Хогны уутанд зарцуулах мөнгөөр хүүхдийн эмнэлэг барья
Нийслэлийн агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрснээс хүүхэд өвчлөх нь элбэг болсон.
Нэг хэсэгт нь эм тариа, мөнгө төгрөг зайлшгүй шаардагдаад үхэх гэж байхад, тодорхой хэсэг бүлэг нөхдүүд дэмий зүйлд мөнгө урсгаад байх юм. “Хүүхдийн эмнэлэг барья” гэдэг асуудал мөн ч олон жил яригдаж байгаа. Гэвч үүнд зарцуулах мөнгийг засаг төр одоог хүртэл төсөвлөхгүй л байгаа. Гэтэл нийслэлд хүүхэд өвдөхөд хүлээж авах эмнэлэг олдохгүй, олдсон ч бөгс эргэх зайгүй шахам өрөөнд чихэлдэх, эмнэлгийн хонгил бараадахаас өөр аргагүй болдог.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний хоёр сарын байдлаар 12 мянга 897 эх амаржиж, 12 мянга 972 хүүхэд эсэн мэнд бойжиж байна. Хоёрхон сарын дотор Монголын хүн ам 13 мянга орчмоор нэмэгдэж буйг хар ухаанаар тооцож үзвэл энэ хэрээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэх шаардлага зүй ёсоор гарч ирнэ гэсэн үг. Гэтэл нийслэлийн хэмжээнд сүүлийн 20-иод жилд дорвитой томоохон эмнэлэг нэг ч баригдсангүй.
Үнэхээр мөнгөгүй болоод эмнэлэг сургуулиа барьж чадахгүй байна уу гэвэл үгүй бололтой.
Өөрөөр хэлбэл онцын шаардлагагүй зүйлд хайран мөнгийг хогтой хамт хийсгэсээр л байна. Тухайлбал өнгөрсөн оноос хогны уут үнэгүй тараах, талбай ойр орчмын гэрэлтүүлгийг солиход тус бүрт нь гурван тэрбум төгрөг төсөвлөж зарцуулсан.
Энэ жил мөн хогны уутыг үнэгүй тараахад зориулж хамгийн багадаа 5.4 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч байна. “Азийн цагаан дагина” нэртэй ногоон уутны өөрийн өртөг нь 95 төгрөг. Ингээд нэг айлд сард 15 ширхэг уут өгнө гэж бодохоор нийслэлийн 317 мянган өрхийн жилийн хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 5.4 тэрбум төгрөгийг хогны уутанд зарцуулахаар байгаа юм.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр айл өрхүүдэд тарааж буй уг уутыг одоогийнхоос зузаан, бариултай болгох талаар ярьж байсан. Хэрвээ энэхүү уут дахиад шинэчлэгдвэл ард түмний халааснаас хуримтлуулсан төсвийн мөнгөний хий хоосон зарлага улам л нэмэгдэнэ гэсэн үг.
Хогны уут тарааж соёлтой хэрэглээнд шилжих ажил эхлүүлж байгаа нь зөв ч төсвөөс ийм их мөнгө зарцуулж буйг иргэд их шүүмжилдэг. Энэ нь нөгөө 5.4 тэрбум төгрөг гарлагадаж байгаа “Азийн цагаан дагина” уут нь үнэн хэрэг дээрээ айл өрхүүдэд тараагдалгүй томоохон худалдааны төв, захуудад 100-200 төгрөгөөр зарагдаж байгаатай холбоотой.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Хархорин, Баянзүрх дүүргийн “АСАЙТ” худалдааны төвүүдэд “Азийн цагаан дагина” уутыг нэг ширхэгийг нь 100 төгрөгөөр борлуулж байсан юм.
Энэ талаар бид нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст мэдэгдэхэд “Манай зүгээс айл өрхүүдийнхээ тоогоор уутаа захиалаад нийлүүлж байгаа. Харин тараах асуудлыг дүүрэг хариуцаж байгаа” гэсэн юм.
Ингээд бидний мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд “АСАЙТ” худалдааны төвийн гялгар уут бөөндөж худалдаалдаг иргэнтэй уулзсан. Худалдагчийн хэлж байгаагаар иргэд өөрсдөө авч ирдэг аж. Иргэдээс авсан үнэ дээрээ цөөхөн хэдэн төгрөг нэмээд худалдаалж байгаагаа хэлсэн. Харин дүүргээс очсон мэргэжилтнүүд нийслэлээс тарааж буй хогны уутыг хурааж аваад сануулга өгөөд орхисон аж. Энэ нь иргэд үнэгүй тарааж буй уутыг зориулалтынх нь дагуу ашиглахгүйгээр мөнгө болгож харж байгаагийн илрэл. Нөгөө талаасаа төр хэнд ч хэрэггүй зүйлд их хэмжээний мөнгө зарцуулж байна гэсэн үг.
Дүүрэг бүрт хүүхдийн эмнэлэгтэй болъё
Хамгийн гол нь хүүхдийн эмнэлэг барихад нэг ч төгрөг төсөвлөхгүй байгаа төр засгийн байгууллагуудыг ойлгохгүй юм. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг барих талаар ганц ч төгрөг төсөвлөөгүй байгаа юм.
Энэ талаар ЭМЯ-ны Барилга захиалгын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад хүүхдийн эмнэлэг шинээр барих талаар яригдаж байгаа ч зураг төсөв нь хийгдээд төсөвт тусгагдсан зүйл байхгүйг хэлж байсан юм.
Монголд хүүхдийн томоохон клиник эмнэлэг байдаггүй гэхэд болно. Гэтэл манай төр засгийнхны санаачлаагүй ажлыг Ажиа гэгээнтэн сэдэж, хандив цуглуулан цусны хавдартай хүүхдийн эмнэлэг барьж, үүдээ нээхэд тун ойрхон байгаа. Энэхүү нүдээ олсон хөрөнгө оруулалтыг амтай бүхэн магтаж суугаа. Өөрөөр хэлбэл нийслэлд хүүхдийн эмнэлэг ус агаар мэт хэрэгтэй байна.
Нийслэлийн агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрснээс хүүхэд өвчлөх нь элбэг болсон. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудалтай хамт эмнэлгийн асуудлыг нэн яаралтай хэлэлцэх нь зүйтэй. Эмнэлэг барина гэхээр л хэдэн арван тасагтай хэдэн зуун хүүхэд хүлээн авах ортой байх албагүй. Ядаж харьяа дүүрэгтээ 50-100 хүүхдийн ортой эмнэлэг барьчихад төсөвт нэг их дарамт учруулахгүйг албаны хүмүүс хэлдэг. Эх орны ирээдүйн эзэд болсон үр хүүхдэдээ санаа тавих сэтгэл нь дутаад байгаа учир гар татаад байгааг хэлэх хэрэгтэй байх. Товчхон бөгөөд хатуухан хэлэхэд хогны уутанд 5.4 тэрбум төгрөг хийсгэж байхаар зогсоож, хүүхдийн эмнэлэг барихад зарцуулъя.