Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн Дарви сумын харьяат, Аймгийн алдарт уяач Т.Батцоожид Монгол Улсын алдарт уяач цолыг битүүний өдөр болгосн билээ.
Тэрбээр Үндэсний их баяр наадам, Ардын хувсгалын 60 жилийн ойн баяр наадмаар улсад гурван насны морь түрүүлүүлж, хурдан морины түүхэнд байгаагүй амжилт гаргасан Монгол Улсын алдарт уяач Д.Түвдэн гуайн хүү юм.
Аавынхаа цолонд хүрч, Монгол Улсын алдарт уяач Түвдэнгийн Батцоожийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Улсын алдарт уяачийн болзол хангасанд тань баяр хүргэе. Аавынхаа цолонд хүрлээ шүү дээ?
-Баярлалаа. Улсын болон бүсийн наадамд гурван түрүү, 13 айраг авсанаараа Монгол Улсын алдарт уяач гэсэн эрхэм цолыг Ерөнхийлөгчөөсөө гардаж авахаар боллоо. Би өөрийнхөө нэр дээр 2001 онд Суман халзан үрээгээ түрүүлүүлсэн. Хонгор халзан морь маань 2007 оны баяр наадмаар аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил Завхан аймгийн бүсийн наадамд даага, хязаалан хоёроо айрагдууллаа. Бусад үед өөр хүмүүсийн хурдан морьдыг уяж хурдлуулсан байна.
-Хэдэн жил морь уясан бэ. Улсын алдарт уяач болно гэдэг тийм амархан авах амжилт биш байх гэж бодож байна?
-Аав минь 2001 онд өөд болсон. Түүнээс хойш бие дааж хурдан морь уяж эхэлсэн юм. Хурдан морь уясан анхны жилээ Улсын баяр наадмын хязаалангийн түрүүг хүртэж байлаа. Ер нь хурдан морь унаж эхэлснээсээ хойш аавыгаа дагаад мориноос салаагүй дээ. Аавын үүсгэн байгуулсан “Морин эрдэнэ” гэж сайхан гал бий. Манай гал нийтдээ 20 уяачтай. Аавынхаа найз нөхөдтэй нь хамтраад галаа авч явна даа. Улсын алдарт уяач Төрөө ах байна. Бусад нь аймгийн алдарт уяачид байдаг.
-Та хэчнээн морь уяж байна. Танай адуун сүрэг хаагуур идээшилж байгаа вэ?
– Уяж, сойж байгаа 50 гаруй морь байна. Булган аймгийн Баяннуур суманд адуун сүрэг идээшилж байгаа. Тэжээлийн морьд Хүй долоон худагт бий.
-Өнгөрсөн жил улсад морь айрагдуулж байгаа сонсогдсон?
-Улсад нэг морь айрагдуулсан. Тэр нь “Өлзийт” төвийн захирал н.Даш-Өлзий ахын хонгор үрээ. Одоо миний уяан дээр байна. Мөн өнгөрсөн жил Завхан аймгийн бүсийн наадамд хоёр түрүү таван айраг авсан.
-Мориныхоо удам угсаа, хурдыг сайжруулах нь уяачдын анхаарал хандуулах ажлын нэг болов уу. Таны хурдан морьдод аль нутгийн угшил зонхилж байна вэ?
-Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн хурдан морьд голчлон бий. Би өөрөө явж Завхан, Увсаас авчирсан хурдан хүлгүүд ч байдаг. Ах нартайгаа нийлээд Оросоос адуу авчирж байлаа. Араб адуу хүртэл хүнээс худалдаж авсан шүү. Ер нь манай аав өөрийн унаган адуугаа хурдлуулах гэхээсээ илүүтэй хурдан морьд авч уядаг байсан.
Бороохойн Готов гуайн саарал азарга байна. Тэр азарганы төл болгон нь хурдалсан. Цэвэгжавын саарал азарга гээд улсад хоёр айрагдсан азарга байсан юм. Энэ азарганы төлийг нь унага байхад нь авч, уяж дөрөв айрагдууллаа. Тэр нь манай хар азарга. Бага дөрвөн насандаа дөрөв айрагдсан адуугаар тодорсон. Даага, шүдлэн, хязаалан, соёолон гээд завсаргүй айрагдсан юм. Одоо тийм хурдан буян байхгүй. Морины хурд, удмыг сайжруулна гэдэг бол миний хийх ажил биш байх. Тэр мэргэжлийн хүмүүс, хурдан морио мэргэжлийн түвшинд судалсан хүний ярих асуудал юм. Харин морь уях эрдмийг бол сурч болно. Түүнээс хурд гаргана гэдгийг сайн ойлгодоггүй. Олон хүн хурд гаргахын төлөө мөнгө, хөрөнгөө зарцуулаад явсан түүх бий. Гэхдээ түүнээс оносон нь цөөхөн.
