Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж утга зохиол, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Шагнал гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхэндээ, морин жилийн төвөргөөн сонсогдох сар шинийн өмнөх битүүний өдрийн мэндийг дэвшүүлье.
XVII жарны “Ялгуусан” хэмээх морин жилийн босгон дээр хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрон шалгарсан иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байна. Та бүхэндээ баяр хүргэе.
Утга зохиолын салбарт үргэлжилсэн үгийн төрлөөр уламжлалт болон шинэлэг арга барилыг хослуулан, монгол хэлний уран яруу найруулагатай, шилдэг бүтээл туурвисан, утгын чимгийг урлаж, үгийн шидийг мэдрүүлдэг зохиолчид маань “Ардын” цол хүртэж байна.
Монгол Улсын боловсрол, хууль эрх зүй, хот байгуулалт, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, соёл урлаг, барилга-бүтээн байгуулалт, спорт, сэтгүүл зүй, төмөр зам гээд олон салбарын төлөөлөл болсон иргэд Монгол Улсын гавъяат цолтны хүрээг өргөжүүлж байна. Энэ өдрүүдэд олон иргэн маань гавьяа зүтгэлээ үнэлүүлж байна. Шагнал хүртсэн нийт иргэддээ чин сэтгэлийн баяр хүргэе.
Зон олны минь өлзий буян дэлгэрч, үр хүүхэд, өвгөд хөгшдийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна. Морин жилийн өнгөнд Монгол түмэн минь ямагт сүлд хийморьтой, мандаж ирсэн түүхтэй. Ирж байгаа жил ч ард олонд минь ээл ивээлээ хайрлаж, улс орны минь урагшлан дэвших зам өөдрөг байхын ерөөл дэвшүүлье.
Та бүхэн, сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ugluu.mn