Цэрэг зодуураа даалгүй нас барав уу… Эсвэл?

taliigaach_ynzalsan_n459837456201402250905Монгол улсын иргэн М.Мөнх-Эрдэнэ 2013 онд 18 нас хүрч, өнгөрсөн оны намрын цэрэг татлагаар  алба хаахаар аав ээждээ үнсүүлэн  Налайх дүүрэгт байрлах 014-р ангид хуваарлигдсан байдаг. Бусдын л адил албаа сайн хааж, марш тактикийн тэмцээндээ амжилттай оролцож, анги нэгтгэл, аав ээжийнхээ нэрийг сайнаар гаргаж явсан нэгэн. Явсан гэдгийн учрыг  тодруулбал, эрүүл саруул, сэргэлэн цовоо  М.Мөнх-Эрдэнэ 2013 оны 12-р сарын 12-ны өдрийн шөнийн 01 цагийн орчим нас баржээ.  Залуу хүн нас барсан тохиолдолд учир байдлыг  заавал хуулийн байгууллагаар  шалгуулдаг хууль, дүрэмтэй тул  талийгаачид задлан шинжилгээ хийсэн байна.  Задлан шинжилгээгээр  М.Мөнх-Эрдэнийг  зүрхний шигдээсний улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж дүгнэжээ.

Гэвч шүүх эмнэлгийн  задлан хийсэн шинжээчийн дүгнэлт нь өөрөө нас барсан хүний ясыг дахин өндөлзүүлэхээр, талийгаачийн ар гэрийг үл хүндэтгэсэн, учир дутагдалтай, авцалдаагүй, эмч хүнээс гармааргүй дүгнэлт байсан юм. Тодруулбал, талийгаачийн титэм судасны хананд эмгэг өөрчлөлтгүй байхад дүгнэлтэндээ зүрхний шигдээсийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж дүгнэсэн. Үүнийг энгийнээр тайлбарлабал зүрхний шигдээс буюу зүрх судасны дутагдалд орсон хүний зүрхний титэм судас заавал өөрчлөлттэй байдаг. Өөрөөр хэлбэл зүрхний титэм судас бөглөрсөнөөс үүдэн шигдээс болж нас бардаг. Гэтэл талийгаачийн титэм судас өөрчлөлтгүй байхад шигдээс гэж дүгнэсэн байдаг.

Үүнээс гадна шүүх эмнэлгийн шинжээч эмч,  “талийгаачийн бүтэлттэй юу” гэсэн асуултад хариулалгүй дүгнэлтийг дутуу гаргасан байдаг. Энэ мэтчилэнгээр шүүх эмнэлгийн шинжээч эмчийн буруутай үйл ажиллагаа нэгээр зогсохгүй бөгөөд энэ нь   Шүүхийн шинжилгээний тухай хуулийг уландаа гишгэсэн үйлдэл юм.

Ийм учир дутагдалтай дүгнэлт гаргасан байхад Налайх дүүргийн цагдаагийн газраас энэхүү хэргийг хаасан  байдаг.  Ямар нэгэн хууч өвчингүй,  эрүүл саруул хүүхдээ 2013 оны намрын цэрэг татлаганаар эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцэн цэрэгт татагдаж, цэргийн ангийнхаа урдаа баридаг байсан байлдагч болсон хүүгээ  аав ээж нь  зүрхний шигдээсээр нас барсан гэдэг өнөөдрийг хүртэл итгээгүй. Шүүх эмнэлгийг ингэж  дүгнэлт гаргана ч гэж бодоогүй бөгөөд Налайх дүүргийн  прокурорт хандсны дагуу  хэргийг  энэ сарын эхээр сэргээсэн байна. Өдгөө энэхүү хэргийг  дэслэгч  Б.Мөнхболд шалгаж байгаа бөгөөд  ар гэрийнхэн нь энэ хэрэгт  нэмэлт шинжилгээ бус, шинжээч эмч нарын баг бүрдүүлэн дахин шинжилгээ хийлгэхийг хүсэж байгаа ажээ.  Ингэснээр  алдаа  гаргасан шүүхийн шинжээч эмч энэ хэрэгт  дахин оролцохгүй болно.

Тэгвэл талийгаач юуны учир, хэрхэн нас барсан байж болох вэ? Зодуур.  Талийгаачийг зодуулж байсан  гэх хардлага байгаа юм.  Өөрөөр хэлбэл,

Хардлага1. Талийгаачийг доош нь харуулж байгаад  элэгдэж байсан талаар ар гэрийнхэндээ хэлж байжээ.  Ер нь цэргийн ангид  зодсон ч ил шархгүй  битүү гэмтээхээр зоддог.  Мөн  цэргийн анги нэгтгэл нь  зөвхөн  цолтой, дарга хүний тушаалаар л  байдаг бөгөөд  энэ хэргийг гадагшаа задруулахгүй шүү гэж тушаал өгсөн байхад хэн ч  ам нээх боломжгүй болдог.

Хардлага2.  Байлдагч нас барсан  хэрэг гарсан 014-р ангид өмнө нь  байлдагчаа зодсон хэрэг гарсан.  Өдгөө энэ хэрэг мөн л Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа.  Тэгэхээр талийгаачийг  зодож байсан гэх хардлага үндэслэл эрхгүй төрж байна.

Хардлага3. Шүүх эмнэлэгийн шинжээч эмч илтэд буруу дүгнэлт гаргасан нь хэн нэгний эрх ашгийг хамгаалж,  энэ хэргийг нуун дарагдуулах санаа агуулж байгаа юм.

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч нар яагаад буруу дүгнэлт гаргав?  Цэргийн ангид үнэхээр зодуур байгаа болоод  энэ хэргийг нуун дарагдуулахыг хичээж байна уу? Яагаад эрүүл саруул залуу цэрэгт очиж  настай хүний өвчнөөр нас барав?

Энэ бүх асуултууд өнөөдөр бүрхэг хэвээр байна. Гагцхүү энэ хэргийг  Шүүхийн шинжилгээний  тухай хуулийн  20, 21-р зүйл ангиар дахин шинжээчийн  баг бүрдүүлж, дахин задлан шинжилгээнд оруулсны дараагаар гарна.  Харин үүнийг хуулийн байгууллага зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …