Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод
Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй
Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө
Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй…
Хатуу амьдралын даваанд бүдчих аавын хүү
Хорвоод үрээ харж амьлаагүй эр хүн та уйлах эрхтэй
Хан хорвоод бүүвэй аялах дутуу заяагаа зүхэж
Хориод яахавдээ сэтгэлээ онгойлго эр хүн та уйлах эрхтэй…
Тэмтчээд явах зүрхтэй л юм чинь өөрийгөө өрөвдөж
Тэрүүхэндээ шүд зуун яс заагаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Тэнэтэр тунтар гээд бүдэг бадаг алхах үрээ харан догдолж
Тэнгэрлэг хувь тавиландаа талархан эр хүн та уйлах эрхтэй…
Андаа өмөөрч нүглийн өмнүүр аавын хаалга татахдаа
Анисгандаа ээжийгээ өрөвдаж эр хүн та уйлах эрхтэй
Аргадаж барамгүй хүний хорвоо хатуурхан аавыг тань авсан ч
Аархал дунд сэтгэлээ бариад яахав эр хүн та уйлах эрхтэй…
Хорвоо таны өмнө сөхөрч бөхөлзөхөд баярлаж
Хундага сөгнөн зогсох эр хүн та уйлах эрхтэй
Хувирашгүй гэж бодон итгэсэн амраг нүүр бууруулахад
Хоосон лонхоор сэтгэлээ дүүргэлгүй эр хүн та уйлах эрхтэй…
Ядмаг заяанд төрсөн тавиланд хатуурхаж гомдовч
Ядарсан ч би эр хүн гэж тэсээд яахав эр хүн та уйлах эрхтэй
Ядам хурууны бэлзгээр гангарсан ижилээ харан гонсойхдоо
Яг иймийг зүүнэ гэж амлалтандаа өргөл болгож эр хүн та уйлах эрхтэй…
Уураг сүү хөхөж өссөн монгол эр хүн юм чинь гэж тэвчээр заагаад яахав
Унаж босохдоо өвдсөн өөрийгөө аргадаж эр хүн та уйлах эрхтэй
Уурга барин адуу зүслэн явах заяандаа омогшсон босоо хийморь
Уналтаасаа ололтыг өвөртөлж сэтгэлээ дүүргэн эр хүн та уйлах эрхтэй…
Хөөрөг зөрүүлэн мэндлэх хүнтэй нударга зөрүүлэх үе бий энэ амьдралд
Хүний хүү эцгээрээ өмөөрүүлж илүүрхээ л биз уйл эр хүн та уйлах эрхтэй
Харахын заяа байхаас хазах хувь дутсан үйл болгонд толгой гудайхдаа
Хувь дутсан эр хүн гэж өөрийгөө буруутгахаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Ажил амьдрал бүтэлгүйтэх үед биеэ хураан сэтгэлээ булшлалгүй
Амьдралыг аргадаж асгартал уйл эр хүн та уйлах эрхтэй
Андаа гээд итгэж явах хүн амрагийг тань өвөртөө суйлавч
Алдлаа даа гэж сэтгэлээ сэмлэн суух эр хүн та уйлах эрхтэй…
Зөв хийсэн бүхэн чинь зоосны нүхээр арилжаалагдаж
Зөрлөг замд гээгдсэн хүн мэт ганцаардахдаа эр хүн та уйлах эрхтэй
Нар дагасан хоймортоо ханхайн суух дээлэндээ өлгийдүүлсэн бүстэй хүн
Нүгэлтэй хорвоод нулимсаа нуун ханцуйлаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Тэнгэр заяатай таны өмнө мэхийж хүндлэл үзүүлж омогшихдоо уйлая
Тэвчээр хатуужлаар хүн болж хээрээр гэр хийх таниар бахдаж уйлая
Цайгаа дээжлүүлэх хувьтай гэрийн хоймор таныг аргадаж уйлая
Цайлган сэтгэлтэй гүндүүгүй монгол эр хүн таныг хайрлаж уйлая…
Харамлаж уйлая