-Морь уяж хурдлуулна гэдэг хүн болгоны хийдэг ажил биш. Ааваасаа өвлөсөн морь уях ухааны ачаар өнөөдрийн энэ амжилтад хүрсэн гэдгээ хэллээ. Д.Түвдэн гуайг морьд нүдтэй хүн байсан гэх юм билээ?
-Аав морь сайн таньдаг хүн байсан. Хэнтий аймгийн Баянхутаг суманд байхад нь тэр сумын н.Орших гэдэг хүн ирээд, аавтай танилцсан байдаг. Тэгээд тэр хүн аавд “Сайхан танилцлаа. Таньд морь бэлэглэе” гээд адуугаа туугаад ирсэн гэдэг. Адуун дотроос нь шар үснээсээ гараагүй, туранхай хонгор халзан үрээ байсан юм билээ.
Аав тэр туранхай хонгор халзан үрээг нь заагаад аваад ирсэн юм билээ. Тэр нь 2007 онд улсын баяр наадмаар аман хүзүүдсэн хонгор халзан морь маань. Тэгэхээр аав морь сайн таньдаг байсан гэдэг үнэн. Адуун дотроос нь тэр ганц туранхай үрээг сонгож авсан гэхээр сайн таньсан байна, шүү дээ.
-Хонгор халзан морь одоо байгаа юу?
-Байгаа. Өнгөрсөн жил Завхан аймгийн наадамд наймд давхисан. 18 нас хүрлээ. Энэ зун зодог тайлна.
-Энэ жил өвлийн уралдаан болоогүй биз дээ?
-Болоогүй. Засгийн газрын тогтоол гарвал хоёр сарын 23-наас уралдана даа. Дүнжингаравын хурдаас хаврын уралдаан эхэлнэ. Дараа нь Өвөрхангай, Өмнөгөвьд бүсийн уралдаанууд болно.
-Өвлийн цагт уралдаан зохиохгүй ч мориныхоо бэлчээр, хоол тэжээлийг тааруулах гээд ажилтай байдаг юм шиг байна?
-Байнгийн бэлтгэлтэй байж морь хурдалдаг болсон. Хуучин шиг намар нь сойлгыг нь тааруулаад, хавар нь уяж хөнгөрүүлээд зундаа уралдчихна гэсэн ойлголт байхгүй болсон. Байнга дөрвөн улиралын турш салахгүй анхаарал хандуулж байж л хурдлуулна.
-Ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмаар Д.Түвдэн гуай гурван түрүү авсан байдаг. Энэ бол хурдан морины түүхэнд тохиогоогүй амжилт гэж үздэг. Та тэр үеийг санадаг уу?
-Улсын баяр наадамд ааваас өөр гурван түрүү авч байсан хүн байдаггүй юм билээ. Харин бүсийн наадмуудад бол бий. Би тэр үед гурван настай байсан. Ардын хувьсгалын 60 жил. Наадмын өмнөх шөнө манай гурван морь биесээ дэрлээд унтаж байсан гэсэн. Тэгээд аавын сэтгэл тогтож чадахгүй “Миний морьд гурвуулаа түрүүлчих юм шиг байна” гэхэд хажууд нь байсан аавын багш нь “Чи чимээгүй бай, төрийн наадмыг тэгж ярьж болдоггүй юм” гэсэн гэдэг. Тэгээд маргааш нь аав гурван түрүү хүртсэн. Их нас, соёлон, хязаалангийн түрүүг авсан.
-Эрлийз морьдтой юу?
-Эрлийз морьд бий. Англиас авчирсан азарганы төл байгаа. Мөн араб азарганы төл бий.
-Монгол, эрлийз морь хоёрын хурдны ялгаа хэр байдаг юм бол. Эрлийз морьдийг богино зайнд хурдалдаг гэдэг?
-Манай Монгол адуу бол сэтгэлийн тэнхээгээрээ холыг туулах чадвар, хүнд бэрхшээл туулахдаа сайн. Харин эрлийз адууг сүүлийн 300 жил зөвхөн хурдны чиглэлийг нь бариад хөгжүүлсэн байдаг. Цаанаасаа бодлогоор хурдны чиглэлээр хөгжүүлсэн байдаг юм билээ. Гэтэл манай Монгол адуу бол тийм биш. Эртнээс дайн байлдаан, уналгад ашиглаж ирсэн учир тэсвэр хатуучилтай.
-Та 2001 онд улсад хязаалан үрээ түрүүлүүлсэн. Энэ үрээ одоо бий юу?
-Байгаа. Суман халзан үрээгээрээ азарга тавьсан.
-Ярилцсанд баярлалаа
Т.Амартүвшин