Улсын тодотголтой хэдэн эмнэлгүүд тариа хийсэн ч “Гаднаас авч ир” гээд өвчтөнүүдээ гүйлгэдэг нь энгийн үзэгдэл болсон.
Тэгвэл иргэдээс “Бүр сүүлдээ өвчин зовлондоо энэлэн, шаналж байгаа бяцхан үрсийнхээ эмчилгээний төлбөрөөс хумсалдаг болжээ” гэх гомдол ирсэн юм.
Бид дээрх гомдлын дагуу эхлээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бадамхандтай уулзсан.
Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас тендерт ялсан байгууллагуудаас эм, тариагаа авч, эмнэлгүүдэд тараадаг. Манайх ГССҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээний стандартыг хариуцдаггүй. Тиймээс эмч нар нь хүүхдийн эмчилгээний төсвөөс мөнгө завшдаг эсэхийг нь мэдэхгүй юм.
Гэхдээ хуулиараа 0-16 насны бүх хүүхэд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй авах ёстой.
Нөгөөтэйгүүр зарим эмнэлэг шаардлагатай эм, тариагаа авдаггүй. Авлаа гэхэд цаанаас төсөвлөсөн мөнгөндөө тааруулж авч байна.
Жишээлбэл тухайн эмнэлэг жилд 500 хүүхдэд эмчилгээ хийнэ гэж тооцоод эм, тариагаа бэлдчихдэг. Гэтэл хүүхдүүдийн тоо тооцооноос нь хол давах тохиолдол бий. Энэ мэт зүйлээс болж гаднаас эм, тариа авч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч эмнэлэг шаардлагатай эм, тариагаа нөөцлөх ёстой” гэв.
Ингээд бид “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах Түлэнхийн төвийг зорьсон юм. Тус эмнэлгийн гуравдугаар давхарт Түлэнхийн төвийн хүүхдийн тасаг байрлах бөгөөд 0-5 насны 48 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн тав нь Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.
Тус төвийн эмч нар эмчлүүлэгч хүүхдүүдийн эцэг, эхээр шаардлагатай бүхий л эм, тариаг гаднаас авахуулдаг гэнэ. Гэтэл хуулиараа 0-16 насны бүх хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг.
Энэ талаар Түлэнхийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргил “Бид эцэг, эхчүүдээр шаардлагатай эм, тариаг авахуулдаг.
Учир нь манай төвийн эм, тарианы хангамж муу байдаг. Угаасаа гаднаас худалдаж авахаас өөр арга байдаггүй. Нэг хүүхдийн эцэг, эх дор хаяж 1.5-4.2 сая төгрөгийн эм, тариа худалдаж авдаг” гэсэн юм. Ингээд бид тус төвийн хүүхдийн тасгийн сахиуруудаас зарим зүйлийг тодрууллаа.
Ж.Чулуундорж: Өдөрт 600-700 мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг
-Хүү тань хэдэн настай вэ. Ирээд хэр удаж байна?
-Хоёр ой таван сартай. Энд ирээд яг нэг сар болж байна. II зэргийн түлэгдэлтэй ирсэн.
-Хүүгийн тань эмчилгээнд шаардагдах эм, тариаг эмнэлгээс гаргаж байгаа биз дээ?
-Үгүй ээ. Ганц би ч биш энд хэвтэн эмчлүүлж байгаа бүх хүүхдийн эцэг, эх эмчилгээнд хэрэглэх эм, тариагаа гаднаас худалдаж авдаг.
-Бүх эм, тариаг уу?
-Эмнэлгээс зөвхөн хордлого тайлах зэрэг ойр зуурын эмчилгээний зүйлийг гаргадаг. Бусад бүх эм, тариаг өөрсдөө худалдаж авдаг. Наад зах нь түлэгдэлттэй хүүхдийн эмчилгээнд хэрэглэдэг мөнгөжүүлсэн тос, уураг зэргийг өөрсдөө л гаднаас авдаг.
-Тэр нь ямар үнэтэй байдаг юм бэ?
-Доод тал нь 200 мянган төгрөг. Уураг л гэхэд 290 мянга гэдэг. Өдөрт хоёрыг худалдаж авдаг.
-Өдөрт эмчилгээний эм, тарианд хэчнээн төгрөг зарцуулдаг гэсэн үг вэ?
