Нэг л шөнө унтаад өглөө сэрэх хооронд “Тийм ажил хашиж байсан том даргыг хуулийнхан шөнө дунд гэрээс нь авч яваад хар гэрт хорьж гэнэ. Тийм, ийм хүмүүс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байна” гэх мэдээг бид бараг л орноосоо босч амжаагүй байхдаа сонсдог боллоо.
Тэгвэл яг иймэрхүү байдлаар ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа Д.Цогтбаатарыг ар гэрийнхэнд нь дуулгалгүй шууд л баривчилсан гэх юм. Уг нь хуулийнхан Герман улсын иргэн алга болсон хэрэгт Д.Цогтбаатарыг сэжиглэн цагдан хорьсон гэж мэдээлж байсан. Гэтэл алга болсон гадаад иргэн аль найман жилийн өмнө буюу 2005 онд манай улсад ирээд сураггүй болсон тухай мэдээллийг Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ мэдэгдэж байсан.
Тэрбээр “Нөхрийг маань өнгөрсөн гуравдугааар сард ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдсоноос хойш байнгын гүтгэлэг доромжлол дагаж явах болсон. Энэ удаа барьж хорьсоныг нь ч би худал гүтгэлгээс болж хоригдсон гэж ойлгож байгаа. Товчхондоо миний ханийг албан тушаалаас нь зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зорилготой ажиллагаа гэж үзэж байна.
Д.Цогтбаатарыг анх баривчлахдаа бидэнд хэл чимээ өгөөгүй, хувцасыг нь ч солиулалгүй авч явсан.
Одоо хүртэл нөхөртэйгээ ямар ч холбоо бариагүй, уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй байна.
Миний ханийг ямар нэгэн аргаар зохиомол хэрэгт гүтгэж шоронд суулгах гээд байгааг юу гэж ойлгох вэ. Албан тушаал авсных нь дараа нөхрийг маань төрийн нууц задруулсан гэж нэг хэсэгтээ л шалгаад сүр дуулиан болоод байсан тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүү дээ.
Гэтэл яг тэр өдөр нь огт өөр залилангийн хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон. Энэ бүхнээс харахад ямар ч аргаар хамаагүй манай нөхрийг баривчлан хорих зорилго тэдэнд байна. Одоо харин хорих болсон шалтгаан нь тун гайхалтай. Аль найман жилийн өмнө алга болсон гадаад иргэнтэй холбогдуулан нөхрийг маань шалгах болсон гэсэн.
Дээрх гадаад иргэнийг алга болох үед нь манай нөхөр Москвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан юм. Бид гэр бүлээрээ тэнд амьдарч байсан. Үүнийг гэрчлэх дөч тавин хүн бий. Би нэрсийг нь мөрдөн байцаагчид нь гаргаж өгсөн. Эцэст нь хэлэхэд жирийн иргэн хүний, ханийн хувьд нөхрийнхөө эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовниж байна.
Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ-ын удирдлага нь энэ хэрэгт анхаарлаа хандуулна гэдэгт манай гэр бүлийнхэн итгэж байна. Яагаад гэхээр нөхрийг маань барьж хорьсон энэ явдал хэт хууль бус, захиалгатай гэдэг нь мэдэгдэж байгаа учраас би ингэж онцолж байна.
Хэрэв энэ хууль бус ажиллагаа үргэлжилсээр байвал би тодорхой баримт мэдээллийг удахгүй нийтэд дэлгэж тавина” гэлээ.
Тэгэхээр Д.Цогтбаатарыг барьж хорих нь хуулийнханд хэр ашигтай юм бол гэдэг нь анхаарал татаж байна.
Үнэхээр Д.Цогтбаатарын эхнэрийн ярьж байгаа шиг зохиомол хэрэгт түүнийг удаа дараа гүтгэх нь хэн гэдэг албан тушаалтанд тийм их ач холбогдолтой юм бол оо гэж асуумаар санагдах юм.
Сураггүй болсон гэх хүн нь ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер гэгч аж.
Тэрээр өөрийн улсдаа багтаж шингэх аргагүй болоод манай улсад жуулчны визтэй орж ирсэн гэх. Хамгийн гол нь монголд байх хугацаандаа Д.Цогтбаатартай дотно харилцаатай байсан учраас дээрх гадаад иргэний амьд үгүйг нь мэдэхийн тулд цагдаагийнхан Д.Цогтбаатарыг сэжигтнээр татаж шалгаж байгаа юм билээ.
Хэдийгээр Д.Цогтбаатарын эхнэр нь нөхрийгөө хууль бус үйл ажиллагаа хийгээгүй гэж мэдэгдэж байгаа ч гэсэн түүнийг хүчнийхнээс төрсөн “Мөнгөлөг, хөрөнгөлөг” хурандаа гэдгийг хэн хүнгүй л мэднэ.
Тухайлбал Д.Цогтбаатарыг тагнуулын албанд ажиллахын зэрэгцээ хувийн бизнестээ ихээхэн анхаарал хандуулдаг мөн улсын хилээр хууль бусаар алт гаргаж буй гэмт хэргийг илрүүлэхдээ өөрийн танил талаа татан оруулж хууль зөрчиж нэлээд хөрөнгөжиж гэнэт баяжигчийн эгнээнд орсныг олон хүн янз бүрээр тайлбарладаг.
Тэгэхээр Д.Цогтбаатарыг үнэхээр онц хүнд гэмт хэрэгтэн гэж сэжиглэн Германы Холбооны мөрдөх албанаас хоёр мөрдөн байцаагч ирж түүнээс тусгайлан байцаалт авч байгаа бол хоёр улс дамнасан том хэрэгт унасан нь гарцаагүй гэх ойлголтыг ард иргэдэд төрүүлээд байна.
Харин манай улсад ирсэн гадаадын хоёр мөрдөгч ирсэн эсэхийг Д.Цогтбаатарын өмгөөлөгч үгүйсгэж байсан юм.
Өмгөөлөгч Г.Наранбаатар хэлэхдээ “Би өмгөөлөгчөөр нь ажиллаад хоёр хонож байна. Шинэ баримтын талаар эхнэр нь цаг тухайн үед нь мэдээлэх байх. Германаас хоёр мөрдөгч ирсэн талаар сайн мэдэхгүй.
Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн бол Монгол Улсын хуулиар эрх бүхий байгууллагууд нь мөрдөн шалгах ёстой. Гадаадын мөрдөгч ирж мөрдөх хууль одоохондоо байхгүй” гэв.
Манай улсад гадны өч төчнөөн жуулчид ор сураггүй болж байсан тохиолдол бий.
Зарим эх сурвалжууд алга болсон гэх Герман иргэн их хэмжээний мөнгөтэй байсан гэдгийг мэдээлж байсан юм. Тэгэхээр Д.Цогтбаатар хурандаа зүгээр ч нэг шалгагдаагүй бололтой.
Эх сурвалж: