгө оруулахад зориулахаа мэдэгдээд байсан билээ.
2014 оныг үйлдвэрлэлийг дэмжиж, их бүтээн байгуулалтын жил болгон зарласан шинэчлэлийн Засгийн газар “Чингис” бондоос үлдсэн 300 сая ам.доллар дээр “Самурай” бондын 600 сая ам.долларыг нэмээд бараг нэг тэрбум ам.доллараар аргагүй л аварга бүтээн байгуулалт өрнүүлэх нь дээ хэмээн дээр, дооргүй баярлаж суутал “Бадарчин баярлах болоогүй” гэгчээр барагтайхан мэдээлэл Төрийн ордон, зарим яамдын үүдээр чөлөөтэй нисэлдэж эхэллээ.
Энэ нь юу вэ гэвэл Японы зах зээл дээрээс босгож ирсэн “Самурай” бондын мөнгө Засгийн газрын дотооддоо тавьсан их өрөнд явах нь нэгэнт тодорхой болсноор ялангуяа чанаргүй зам тавьж халтуурдсаар ирсэн замын компаниудын эздийн нар нь гарч байгаа сурагтай.
Тодруулбал, “Самурай” бондын гуравны хоёрыг 2013 онд 1824 километр авто зам шинээр тавьсан хэмээн сүйд болцгоож байгаа замын компаниудад хувааж өгөх гэнэ. “Насны зам”, “Гашууны гол”, “Төгс зам” зэрэг олон компани ажилчдаа амраажээ. Учир нь ихэнх нь улирлын чанартай ажилладаг хийгээд ажилчдынхаа цалинг өгөөгүй байж. Яагаад гэвэл Засгийн газар мөнгөгүй учраас “Самурай” бондын мөнгө орж ирэхээр цалин тавина хэмээн хүлээж байсан болохоор арга ч үгүй юм.
Тиймээс өнгөрсөн долоо хоногт тал хувь нь манай дансанд орсон “Самурай” бонд тэднийг гараа хорстол алга ташуулж байгаа бололтой.
Ийнхүү хэдэн сар мөнгө хүлээж хэвтсэн компанийн захирлууд “Самурай” бондод дугаарлаж эхлээд байгаа ажээ. Лав л Дорноговь, Өмнөговь аймгууд руу замын ажил гүйцэтгэсэн компанийн захирлууд мөнгөө авцгааж. Уг нь Н.Алтанхуяг сайд “Бид “Чингис” бондын мөнгөөр автозам барилаа. Зам дагаж хөгжил гэдэг. 2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдлээ. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай авто замтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна” гэсэн мэдээлэл нэгэн жилийн турш хэвлэлийн хуудаснаас салаагүйсэн.
Гэтэл Засгийн газар маань дийлэнхийг нь өрөөр гүйцэтгэсэн болж таарах нь. Тиймдээ ч гадаад дотоодын компаниуд “Самурай” бондын мөнгийг хүлээж байж.
Баянхонгор Арвайхээрийг холбосон “Улаанбаатар АЗЗА” компани, Сайншандыг Замын-Үүдтэй холбох 176.4 километр замын ажил гүйцэтгэсэн БНСУ-ын “Хала инженеринг энд” констракшн, БНХАУ-ын “Жинангши вотер энд Хаядроповер” консртакшн, Тавантолгойн баруун Цанхид хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн “Хишиг Арвин Индустриал” болон бусад аймгуудад автозам болон гүүрийн ажил гүйцэтгэсэн компаниуд Засгийн газраас ихээхэн хэмжээний авлагатай учир “Самурай” бондын мөнгийг л хүлээж байж.
“Самурай” бондын мөнгө дөнгөж орж ирэнгүүт тэдгээр компаниуд Засгийн газраас өрөө нэхэх нь ч аргагүй. Засгийн газрын зүгээс “Самурай” бондын мөнгөөр үйлдвэржилт хийх тухай ярьсан нь ийнхүү бүтэлгүйтэх шинжтэй болж эхнээсээ өрөнд яваад эхлэв.
Одоогийн байдлаар энэ мөнгөний тал хувь нь буюу 500 орчим тэрбум төгрөг орж ирээд байгаа. Тэгэхээр өнгөрөгч 2013 онд 1800 орчим км автозам тавьсан гэж байгаа. Нэг километр хатуу хучилттай замыг өнөөдрийн ханшаар буюу манай нөхцөлд байгал орчны байдлаасаа хамааран 400-650 сая төгрөгөөр барьсан гэсэн. Ингээд бодохоор 10 километр тутмыг дундажаар таван тэрбум төгрөгөөр барьсан байж таарна.
Цаашлаад 100 километр замыг 50 тэрбум, 1000 км-ийг 500 тэрбум төгрөгөөр барих бол 2000 шахам километр замыг лавтай нэг их наяд төгрөгөөр барих нь тойдорхой. Эрх баригчдын ярьж байгаа нь үнэн бол өнгөрөгч 2013 онд гүйцэтгэсэн 1800 гаруй километр зам барилгын ажилд “Чингис” бондын мөнгийг “Самурай” бондын мөнгөтэй нийлүүлээд ч хүч хүрэхгүй болж таараад байгаа юм.
Гэхдээ Засгийн газар тодорхой хувийн хөрөнгийг нь босгосон байж таарна. Гэхдээ л хэцүү. Ямартай ч шинэчлэлийн Засгийн газар 2013 онд 1800 километр зам бариулсан компаниудынхаа өрийг “Самурай” бондын мөнгөөр төлж эхэлжээ. Өмнөговийн чиглэлд 24 километр зам тавьж, таван километрт засварын ажил гүйцэтгэсэн замын компани Засгийн газраас 2.8 тэрбум төгрөг авах учиртай гэнэ.
Хорь гаруйхан километр зам тавьсан компани гэхэд л Засгийн газраас ийм хэмжээний авлагатай юм байна. Тэгвэл 170 км замын ажил гүйцэтгэсэн гэгдэж байгаа “Насны зам” зэрэг компани хэдэн арван тэрбум төгрөг халааслахыг тооцоолон гаргахад ч бэрх юм.
Ямартай ч дундад зууны үеэс Японы нэрийн хуудас болсон баатарлаг эрсийнх нь ерөнхий нэрээр нэрлэгдсэн “Самурай” бонд Монголын банк санхүүгийн зах зээлд орж ирэнгүүтээ өрөнд яваад өгөх нь тодорхой болж байх шиг байна. “Самурай” бонд савираад эхэлжээ хөөрхий.