ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэний дараа Европын холбоо болон “Их 7”-ын орнууд Нидерландад яаралтай хуралдахаар боллоо. Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүчтэй шүүмжилжээ. Түүнчлэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жон Байден Эстоний Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Варшавт хийсэн мэдэгдэл нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Тэрбээр “АНУ-ын зүгээс НАТО-ийн түнш орнуудаа хамгаалах үүрэгтэй” гэдгийг онцлоод “Балтын тэнгис орчим руу цэргийн хүчээ илгээж, сургуулилт хийх асуудлыг анхааралдаа авсан” гэсэн байна. ОХУ-тай хил залгаа оршдог Польш, Литви, Латви, Эстони улс нь НАТО-ийн гишүүн орнууд юм. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карни “Крымийн бүс нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэсэн ОХУ-ын үйлдлийг буруу гэж үзэж байна. Энэ нь олон улсын энхтайван, аюулгүй байдалд заналхийлэхийн зэрэгцээ олон улсын хууль дүрэмд харшилсан үйлдэл. Крымийг нэгтгэх оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Германы Канцлер Ангела Меркель болон Их Британийн Гадаад хэргийн сайд Уилльям Хааг нар “Владимир Путин олон улсын хууль дүрмийг зөрчсөн” гэж мэдэгдсэн байна.
Ангела Меркель ОХУ-ыг шүүмжилсэн ч “Их 8”-ын бүрэлдэхүүнд багтсан хэвээр байгаа гэжээ. “Хэдийгээр ирэх зургадугаар сард Сочи хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан “Их 8”-ын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулахаар болсон ч үүнтэй холбоотой өөр ямар нэгэн шийдвэр гараагүй” гэж тэрбээр онцолжээ. Түүнчлэн Италийн Гадаад хэргийн сайд Федерика Могерини “Дээд хэмжээний уулзалтыг цуцалсан ч гэсэн “Их 8”-ын статус өөрчлөгдөөгүй” гэсэн байна. Түүнээс гадна БНХАУ-ын тал “Украйны хямралыг анхааралтай ажиглаж байгаагаа” мэдэгдсэн байна. Крымийн асуудалтай холбогдуулан бүс нутгийн тогтвортой байдлыг хангасны дараа БНХАУ Украйнтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.