“Эрдэнэс таван толгой” компанийн Борлуулалтын хэлтсийн дарга М.Батцэндээс тус компанийн нүүрсний борлуулалт ямар байгаа талаар дараах тодруулгыг авлаа.
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурснаас үүдэн манай улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд экспортоо зогсоогоод байгаа. Харин танай компанийн хувьд борлуулалтын үйл ажиллагаа доголдсон зүйл байна уу?
-Дэлхийн зах зээл дээрх гол импортлогч орон болох БНХАУ-д нүүрсний үнэ уруудаад байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Бээжин хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч байгаа учраас Хятадын засгийн газар тус хотыг тойрсон 150 жижиг үйлдвэрийг хаасан. Ингээд гол хэрэглэгчийн эрэлт буурахаар үнэ буурч байна гэж ойлгох хэрэгтэй. Дээрээс нь өмнөд хөршид олборлосон нүүсрний нөөц асар их байгаа нь бидний зах зээл хумигдаж байгаагийн нэг шалтгаан болоод байна. Гэсэн ч “Эрдэнэс таван толгой” компанийн хувьд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
-Нэг зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж буй бусад компаниудын хувьд нүүрсний экспортоо зогсоож байхад танайх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэх юм…
-Нэгдүгээрт манай компани БНХАУ-ын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх өртэй гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхээр өр төлөх нүүрсийг графикийн дагуу нийлүүлж байгаа. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан ч бид алдагдалгүй ажиллахгүйн тулд Таван толгойн ордын Баруун цанхийн нүүрсээ борлуулж байгаа. “Чалко” компанид нийлүүлэх нүүрсийг зөвхөн Зүүн цанхаас олборлож байгаа.
-“Эрдэнэс таван толгой” компани он гарсаар нийт хэдэн тонн нүүрс экспортлоод байна. Ер нь энэ жил хэдэн тоныг гаргах төлөвлөгөөтэй байгаа билээ.
-Баруун, зүүн Цанхиас нийлээд 600 мянга тонн нүүрс экспортлоод байна. Үүнээс 180 орчим мянган тонныг нь “Чалко” компанид өрөндөө өгсөн. Үлдсэн 400 гаруй мянган тонныг өмнө нь гэрээ байгуулсан компаниудад нийлүүлж байгаа. Цагаан хаданд нэг сая орчим тонн нүүрс буулгачихаад байгаа. Шинээр 100 мянган тонн нийлүүлэх компанитай гэрээ байгуулсан. Манай компани энэ онд 11 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Тээвэрлэлтэд хэдэн авто машин явж байгаа вэ?
-Нүүрс тээвэрлэдэг нийт 466 машин байгаагийн 344 нь манай дотоодын аж ахуйн нэгжийн авто машин явж байгаа.
-“Coаl Mongolia-2014” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үер “Эрдэнэс таван толгой” компани олборлосон нүүрсээ “Энержи ресурс” компанийн угаах үйлдвэрт оруулж бүтээгдэхүүнээ экспортлох талаар яригдаж байсан. Яг хэзээнээс угаасан нүүрсээ гаргаж эхлэх юм бол?
-Тийм ээ. Манай зүгээс олборлосон нүүрсээ “Энержи ресурс” компанийн угаах үйлдвэрт оруулж гаргахаар тохиролцсон. Бэлтгэл ажил үндсэндээ дуусч байгаа. Ирэх сараас бид нар угаасан нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь монгол компаниуд нэгдэж чадсанаар гадаад зах зээл дээрх байр сууриа бэхжүүлж чадна гэж ойлгож болно. Үүнийг бид саяхан болсон “Coаl Mongolia-2014” чуулга уулзалтын үеэр харуулсан.