Эмэгтэй хүн бүр дур булаам төрхтэй болохыг хүсдэг. Харамсалтай нь толины өмнө тухтай суух цаг ховорхон. Энэ байдлаа үнэтэй хувцас, брэндийн гутал, тансаг гоо сайхны бүтээгдэхүүнээр далдлах гэж яарахаасаа өмнө сайхан үс хүний бие, нүүрний өөг далдалдаг шидтэйг санаарай.
Өөртөө зохисон засалттай бол үсээ янзлах гэж цаг барах шаардлагагүй, хурдхан боогоод, шуугаад эсвэл угаасныхаа дараа сэгсрээд л “гоёчихож” болно. Харин үсээ засуулахаар салонд орж, сэтгүүлийн зураг сонгохоосоо өмнө нүүрний хэлбэрээ зөв тодорхойлон хэрхэн засуулахаа төлөвлөсөн нь дээр. Дараа нь мэргэжлийн үсчинд хандвал та ямар ч салоноос сэтгэл хангалуун гарах болно. Хүний нүүрний хэлбэрийг долоо ангилдаг ба нүүрнийхээ хэлбэрийг тодорхойлохын тулд хэд хэдэн хэмжилт хийж, хооронд нь харьцуулах хэрэгтэй.
a) Шанааны ясыг дайруулж, нүүрний өргөний хэмжээг авна.
б) Эрүүний өргөнийг хэмжинэ.
в) Духны өргөнийг хэмжинэ.
г) Хуйхны ирмэгээс эрүү хүртэл уртын хэмжээ авсанаар өөрийн нүүрний хэлбэрийг тодорхойлж болно.
1. Зууван
Ерөнхийдөө урт нарийхан, эрүү, дух, шанааны өргөний хэмжээ ойролцоо, хуйхны ирмэг нь дугуй байдаг. Урт богино, буржгар шулуун гээд л бүх хэлбэрийн үс засалт зохидог болохоор зууван хэлбэртэй нүүр нь “төгс” хэлбэртэй хэмээн тооцогддог. Тиймээс үсний хэв маягийг өөрчлөхдөө “муухай харагдах вий” гэж санаа зовох хэрэггүй. Ихэнх үсний моделууд зууван царайтай байдаг. Аль болох үсээ хойш нь самнаж, нүүрнийхээ “төгс” хэлбэрийг тодотгож байх хэрэгтэй. Духруугаа өтгөн үс /чёлка/ гаргах хэрэггүй. Нэмж хэлэхэд алдартай хүмүүсийн үсний засалтыг анзаарч байхад илүүдэхгүй бөгөөд Женнифер Анистон, Камерон Диаз, Мариан Кери, Синди Кроуфорд, Шэрон Стоун, Ума Турман, Жулиа Робертс нарын нүүрний хэлбэр зууван юм байна.
2.Гонзгой буюу тэгш өнцөгт
Нүүр нь хэт урт, эрүү дух нь өргөн болохоор ерөнхийдөө тэгш өнцөгт хэлбэртэй харагддаг ба ихэнхдээ жижиг эрүүтэй, өндөр духтай байдаг. Тиймээс нүүрнийхээ хэлбэрийг тэнцвэржүүлэхийн тулд духруугаа шингэн үс /чёлка/ гаргаарай. Ингэснээр нүүр нарийхан, эрүү урт харагддаг. Үсний уртын хувьд хүссэнээрээ засуулж болох ба шаталсан тайралт гайхалтай зохидог. Гэхдээ хэт урт үс нүүрний хэлбэрийг тодотгодог гэдгийг санахад илүүдэхгүй. Мөрөө хүрсэн урттай үс илүү зохимжтой. Шулуун үстэй бол хагалж самнасан нь дээр. Алдарт дуучин Жанет Жексон, загвар өмсөгч, гар бөмбөгийн тамирчин Габрел Рийсе, супермодел Ники Тэйлор нарын нүүр гонзгой хэлбэртэй болохоор тэднээс үлгэр авч болох юм.
