Ивээн золгож буй XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн өлзий хутаг оршсон ерөөл бэлгээр дүүрэн өдрүүдийн түмэн амар амгаланг айлтгаж сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улирч буй усан могой жил нийслэлийн иргэн бүрт баяр баясал, аз жаргал, амжилт бүтээл бэлэглэсэн, улсын нийслэл Улаанбаатар хотод урьд өмнө байгаагүй их бүтээн байгуулалт ундарсан, олон сайхан гэгээн өдрүүдээр өртөөлсөн түүхэн эргэлтийн үе боллоо. Могой жилдээ бидний хамтын итгэл зүтгэл бүхэн халуун туршлагаар зузаарч, ирээдүйгээ цоо шинээр төсөөлөх, төлөвлөх урам зориг оргилсон ажил үйлсийн олон эхлэлийг тавьж чадлаа.
Өмнөх үеийн нандин уламжлал, өдгөөгийн гэрэл гэгээтэй итгэл, тэмүүлэлдээ тулгуурлан маргаашийн нарыг хамтдаа угтах бүтээн байгуулалтын өдрүүд бидний өмнө итгэлтэйеэ дурайж байна. Бидний санасан, сэдсэн бүхэн амар байгаагүй ч нийслэлчүүд бид гэтлэн туулж, өвлийг өнтэй сайхан давлаа.
Монголчууд ирж байгаа жилээ ивээл буянаа хайрлах хишиг хэмээн дээдэлж, тэр жилийнхээ ажил үйлс, зам мөр бүхнээ тэгш сайхан бүтнэ хэмээх бие, хэл, сэтгэлийн нандин шүтэлцээнд хурайлан шинэлцгээдэг билээ. Ирж буй морин жил нь тэртээх цагаан морин жилийн цагийг шинэтгэсэн их хувьсгалын дархлаа болж, амжилт бүтээлийн их төвөргөөнөөр үсрэнгүй хөгжил рүү хөтлөн орно гэдэгт бат итгэлтэй байна.
Монгол Улсын гал голомт болсон Улаанбаатар хотын иргэн Та дүүрэн жаргалтай, түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