Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлд баригдах 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэхээр “Улаанбаатар БҮК”-ийн төмөр замын бетон дэрний үйлдвэр 2013 оноос ашиглалтад ороод байна. Гэхдээ шаардагдах хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа учраас төмөр замын бетон дэрийг нийлүүлж эхлээгүй байгаа талаархи мэдээлийг тус компанийн зүгээс өгчээ.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Улаанбаатар БҮК” нь 2013 онд инженерийн байгууламжийн төмөр бетон хийц, эдлэл үйлдвэрлэж, найман тэрбум 886 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өмнөх оныхоо үзүүлэлтээс хоёр тэрбум төгрөгөөр буурсан дүн болжээ. Харин ашгийн хувьд өмнөх 2012 оноос төдийлөн буураагүй байна. 2012 онд 2.6 тэрбум, 2013 онд 2.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажилласан нь харьцангуй тогтвортой үзүүлэлт болж байгаа ажээ.
Тайлангаас харахад гадаад валютын ханшийн зөрүүнээс болж өмнөх оноос 67 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 40 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Улаанбаатар БҮК” компани 2013 онд үйлдвэртээ орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулж, туршаад байгаа юм. Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн гурваэ шугам дээр нэг удаад 1128 ширхэг бетон дэр цутгаж, жилдээ 350-500 мянган ширхэг бетон дэр гаргах хүчин чадалтай болсон байна. Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн “RMS” компанийнх бөгөөд эдгээр нь тэнхлэг дээрээ 23-32 тонныг даах хүчин чадалтай бетон дэр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл 132 тонн жинтэй вагон явах даацтай гэсэн үг ажээ.
Д.Үүлэн