3. Дугуй
Эрүү болон хуйхны ирмэг нь дугуй хэлбэртэй, том хацартай, дэлдэн чихтэй бол энэ ангилалд хамаарна. Урт үс эрүүг урт харагдуулдаг болохоор илүү зохимжтой. Богино үстэй бол аргаш нь самнаж байгаарай. Нүүрнийхээ хэлбэрийг засахын тул үснийхээ угийг босгох хэрэгтэй. Мөн дух, хацарыг далдалсан үсний засалт нүүрний хэлбэрийг нарийхан, урт харагдуулдаг. Харин үсээ хагалж самнах, чихнийхээ араар хийх хэрэггүй. Халимаг үс, духруугаа гаргасан шулуун богино үстэй бол сайхан харагдах талаар санахын ч хэрэггүй. Тохирох засалт санаанд орохгүй байвал Швейд гаралтай жүжигчин Ингрид Бергман, “Титаник”-ын од Кэти Уйнслит, Дрю Бэрримор нар дугуй нүүртэй гэдгийг санаж, тэдний зургийг нэг хараарай.
4. Дөрвөлжин
Эрүү, хуйхны ирмэг нь дөрвөлжин хэлбэртэй байдаг ба ихэнхдээ адилхан өргөнтэй байдаг. Нүүрний хэлбэр нь дөрвөлжин хүмүүст богино эсвэл дунд зэргийн урттай, нүүрийг эмжсэн долгионтой үс сайхан харагдана. Үсээ шатлуулж, духруугаа багц үс гаргавал илүү зохиомжтой. Үснийхээ угийг босгож байвал нүүрний хэлбэр урт, нарийхан харагддаг. Харин хагалж самнах хэрэггүй. Урт, шулуун үс хүнийг өндөр харагдуулдаг хэдий ч эрүүний хэлбэрийг илүү тодруулдаг. Тиймээс дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол долгионтой, буржгар үс илүү зохино. Харин урт, шулуун үс таалагдаад байвал духруугаа мөн шулуун үс гаргаарай. Нэмж хэлэхэд шилэн хүзүү ил харагдуулдаг богино тайралтууд яасан ч зохихгүй. Гэхдээ ийм засалт таалагдаад байвал аль болох хөвсийлгөж, нүүрний хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй чёлк гаргахгүй бол сайхан харагдах талаар санах ч хэрэггүй. Дөрвөлжин хэлбэрийн нүүртэй жүжигчин Сандра Баллок, Деми Мур, Холли Мэри Комбс нарын үсний засалтыг харж байхад илүүдэхгүй.
5. Зүрх
Жижиг нарийхан эрүүтэй, шанаанаас дух руугаа өргөссөн байвал “зүрх” буюу доошоо харсан гурвалжин хэлбэртэй харагддаг. Ийм хүмүүст чихээр татсан богино эсвэл урт үс сайхан харагдана. Чихээр татсан үс өргөн дух, шанааг далдлаж, эрүүний хэлбэрийг тодотгодог. Өөрөөр хэлбэл зүрхэн хэлбэрийг “төгс” зууван луу дөхүүлэх өнгөлөн далдлалт болдог аж. Мөн шилэн хүзүүг өргөн харагдуулдаг болохоор эрүүний хэлбэрийг засаж, гадаад төрхийг санаанд оромгүй өөрчилдөг. Харин үсээ нэг тал руугаа илүү хагалж байхаа мартав аа. Өргөн духаа нуухын тулд үсний угийг босгох хэрэгтэй ба энэ нь урт эрүүтэй харагдуулдаг байна. Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүн үсээ хойш нь самнавал их ширүүн төрхтэй болдог. Алдартнуудаас жүжигчин Эшли Жюд, загвар өмсөгч Клаудиа Шиффер, Наоми Кемпэл нар “зүрхэн царайтны” ангилалд багтдаг байна.
