Монгол Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Тавантолгойн нүүрсний орд газрыг иж бүрнээр нь ашиглах цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох “Эрдэнэс ТТ” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн, жилд 20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг өнөөдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталжээ.
Үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг 2012 оны есдүгээр сараас эхлэн “Эрдэнэс ТТ” ХК-ийн Нүүрс баяжуулах төслийн баг, АНУ-ын “Аусэнко Таггерт” компани болон үндэсний компанийн төлөөлөл болох Уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Ай Эм Кэй” ХХК болон уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын “Гранд Повер” ХХК-иудтай хамтран боловсруулжээ. Түүнчлэн энэхүү төсөлд энэ салбарт ажиллаж байгаа Монгол улсын тэргүүний инженерэдийн засагчид, зөвлөх инженерүүд,эрдэмтэн профессорууд, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, үйлдвэрлэл дээр ажиллаж байсан дадлага туршлагатай мэрэгжилтэнүүдийг татан оролцуулсан нь ТЭЗҮ-ийн төслийг богино хугацаанд чанартай хийхэд чухал хувь нэмэр болсон гэж төсөл зохиогчид үзэж байна.
Төслийн ерөнхий удирдагчаар “Эрдэнэс ТТ” ХК-ийн Нүүрс баяжуулах төслийн удирдагч Л.Батсүх ажиллаж, төслийн зөвлөхөөр “Ай Эм Кэй” ХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Баярсайхан, ШУТИС-ийн УУИС-ийн баяжуулалтын багийн ахлах, Монгол Улсын зөвлөх инженер, доктор профессор Б.Алтантуяа, Эрдэс боловсруулалтын хүрээлэнгийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, доктор профессор Г.Бадамхатан, ШУТИС-ийн УУИС-ийн уул уурхайн цахилгаан хангамжийн багийн ахлах, Монгол Улсын зөвлөх инженер, доктор профессор Б.Эрдэнэцэцэг, Монгол Улсын зөвлөх инженер, Ж.Очир нараар удирдуулан “Эрдэнэс ТТ” ХК болон “Ай Эм Кэй” ХХК, “Гранд Повер” ХХК-ийн хамтарсан төслийн баг ажилласан.
Төслийн багаас нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны технологийн горим, схем ба технологийн гол гол шийдлүүд, техник тоног төхөөрөмжийг сонголтонд ордын нүүрсний чанрын баяжигдах үзүүлэлтүүд дээр үндэслэн Стаюард Монголиа болон Ленинградын нүүрсний шинжилгээний лабораториудад хийсэн технологийн туршилтын үр дүнгийн тайлангууд, түүнчлэн барууны уул уурхайн туршлага дээр үндэслэсэн байна. Төсөл зохиогчид Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд ижил төстэй уурхайнуудад ашиглагдаж байгаа баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний үйлдвэрийн дэвшилтэд сайн талуудыг зураг төсөлдөө аль болох түлхүү тусгах, доголдол дутагдалтай зүйлүүдийг илүү сайжруулах, гарч байсан хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх замаар хийсэн байна. Энэ тал дээр ялангуяа “Энержи Рисурс” компанийн Ухаа Худагын нүүрсний уурхайд ашиглагдаж байгаа нүүрс угаах үйлдвэр, “Шивээ-Овоо” ХК-д ашиглагдаж байгаа нүүрс хатаах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, инженер техникийн ажилтануудтай зөвлөлдөх, туршлага солилцох, санал зөвлөмж авах зэрэгээр хамтран ажилласан нь үр дүнтэй болсон гэж үзэж байна.
Энэхүү баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг батлуулснаар “Эрдэнэс ТТ” ХХК нь 2015 оноос эхлэн жилд 5 сая тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэж борлуулах бөгөөд цаашдаа хүчин чадал нь жил тутамд нэмэгдэж 2017 онд жилд 20 сая тонн болж өргөжих юм. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж БНХАУ болон зүүн азийн орнуудад баяжуулсан сайн чанрын коксжих нүүрс нийлүүлж эхэлмэгц өнөөгийн нүүрс борлуулалтанд нүүрлээд байгаа хямд үнээр нүүрсээ зардаг, хэрэглэгчидийг царайчилдаг байдал эрс өөрчлөгдөж, компанийн эдийн засгийн үр өгөөж эрс дээшилнэ гэж төсөл боловсруулагчид үзэж байна.
эх сурвалж: news.mn