-Хүү маань сэхээний тасагт 16 хоносон. Тэр үед өдөрт 600-700 мянган төгрөгөөр эм тариа авдаг байсан. Одоо бол харьцангуй гайгүй байна. Бид эмч нарын хэлсэн эм, тариаг л авч ирдэг. Тэд “Та нар хэлсэн эм, тариаг авч ир. Бид хүүхдийг чинь эрүүл чийрэг болгож өгнө” гэж хэлдэг.
Г.Батцэнгэл: Нялх амьтныг эрүүл болгож байвал мөнгө төгрөг ч яах вэ
-Ач охин тань Түлэнхийн төвийн хүүхдийн тасагт хэвтээд хэр удаж байна. Хэдэн настай юм бэ?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард гурван нас хүрсэн. Эмнэлэгт хэтээд хагас сар болж байна.
-Биеийн байдал нь ямаршуухан байна вэ?
-Гайгүй ээ. Анх түлэгдэлтийн III зэрэгтэй ирсэн.
-Эм, тариагаа хаанаас авч байна?
-Гаднаас.
-Яагаад?
-Мэдэхгүй ээ, хөдөөний хүмүүс болохоор нь юм мэдэхгүй гэж боддог байх. Ийм ч эм, тийм ч тариа олж ир гээд бичиг өгөх юм. Уг нь хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх ёстой биз дээ.
-Тийм ээ. Улсаас 0-16 насны хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх ёстой?
-Харин тийм л баймаар юм. Тэгээд ч болоогүй нөгөө авч ир гэсэн эм, тариагаа заавал өөрсдийнхөө эмийн сангаас ав гэдэг.
-Ач охиныхоо эмчилгээний зардалд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ?
-Мэдэхгүй ээ, сүүлдээ тоогоо алдсан. Энэ жаахан амьтныг эрүүл л болгож байвал бусад нь яах вэ. Хамаатан садан, найз нөхдөөсөө мөнгө зээлээд л явж байна. Эхлээд эрүүл болгочихвол дараа нь хүмүүсээс зээлсэн өрөө төлнө дөө.
-Өдөрт дунджаар хэчнээн төгрөгийн эм тариа худалдаж авч байна вэ?
-Доод тал нь 300 мянган төгрөг шүү дээ.
Ингээд бид дээрх асуудлыг тодруулахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорьсон юм. Харамсалтай нь тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд учир байдлаа хэлж тайлбарласан ч ярилцлага өгөхөөс эрс татгалзав.
Тэр ч байтугай тус төвийн Ерөнхий захирал Ц.Энхбаярт уулзах хүсэлт тавьсан ч биднийг халгаасангүй. Тэрбээр нарийн бичгээрээ дамжуулан “Би завгүй байна. Наад асуудлаа Х.Бат-Ирээдүй захирлаас тодруул. Юу хэлэхийг нь заагаад өгчихсөн байгаа” гэсэн юм.
Улмаар тус төвийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Х.Бат-Ирээдүйг өрөөнийх нь гадна 30 минут хүлээсний эцэст дараах зүйлийг тодруулав.
Х.Бат-Ирээдүй: Гаднаас ямар ч эм, тариа авахуулах ёсгүй
-“Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах Түлэнхийн тасгийн эмч нар 0-16 насны хүүхдийн эмчилгээнд шаардагдах эм, тариаг эцэг, эхчүүдээр нь авахуулж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хаанаас ийм мэдээлэл авсныг чинь мэдэхгүй юм. Яг одоогоор гаднаас эм, тариа авдаг эсэх талаар эмнэлгийн удирдлагуудад мэдэгдсэн зүйл алга.
-Яагаад мэдэхгүй гэж. Түлэнхийн тасгийн эмч нар хүртэл 0-16 насны хүүхдийн эмчилгээнд шаардагдах эм, тариаг гаднаас худалдаж авахуулдаг тухайгаа хүлээн зөвшөөрч байхад уу?
-Мэдэхгүй.
-Яагаад?
-Эцэг, эхчүүдээр нь гаднаас эм, тариа авахуулдаг гэж анх удаа л сонсож байна. Гэхдээ өвчтөний ар гэрийнхэн нэмэлт эмчилгээ хийлгэх үүднээс гаднаас эм, тариа оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Тухайн өвчтөн ор болон хоногийнхоо мөнгийг төлөх ёстой.
Харин эмчилгээнд зориулж гаднаас ямар нэгэн зүйл худалдаж авах ёсгүй.