6. Лийр буюу доошоо харсан гурвалжин
Зүрхэн хэлбэрийн урвуу дүрс. Өргөн, том эрүүтэй, шанаанаас духруугаа нарийсан, нэг үгээр хэлбэл лийр шиг хэлбэртэй бол энэ ангилалд хамаарна. Чамархайгаар татсан өтгөн үс нүүрний хэлбэрийг тэнцвэржүүлж, нарийхан эрүүтэй харагдуулдаг. Өөрөөр хэлбэл нарийхан духыг өргөсгөн эрүүтэй ойролцоо хэмжээтэй харагдуулахын тулд нүүрийг хөндлөнгөөр нь хувааж, нүүрний дээд хэсгийг өргөн харагдуулах өтгөн /буржгар/ богино тайралттай үс зохимжтой. Дээгүүрээ өтгөн, чамархайнаас доошоо шингэрсэн үс лийр хэлбэрийг тэнцвэржүүлж, гайхалтай сайхан харагдуулдаг. Үсээ хагалж самнах хэрэггүй, харин чихнийхээ араар хийвэл шанаа өргөнтэй харагдах болно. Урт үс эрүүний хэлбэрийг тодруулах болохоор аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин урт үс үнэхээр таалагдаад байвал дээгүүрээ долгионтой, хөвсгөр, доошоогоо шулуун байвал арай илүү зохино. Нэмж хэлэхэд үсний угийг босгох хэрэггүй. Энэ ангилалд хамрагдах супермодель, жүжигчин, зохиолч Кэти Иреландын үс засалтыг сонирхож харахад илүүдэхгүй.
7. Алмас эрдэнэ
Зүрх болон зууван хэлбэрийн нэгдэл. Өргөн шанаа, нарийхан дух, эрүүтэй байдаг. Мөн эрүү духны өргөний хэмжээс нь бараг тэнцүү байдаг. Ийм хэлбэрийн нүүрэнд зууван хэлбэрийн адил олон янзын үсний засалт, хэв маяг зохино. Хэрэв үсээ богино болгох гэж байгаа бол шилэн хүзүүгээ бүдүүн харагдуулахаар засуулаарай. Ингэвэл нарийн шанаатай, жижиг эрүүтэй харагддаг. Харин талстат алмас эрдэнэ шиг нүүрний чинь гайхалтай хэлбэрийг дарах болохоор дух руугаа үс гаргах хэрэггүй. Алмас эрдэнэ шиг хэлбэртэй бол жүжигчин Катерина Хэпбурн, София Лорен, Италийн алдартай жүжигчин Линда Евангэлист, “Spice girls” хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бэкхэмийн үсний засалтыг туршиж үзээрэй. Учир нь тэдний нүүр ч гэсэн алмас эрдэнийн хэлбэртэй.
Эмэгтэй хvн болгон оворгvй, vргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг. Гэтэл амьдрал дээр зарим нэгэн зvйл санаснаар болно гэж vгvй. Хvvхнvvд маань гэр орны тvмпэн савны угаалгын зэрэгцээ эрхэлж байгаа ажил тєрєлдєє ядарч цухалдсандаа нvvрнийхээ будаг шунхаа ч арилгалгvй унтчихдаг тал бий. Гэхдээ энэ нь оворгvй харагдахын тулд олон цаг толины өмнө суун, нєгєє муу нvvрнийхээ арьсанд элдэв тєрлийн химийн бодис тvрхэж бас өдөр бvр салонд очих шаардлагатай гэсэн vг биш. Харин та дор дурьдсан шиг зарим нэгэн зєвлєгєєг өдөр тутмын амьдралдаа баримталж, аар саархан гэмээр энгийн зvйлээр өөрийгөө тордоход л хангалттай юм.