Шүлхий өвчний асуудлаар Улсын Онцгой комиссын дарга үүрэг өглөө

IMG_5368Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Халдварт өвчний голомтод 2014.02.06-ны өдрийн байдлаар 33 өрхийн 143 толгой мал дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 120 малыг зориудаар устгасан. Онгон сумын 1, 3 дугаар багт 35131 малыг вакцинжуулсан.

Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор  Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах,  дээрхи чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахгүй байх, өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийг сахиулах ажлууд хийгдэж байна.

Шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаан боллоо. Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох мэргэжлийн байгууллагуудад шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвчнийг хязгаарлах чиглэлээр тодорхой үүргүүдийг өглөө. Нэн тэргүүнд  шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах, Сүхбаатар аймгийн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг болон зэргэлдээх Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгуудын мэргэжлийн байгууллагуудыг халдвар хамгааллын хувцас, ариутгал, халдваржүүлэлтийн бодис, багаж, тоног төхөөрөмжөөр ханган ажиллах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарч байгаа зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх, шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтдыг дархлаажуулах ажлыг холбогдох журам, заавар, стандартын дагуу богино хугацаанд чанартай хийх, шүлхий өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаагаас аймгийн хэмжээгээр ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх, өвчнөөр өвчлөмтгий малыг дархлаажуулах вакцин, шаардлагатай багаж хувцас хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэх бодисоор шуурхай хангаж ажиллах, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн орон нутгийн замаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож, эрүүл бүсэд зорчиж буй иргэд, тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх Нийслэл хот орчимд шүлхий өвчин тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлж аймгуудын хилийн пост дээр хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавих зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.

Мөн дээрхи сумдыг болон зэргэлдээх аймгуудын малыг вакцинжуулахад шаардагдах вакцин, ариутгалын бодис, зарцуулагдах хөрөнгийг нарийвлан гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …