ОХУ-ын эрх баригчид Украйны асуудлаар байр сууриа илэрхийллээ. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Украйны төрийн эрхийг түр барьж байгаа хүмүүсийг зэвсэгт бослогоор гарч ирсэн” гэдгийг онцолсон байна. Харин тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украйны улс төрд гарсан өөрчлөлт болон шинэ эрх баригчдын баталсан хуулиуд нь орос иргэд болон бусад жижиг үндэстнүүдийн эрхийг зөрчиж байгаа” гэж мэдэгджээ. Ням гарагт Украйны парламент Виктор Януковичийн баталсан хуулийг хүчингүй болгож, орос хэлний албан ёсны статусыг бууруулаад байгаа юм.
Түүнчлэн даваа гарагт ОХУ Украйнаас Элчин сайдаа эргүүлэн татаад байгаа бөгөөд Европын холбооны Гадаад бодлого хариуцсан дарга Кэтрин Эштон Украйны шинэ удирдагчидтай уулзахаар Киевт очжээ. ОХУ-ын зүгээс Украйнд олгохоор амлаж байсан санхүүгийн тусламжаа зогсоож магадгүй байгаа энэ үед Украйны эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байна гэж шинжээчид дүгнэж байна. Франц, Герман, АНУ-ын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж “Украйнд гарч байгаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх”-ийг уриалсан байна. Мөн Олон улсын валютын сангаас “Украйнд олгох зээл тусламжид дэмжлэг үзүүлнэ” гэдгээ АНУ-ын тал мэдэгджээ.
Харин Украйны Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваков Виктор Януковичийн эсрэг хавтаст хэрэг нээж, түүнийг энгийн номхон иргэдийг хомроголон устгасан хэмээн буруутгаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Виктор Януковичийг орон даяар эрэн сурвалжилж байгаа юм. Харин түүнийг хамгийн сүүлд Крымын хойгийн Балаклава орчимд байгааг нь тогтоосон гэж Арсен Аваков мэдэгджээ. Крымын хойг нь нь автонамит статустай, голдуу орос үндэстнүүд амьдардаг газар юм. Харин шоронгоос суллагдаад удаагүй байгаа Юлия Тимошенко Германд эмчилгээ хийлгэхээр болжээ. Киевийн Тусгаар тогтнолын талбайд олон мянган хүн жагсаалаа үргэлжлүүлсээр байна.