Үндэсний даатгалын корпораци байгуулна
Засгийн газрын тогтоолоор баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний даатгалын корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувийн хэвшилтэй хамтран байгуулах ажлыг Компанийн тухай хууль болон холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжийн сайдад зөвшөөрлөө.
Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төслийн санал авсан. 7,3 их наяд төгрөгийн нийт өртөгтэй 888 төслийн авах зээлийн хэмжээ 4,2 их наяд төгрөг болж байгаа юм. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгоход бизнесийн болон экспортын үйл ажиллагааг даатгаагүй тохиолдолд банкуудын эрсдэлийн шимтгэл нэмэгдэх, олгох зээлийн хэмжээ буурах, зарим төслүүдэд олгох боломжгүй болох зэрэг байдал үүсч болзошгүй. Эдгээр төслүүдээс гадна уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ч зээлийн эргэн төлөлт, экспортын даатгалын үйлчилгээ авч чадахгүй байна.
Дотоодын хувийн хэвшлийн үйлчилж чадахгүй байгаа даатгалын үйлчилгээг олон улсын жишгийн дагуу төр, хувийн хэвшлийн хамтарсан даатгалын компани байгуулах замаар үзүүлэх боломжтой гэж үзлээ. Үндэсний даатгалын корпораци нь зээлийн эрсдэл, экспортын төлбөрийн эрсдэлүүдийг даатгахаар төлөвлөж байна.
“Эрхийг нь бодитой болгох” Инчеоны стратегийг энэ сард хүлээж авна
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгох” Инчеоны стратегийг Монгол Улсад хэрэгжүүлэх арга хэмжээ энэ сарын 26-28-нд Улаанбаатарт зохион байгуулагдана. Инчеоны стратегийн хэрэгжилтийн эхний таван жил буюу 2013-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулах, ”Үндэсний зөвлөлдөх хороо”-г энэ онд багтаан байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.
Энэ сарын 26-нд Төрийн ордны их танхимд “Эрхийг нь бодитой болгох” Инчеоны стратегийг хүлээн авах ёслолын арга хэмжээ болж, 800 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
2012 оны 11 дүгээр сард БНСУ-д 2013-2022 онд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгох” Инчеоны стратегийг батлан гаргасан. Энэ стратеги нь ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох асуудлыг сайжруулах, улс төрийн болон шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог хөхиүлэн дэмжих, хүрээлэн буй орчин, нийтийн тээвэр, мэдлэг мэдээлэл болон харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй, хоцрогдолтой хүүхдүүд, тэдний гэр бүлийг дэмжих, хүүхдүүдийн боловсролыг өргөжүүлэх зэрэг 10 зорилготой ажээ.
Худалдааны бодлогын тайланг хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газрын тайланг 2005 оноос хойш эдийн засгийн гол салбаруудад гарсан өөрчлөлтүүд, бодлогын шинэчлэл, статистик тоон мэдээлэлд үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж сайшаан дэмжлээ.
Энэ тайланг Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлэх юм байна.
Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд нэгдэн орсон. Гишүүн орнууд худалдааны бодлогоо тогтмол хянуулах үүрэг хүлээдэг бөгөөд манай улс 2005 онд анх хянуулж байжээ.
Худалдааны бодлогыг хянах үйл ажиллагаа, хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцох бөгөөд хэлэлцүүлгийн дүнд гишүүн орнууд дүгнэлт, зөвлөмж өгдөг байна. Дэлхийн худалдааны байгууллагад 158 орон гишүүнээр элсчээ.
Товч мэдээ
· Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах тохиромжтой газрын байршил, төлөв байдал, цэвэр усны нөөц, дэд бүтцийн талаар орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боломжит хувилбаруудыг харьцуулан судалж, сонгон шалгаруулсны үндсэн дээр дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх, санал боловсруулж танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.
· “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
· Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев энэ сарын 23-25-нд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
· Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.