Бидний яриа ийнхүү өндөрлөв. Дахин хэд хэдэн асуулт тавьсан ч тэрбээр хариулахаас татгалзлаа. Тиймээс тус эмнэлгийн Хүүхдийн гэмтэл, согогын тасгийн эрхлэгч Б.Жаргалсайхантай уулзаж, хүүхдийн эмчилгээнд зориулж эцэг, эхчүүдээр эм, тариа авахуулдаг эсэхийг нь лавласан юм.
Б.Жаргалсайхан: Бид эцэг, эхчүүдээр гаднаас эм, тариа авахуулдаггүй
-Танай тасагт жилд хэчнээн төгрөг төсөвлөгдсөн бэ. Түүний хэдэн төгрөгөөр нь эм, тариа худалдан авдаг вэ?
-Мэдэхгүй. Учир нь тасаг бүрт нь мөнгө төсөвлөдөггүй. Нэгдсэн журмаар нэг төсөв батлагддаг. Бид өгсөн эм, тарианыхаа хүрээнд л эмчилгээгээ хийдэг.
-Эм, тарианы хүрэлцээ ямархуу байна?
-Бид ийм эм, тариа дутагдалтай байна гээд гаднаас авахуулдаггүй. Манай тасгийн бүх эмчилгээ үнэ төлбөргүй хийгддэг. Харин шаардлагатай, өвөрмөц эмчилгээнүүд болох нохойд хазуулсан болон могойд хатгуулж ирсэн хүүхдэд тухайн үедээ эмнэлэгт байхгүй эм, тариаг гаднаас авдаг.
-Уг нь 0-16 насны бүх хүүхдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой. Гэтэл хүүхдээ эмчлүүлж байгаа эцэг, эхчүүд шаардлагатай эм, тариаг гаднаас авдаг. Тэд эмийн сангаас авсан эм тарианыхаа баримтыг авч ирвэл тухайн мөнгийг нь буцааж олгох боломж бий юу?
-Наадахыг чинь дарга нар л мэдэх байх. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тухайн өвчтөн 400 гаруй мянган төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй авна гэсэн заалт бий шүү дээ.
-Тэгэхээр эмчилгээний зардал хуульд зааснаас хэтэрчихвэл эцэг, эхчүүд нь төлдөг гэсэн үг үү?
-Энэ талаар ярихгүй.
-Яагаад?
-Нэгдүгээрт наад асуудлыг чинь мэдэхгүй. Хоёрдугаарт би хариулмааргүй байна.
-Уучлаарай та мэдэхгүй биш хариулах дургүй байгаа юм биш үү?
-Та нар ямар сонин юм бэ. Бид бүх хүүхдэд Эрүүл мэндийн даатгалаар нь үнэ төлбөргүй үйлчилдэг. Гаднаас эм, тариа авахуулаад байдаггүй гэж хэлээд байна.
-Гэхдээ та сая нохойд хазуулж, могойд хатгуулсан хүүхдийн эм, тариаг гаднаас авахуулдаг гэсэн шүү дээ?
-Тийм ээ, гаднаас авахуулдаг.
-Мөнгийг нь буцааж олгодог болов уу?
-Иргэд эмнэлгээс 10, 20-хон мянган төгрөг авах гэж тэр бүр хөөцөлдөөд байдаггүй.
-Хөөцөлдөөд явлаа гэхэд яах вэ?
-Насанд хүрэгчдийн тасгуудаар л тийм зүйл байдаг байх. Хүүхдийн тасагт лав байхгүй.
-Гэхдээ гаднаас эм, тариа худалдаж авсан мөнгийг нь нөхөж олгох ёстой биз дээ?
-Мэдэхгүй.
-Энэ асуудлыг хэн мэдэх вэ?
-Уучлаарай, хариулахгүй байж болно биз дээ.
-Тийм ээ, тэр таны эрх шүү дээ?
-Тэгвэл би хариулахгүй.
Эрүүл мэндийн тухай хуульд 0-16 насны хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ гэдгийг мэддэг ч бодит байдал дээр нэг эмнэлгийн ажилчдын хариулж байгаа нь тухайн эмнэлгийн үйл ажиллагаа ямар байгааг илтгэж буй юм. Бид энэ удаа дээрх эмч нарын ярилцлагыг ямар ч нэмэлт, хачиргүйгээр хүргэлээ. Үргэлжлүүлэн хүүхдэд эргүүлж олгодог эм, тарианы төлбөрийг ГССҮТ-ийн эмч нар хэрхэн завшдаг талаар дэлгэх болно.
Үргэлжлэл бий… Б.Төрбат