Унасан бөх түрүүлдэг наадмыг хэдий хүртэл үзэх вэ

olloo_mn_1421210967_buxАливаа тэмдэглэлт баяр ёслолоор морь уралдуулж, бөх барилдуулах нь Монгол уламжлал. Энэ дагуу Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөө.

Энэ өдөр Монгол бөхийн өргөөний хойморт Төрийн дээд, өндөр албан тушаалтнууд заларч, Улсын гарьд Д.Рагчаагаар манлайлуулсан 224 бөх зодоглосон юм.

Улмаар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Өрмөн-Уул компанийн бөх улсын заан Д.Баасандорж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд үзүүрлэсэн юм. Харин Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх улсын гарьд Д.Рагчаа Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Жигүүр гранд группийн бөх улсын заан М.Өсөхбаяр нар шалгаран үлдэж Монгол бөхийн өргөөнөө хурсан олныг баясгасан билээ.

Гэвч энэ өдөр түрүүлсэн Улсын заан Д.Баасандоржийг зургаагийн даваанд Аймгийн арслан Б.Ганзоригт уначихаад байхад давсан хэмээн зарласан “хөлийн цэц”-үүдийг зарим иргэд ихээр буруутгаж байна.

Тодруулбал, ТВ-9 телевизийн зураглаачийн дуранд Улсын заан Д.Баасандоржийн өвдөг түрүүлж газар хүрснийг маш тодорхой, хэд хэдэн удаагийн давталттайгаар харуулсан боловч хөлийн цэцүүд давааг Д.Баасандоржид өгсөн байгаа юм. Эндээс л үндэсний бөхийн дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэдгийг илтгэж байна. Ядаж Японы сумо бөх шиг камерын бичлэгийг үзэж, давсан, унасан бөхийг тодруулдаг болох шаардлагатай. Энэ удаагийн барилдаан ч үнийг нотлон харуулсан.

Гэвч манай үндэсний бөхийн дүрэм журам, техник, технологи хөгжсөн орчин цагт “ноёны бөх унадаггүй, дахиул, дахиул” гэдэг дундад зууны үеэсээ салж чадахгүй байгаа нь харамсалтай.

Ами
Olloo.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …