Украины шинэ түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг өчигдөр Тусгаар тогтнолын талбайд олон нийтэд танилцуулсан байна. Жагсагчид болон улс төрийн нам хүчнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл сөрөг хүчний удирдагчдын нэг, “Fatherland” намын дарга Арсеный Яценюкийг Ерөнхий сайдаар томилохоор санал болгосон бөгөөд өнгөрсөн гурван сарын турш жагсаал эсэргүүцлийг идэвхтэй удирдагчид кабинетын бүрэлдэхүүнд багтжээ.
Парламентын экс спикер, Гадаад хэргийн сайд асан Яценюк энэ үеэр “Өмнөд Засгийн газар, Ерөнхийлөгч авлигад идэгдэж, улс орны эдийн засгийн нэн хүнд нөхцөл байдалд хүргэсэн тул бид энэ алдааг арилгахын тулд эрс шийдэмгий алхмуудыг хийх болно. Өнөөдөр бид гамшгийн ирмэгт ирээд байгаа.
Тиймээс үүнийг улс төрийн амиа хорлогчдын Засгийн газар гэж хэлж болохоор байна. Биднийг маш хүнд хэцүү тэмцэл хүлээж байгаа. Тэгэхээр тамд тавтай морил л гэж хэлье дээ” хэмээсэн байна. Дотоодын хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн байр суурьтаа хэвээр үлдэж буй Арсен Аваков түүнтэй санал нэгдэж буйгаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна жагсаал эсэргүүлцлийн үеэр олонд нэлээд танигдсан Татьяна Чорновол, Дмытро Булатов нар Авлигатай тэмцэх болон Залуучууд, спортын яамыг түр тэргүүлэхээр нэр нь багтжээ.
Украины алдартай эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг хатагтай Чорновол энэ үеэр “Өнөөдрөөс бидний үүрэг Украины төлөө үхэхгүй байх. Үүний оронд бид Украины төлөө ажиллаж, хөдөлмөрлөх ёстой” гэжээ. Гэхдээ зарим томилгоо жагсагчдын хүсэл сонирхолд нийцэхгүй байгаа бөгөөд “Right Sector” хөдөлгөөний удирдагч Дмытро Ярошийг Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаахыг шаардаж байгаа юм. Украины парламент шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлан эсэх асуудлаар өнөөдөр санал хураах юм.
Д.Үүлэн