Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.16/ хуралдаан 11 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төсвийн хяналтын дэд хорооны гишүүнийг чөлөөлөх болон томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдын алба хаших болсноор дэд хорооны гишүүнээс татгалзах тухай хүсэлтээ тавиад байсан юм. Түүнчлэн тус дэд хорооны 9 гишүүнээс 3 гишүүний сул орон тоо бий болоод байсан тул ийнхүү 4 гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсан. Тус намын бүлгээс Д.Сумьяабазар, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүдийг нэр дэвшүүлжээ. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Ч.Санжмятав гишүүнийг, бие даагч гишүүдээс Ц.Даваасүрэн гишүүнийг нэр дэвшүүлсэн ч хэлэлцүүлгийн явцад Ц.Даваасүрэн гишүүн нэрээ татаж байгаа тухай хэлснээр Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс нэр дэвшүүлсэн 4 гишүүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар Сангийн сайдаас асуулт асууж, тодруулсны дараа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дээрх хуулийн төслийн өрийн таазын хувь хэмжээ болон үйлчлэх хугацааны талаар маргаантай асуудлууд, ойлголтын зөрүү бий болоод байна.
Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдээр ажлын 5 хоног хүртэл хугацааны завсарлага авч нэгдсэн шийдвэрт хүрсний дараа дахин хэлэлцэх шаардлагатай байгаа тухай мэдэгдсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.