ОХУ-ын Москва хотноо болсон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлт 2015 он гэхэд 34.1 сая тонн, 2020 онд 45.1 сая тоннд тус тус хүрнэ гэж тооцоолжээ. Тооцоог гаргахдаа Төмөртэй, Баргилтын төмрийн орд болон Тавантолгойн нүүрсний ордоос тээвэрлэх бүтээгдэхүүнийг оруулснаас гадна Сүхбаатар-Наушки, Замын-Үүд-Эрээн боомтоор дамжих экспортын зориулалтаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээг тусгасан байна.
Харин өсөн нэмэгдэх ачаа тээврийн урсгалыг хангах зорилгоор 2015 он хүртэлх хугацаанд 1111 км төмөр замыг шинэ хаалтаар тоноглох төдийгүй 15 км урт нэмэлт гол зам барих болон 27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн 2009 оноос хойш “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд сайжирч, ачаа тээврийн хэмжээний өсөлт тогтвортой, эргэлт нь нэмэгдэж, санхүүгийн эерэг үр дүнтэйгээр компани ашигтай ажиллаж ирсэн гэдгийг ОХУ болон Монгол талын захирлууд хурлаар онцолжээ.
Д.Амар