Хэдэн зуун жилийн өмнөөс Буддын шашин соёлыг эрхэмлэх болсон Монголчууд бид чадах чинээгээрээ нүглээс татгалзаж, буяны үйлийг хичээж ирсэн түүхэн уламжлалтай.
Одоо ч гэсэн нийгмийн дундаж давхаргын ихэнх иргэд нэг талаас буяны үйлийг хичээж, нөгөө талаас ажил үйлсээ бүтээх зорилгоор гандан хийд орж, судар ном бичүүлэн, лам хуврагийг гэр орондоо залж сан уншлага айлтгуулан, засал гүрэм хийлгэдэг. Харин нийгмийн толгой баячуудын хувьд “буяны” зан үйл нь бусдаас ялгагдах өвөрмөц онцлогтой бололтой. Ихэнхдээ тэд өөрийн амьдрал, бизнес, гэр бүлийг нь “даасан” лам багш, удган зайрантай байхаас гадна сүм хийдийн тэмдэглэлт өдрүүдийн уншлага, шашны зан үйлийн бүхий л зардлыг өөрөөсөө гаргаж санхүүжүүлдэг. Ингэснийгээ тэд өөрийн энэ болон хойт насны амьдралдаа асар их буян хийж байна гэж төсөөлдөг бололтой юм билээ. Бараг л “бурханыг хахуулдан” энэ насны амьдралдаа зовлон шаналалгүйгээр өнгөрүүлэхийг аргалаад зогсохгүй хойд насандаа шууд “диваажин”-д очих боломжоо олж авч байгаа гэдэгт итгэдэг юмуу гэмээр.
Бүр сүүлдээ хэн, хэзээ хэлсэн юм бүү мэд, “суварга бүтээх нь дээдийн буян” гэдэг үгэнд итгэн энд тэндгүй “суварга” нэртэй шавар овоолох боллоо. Миний мэдэхийн Буддагийн сургаалд суварга босгож буян үйлдэнэ гэж байдаггүйсэн.
Харин хожим Буддагийн шавь нар түүний сургаалийн гүн ухааны агуулгаас хөндийрүүлэн шашны утга агуулгатай болгож тайлбарлах болсон үеэс буюу Бурхан багшид зориулан “Их найман суварга бүтээх” болсноос үүдэн энэ зан үйлд олноо түгсэн бололтой юм.
Үнэн чанартаа хүнийг хайрлах, хүнд эелдэг найрсаг хандах, өөрийн гэм, шунал хүслийг огоорох явдлыг л “буян” гэж Будда хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр Буддагийн сургаал номлол нь шашин соёлоор дамжин буруу тайлбарлагдан, бусдад ойлгогдох болжээ. Эдүгээ бэл бэнчинтэй болсон хэн нэгэн аав ээж, нутаг ус, хутагт хувилгаадад зориулж хаа сайгүй суварга босгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Баячууд суварга босгосноор нүглээ цайруулан буян хурааж улам баяжина гэж итгээд байх шиг.
Бүр сүүлдээ хээр хөдөө суварга нэрийн дор сүүдрэвч, хогийн цэг, бие засах газар гэмээр зүйл олноороо баригдах боллоо. Олны танил, алдар нэртэй хүмүүс нутаг усандаа очихдоо ёс мэт суварга бүтээлгэх болжээ. Суварганы зэрэгцээгээр энд тэндгүй морь малны хөшөө барих явдал ч газар авлаа. Энэ бүгдийг хараад, бэл бэнчинтэй хүмүүст хандан суварга нэртэй шавар овоолохын оронд “жинхэнэ буян”-ы үйл хэргийг хэрэгжүүлэх тухай саналыг хэлэхийг хүслээ.
Улаанбаатар хотын зүүн хэсэг, Баянзүрх дүүрэг Улаанхуранд орших 2 давхар намхан байшин бий. Түүнийг “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” гэж нэрлэдэг. Хүүхдийн баяр, сонгууль болохоор л зарим хүмүүс энэ газраар хэвлэл мэдээллийнхэнтэй хамтаар зочлон, өнчин өрөөсөн дээрх хүүхдүүдэд “хайр зарладаг” ч, харамсалтай нь тэгэсгээд мартдаг. Тэнд, та бидний үр хүүхдүүдтэй адилхан ч эцэг эхдээ хаягдсан, тэднээсээ өнчрөн хоцорсон бяцхан багачууд бий. Харамсалтай нь тэдэнд одоо болтол урлагийн болон спорт заал алга. Та суварга босгохын оронд энэ бяцхан хүүхдүүдэд зориулан урлаг спорт заалийг нь бариад өгчих. Магадгүй та өөрөө дангаараа түүнийг нь бариад өгөх бэл хүрэхгүй байгаа бол бизнесийн хамтрагч, найз нөхөдтэйгээ нийлээд бяцхан багачуудын мөнхийн мөрөөдөл болсон урлаг юм уу спорт заалыг нь бариад өгчихвөл ёстой л нөгөө “буян буяны дээд” болно биз ээ. Олон хүүхдүүдийн эерэг, халуун дулаан элч энерги ямарч суварга, шороо чулуун овоолгоноос хэдэн мянга дахин илүү зөв энерги, буяныг танд хүртээх болно гэдэг нь эргэлзэх хэрэггүй.
Төр засаг ч гэсэн эдгээр “шоовдорлогдсон” багачуудад хандан аятай тохитой орчинд өсөж, сурч хүмүүжих боломж олгох асуудалд анхаарлаа хандуулах нэгэнт цаг болжээ.
Ц.Мөнхбаатар