МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар дөнгөж сая томилогдлоо. Энэхүү газрыг өмнө нь Иргэний хөдөлгөөний гэх тодотголтой О.Магнай шаггүй сайн хашиж байсан бөгөөд улс төрийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байдаг. Тэгвэл түүний оронд ШӨХТГ-ын даргаар томилогдож байгаа Т.Аюурсайхан нь МАН-ыг засгийн эрх барьж байх үеэс МАН-д Шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж, улмаар журмын нөхөд болох Н.Удаанжаргал, Б.Ганхуяг, Т.Сайнжаргал нарын хамтаар засаг төрийн буруутай үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж, МАН-ын даргад өрсөлдөж, МАН шинэчлэгдэж ёстой хэмээн нам дотроо асуудал тавьж байсан бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд явуулсан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газарт шүүмжлэлттэй хандаж, түүнийг огцрохыг шаардан ард нийтийн санал асуулга явуулж, 23 хоногийн турш улс төрийн суултыг журмын нөхдийнхөө хамтаар зарлан, УИХ дах МАН-ын 26 гишүүн болон АН-ын бусад гишүүдийн дэмжлэгийг авснаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцоруулахад чухал нөлөөтэй оролцож байсан юм.
ШӨХТГ-ыг өмнө нь Иргэдийн дуу хоолой болж гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулж байсан О.Магнай удирдаж байсан бол энэ удаад төрийн бодлогод алдаатай ажилласан Шинэчлэлийн засгийн газрыг огцор хэмээн шаардлага тавин гудамжинд гэр барин улс төрийн суулт зарлаж байсан МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан удирдахаар боллоо. Ингэснээр Т.Аюурсайханы хувьд зөвхөн МАН-ын Шинэчлэлийн төлөө бус улс орны өмнө тулгамдсан,ард иргэдийн эрх ашгийг хохироож байгаа шударга бус зүйлстэй тэмцэх боломж бүрдлээ. Сонирхуулахад ШӨХТГ-ыг үе үеийн тэмцэгчид дараалан удирдах хандлага ажиглагдаж байна.
Ажиглагчид Т.Аюурсайханыг ШӨХТГ-ыг зөв удирдан ард иргэдийн дуу хоолой болж, тэднийг хохироож байгаа шударга бус үйл хэргийг таслан зогсоож чадах туршлагатай улс төрчдийн нэг гэж харж байна.
Ц.Мөнх