Автозамын боомт нээж, зарим боомтыг байнгын ажиллагаатай болгоно
Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтлоо.
Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх, Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.
Шинээр байгуулах, байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгав.
Боомтын үндэсний зөвлөл байгууллаа
Хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус Боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталлаа.
Зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг даргалах бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээврийн сайд болон холбогдох газрын дарга нар бүрэлдэхүүнд нь багтжээ.
Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар 5 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө.
Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг БОНХ-ийн сайдад даалгалаа.
“Хустай цогцолбор газар” төв нь тус цогцолборын хамгаалалтын захиргааны үүргийг 2008 оноос гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм.
Тус төв гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Хустайн цогцолбор газар олонд танигдсан, менежмент сайтай, үлгэр жишээ тусгай хамгаалалттай газруудын нэг болж чадсан гэж салбарын яам үнэлж байна. Хамгаалалтын захиргааны үүргийг улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр гүйцэтгэдэг байна.
Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг тогтоолоо
Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар азаргын нуруу,
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уул,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баян цагааны тал,
Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уул,
мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уул,
Увсын аймгийн Хяргас сумын нутагт орших Булганхангай уул, Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг баталлаа.
Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөн Цахир уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Дарханхаан уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангал нуур, мөн аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэръяа хан уулын байгалийн дурсгалт газрын хилийн заагийг баталлаа.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамын төслийн хоёр дахь гэрээ байгуулна
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь гэрээг батлахаар шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөрөөр Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743,1 км хатуу хучилттай автозам тавих, санхүүжилтийг нь олон үе шаттай хийхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк тохиролцсон юм.
2011 онд баталсан эхний гэрээгээр Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103,3 км зам барьж байна. Өнөөдөр дэмжигдсэн хоёр дахьгэрээгээр189,7 км зам барих ба үүнд шаардагдах 135,5 сая ам.долларын 125 саяыг Азийн хөгжлийн банк, үлдсэнийг Монгол Улсын Засгийн газар гаргана.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэлэлцээр батална
Монгол Улсын Засгийн газар, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага хооронд байгуулах “Дотоодын валютыг ашиглах тухай”, “Баталгаажсан гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн хамгаалалтын тухай” хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олголоо.
Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтад баталгаа гаргадаг юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус байгууллага хөгжиж буй 100 гаруй орны 750 гаруй төсөлд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаа гаргажээ. 1988 онд байгуулагдсан энэ байгууллагад 177 орон нэгдээд байгаа ба манай улс 1998 онд гишүүнээр элссэн юм.
Дээрх хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газар тус байгууллагад хуримтлагдсан дотоодын валютыг нөхцөл, шалгуурынхаа дагуу чөлөөтэй худалдаалах эрхийг тус байгууллагад олгоно. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт татахад томоохон түлхэц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Товч мэдээ
· “Автозамын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Гэрээ байгуулах явцыг ил тод байлгах, зөвлөх ажиллуулах, хяналт тавихгэх мэт зохицуулалтуудыг “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам”-д тусгажээ.
· Монгол Улсын аялал жуулчлалын гадаад сурталчилгааны уриа үгийг англи хэлээр “Mongolia, Nomadic by Nature” гэж хэрэглэхээр тогтлоо.
· ИНЕГ-ын дарга С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Тогтохбаярын Лхагвасүрэнг томиллоо. Т.Лхагвасүрэн нь 2001 оноос ИНЕГ-т ажиллаж байгаа нисэхийн өндөр түвшний мэргэжилтэн юм.
Zasag.mn