Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд ямар нэгэн шок нэмэгдэхгүй гэж Сангийн яамнаас таамаглаж байна. Өнгөрсөн үеийн шок эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж, урт хугацааны чиг хандлага руугаа аажмаар буцна гэж үзэж буйгаа танилцууллаа. 2014 оны эдийн засгийн төсөөллийг гаргахдаа хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөхгүй байгаагаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсныг тооцсон байна.
Мөн ойрын ирээдүйд түүхий эдийн үнэ урт хугацааны чиг хандлага руугаа ойртон Оюу Толгойн зэс, алтны экспортын хэмжээ 20 хувиар нэмэгдэнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тус хувилбараар авч үзвэл эдийн засгийн өсөлт энэ оны хоёдугаар улирал хүртэл саарч, гуравдугаар улирлаас өсч оны эцэст 11.1 хувьтай гарахаар байна. Суурь төсөөллөөр Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн чиг хандлага сүүлийн 13 жилд 8.3 хувь, 10 жилд 8.9 хувь, таван жилд 9 хувьтай байгаа харин инфляци 10-11 хувьтай байгааг Сангийн яамнаас танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнээс шууд хамааралтай байдаг нь бусад улстай харьцуулахад макро үзүүлэлтүүдийн вариац хэлбэлзэл өндөр байх шалтгаан болж байна.
Түүхий эдийн ханшийн төлвийг харвал Хятад улсад нийлүүлэлт их, эрэлт бага байгаатай холбоотойгоор Австралийн нүүрсний үнэ тасралтгүй унаж, цаашид ч бага зэрэг буурах хүлээлттэй байгаа юм. Мөн Бразиль, Австралийн төмрийн хүдрийн нийлүүлэлт хангалттай байгаа нь төмрийн хүдрийн ханшид сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа бол зэсийн үнэ цаашид тогтвортой байх хандлага үргэлжилнэ гэж ОУВС-ын түүхий эдийн зах зээлийн шинжээчид үзэж байна.