“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Б.Насанбаяр: “зарим сайтууд над руу утасдаад мөнгө өгвөл чамайг оролдохгүй” гэж хэлсэн хэмээн ямар баримт үндэслэлгүйгээр бодит, үнэн зөв мэдээ баримт өгсөн сайтдуудыг зөвхөн мөнгө төгрөгний хойноос хөөцөлдөн, өөрийг нь зориудаар буруутган бичиж байгаа мэт сэтгэгдлийг уншсан хүнд төрүүлэхүйцээр ярьжээ.
Манай сайтын зүгээс Монгол улсын эрх ашиг, олон мянган залуусын итгэлээр тоглож, зарим улс орнуудад хаагдаж, үйл ажиллагааг нь хуулиар хориглосон байдаг шашин гэхээсээ илүүтэй хүний итгэл дээр дөрөөлсөн бизнесийн бүлэглэл, хууль бус зэвсгийн наймаа зэрэг олон сөрөг үзэгдлийг нийгэмд бий болгодог Мүүний шашин болон элдэв далд, сайхан нэртэй ТББ-уудын үйл ажиллагааг олон нийтэд байнга мэдээлж, сэрэмжлүүлж ирсэн.
Энэ явцдаа БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын Мүүнтэй холбоотой баримт мэдээллийг удаа дараа олон нийтэд хүргэсэн. Бид улс эх орно өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу элдэв башир аргаар “олон нийтийн тархийг угаах”-ыг оролдох Мүүнитэй холбоотой хэнийг ч болов ямар нэгэн албан тушаал, эрх мэдлээс нь үл хамааран цаашид ч мэдээлэх болно. Ингэснийхээ төлөө бид хэн нэгнээс ашиг хонжоо, мөнгө төгрөг авахыг санаархаагүй, санаархах ч үгүй.
Харамсалтай нь Б.Насанбаяр “зарим сайтууд” нэрийн дор ийм бодол сэтгэлтэй сайтуудыг бүхэлд нь харлуулах бодлого барьж байна. Хэрэв тиймгүй бол Б.Насанбаяр та ийм ийм нэртэй сайтууд, ийм хэмжээний мөнгө төгрөг нэхсэн гэдгээ тодорхой нэр заан дурьдвал зүгээрсэн.
Бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд та Монгол телевизд өгсөн ярилцлагадаа “уран зохиолын хичээлийн агуулга бусад бүх хичээлийн агуулгад орж байгаа тул бусад хичээлтэй хамтатган заах боломжтой” гэж хэлсэн нь уран зохиолын хичээлийн цагийг бууруулах, өөр хичээлтэй сольж хутгаж, улмаар үндсэн агуулгыг нь багасгана гэсэн үг бус уу. Хэлсэн үгээ эргээд нэг санахад илүүдэхгүй болов уу…
Ц.Мөнх