2013 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар адил цагт эхэлнэ. Ямар сургуулийн хэдэн тоот өрөөнд, хэддүгээр ширээнд сууж сонгосон хичээлийнхээ шалгалтыг өгөх талаар суудлын хуваарийн мэдээллийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг энэ жилийн төгсөгчдөд сургуулиар нь, харин өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвийн зөвлөмж мэдээллийн газраар дамжуулан тараасан билээ.
Төгсөгчид шар хуудсынхаа дагуу шалгалт өгөх газраа нэг цагийн өмнө очиж, анги танхимдаа 10 минутын өмнө байраа эзэлж суусан байх ёстой. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргааш баасан гаригт Орос хэлний шалгалтаар 10.00 цагт эхлэн ням гаригт 14.20-16.00 цагт Физикийн шалгалтаар өндөрлөнө. Бусад өдрүүдийн эхний шалгалт 8.30 цагт эхлэх тул гэрээсээ гарахдаа цагаа зөв тооцоолж хоцрохоос сэргийлээрэй.
Шалгалт эхлэхийн өмнө танхимд гэрээний хуудас болон шалгалтын дэвтэр, баганан кодыг хариултын хуудсын хамт тараана. Шалгалтын дэвтэрт тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материал багтдаг.
Харин гэрээний хуудас нь нэг талдаа шалгуулагчийн зураг болон товч мэдээллийг агуулсан, нөгөө талдаа шалгалтын анги танхимд баримтлах дэгийг заасан, шалгалтанд орсныг гэрчлэх хуудас юм. Баганан код нь тухайн хүүхдийн шалгалтын материалын нууцлалыг хангахад хэрэглэгддэг. Хос баганан кодыг тасархай шугамын дагуу салгаж, хариултын хуудас болон гэрээний хуудасны зориулагдсан талбайд наана.
Шалгалтын цаг дууссаны дараа хянагч багш гэрээний болон хариултын хуудсыг тус тусад нь дугтуйлан битүүмжилснээр шалгалт дуусах аж.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн шалгалтын гүйцэтгэх хугацаа 100 минут. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут юм байна.
Шалгалтад авч очих зүйлс
1. Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга, эсвэл төгссөн сургуулийнхаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч очно. Харин иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон огт аваагүй бол Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс хүн амын шинэчилсэн бүртгэлийн лавлагаа авсан байх шаардлагатай.)
2. Бүртгэлийн хуудас
3. Суудлын хуваарийг баталгаажуулсан шар хуудас
4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
5. Хар эсвэл хөх өнгийн үзгэн болон тосон бал (Шалгалтын дэвтрийг ноорог болгон ашиглаж болох тул өөр зүйл авч орохыг хориглодог.)
2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ
Сар, өдөр | Цаг минут | Шалгалт |
06 сарын 14 | 1000-1120 | Орос хэл |
1300-1440 | Хими | |
1600-1720 | Англи хэл | |
06 сарын 15 |
0830-0950 | Монгол Улсын түүх |
1130-1310 | Математик | |
1430-1550 | Биологи | |
1700-1820 | Монгол хэл | |
06 сарын 16 | 0830-0950 | Газар зүй |
1130-1250 | Нийгмийн тухай мэдлэг | |
1420-1600 | Физик |
эх сурвалж: Д.Мягмарсүрэн www.zone.mn