2015 оныг “Хариуцлагын жил” болгохоор шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /ӨБХ/-ны дарга, гишүүд өнөөдөр /Нэгдүгээр сарын 28/ Төрийн ордны хуралдааны Г танхимд хорооныхоо үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

        DSC_1961Хурлын эхэнд тус байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсад 3 дахь сая иргэн мэндэлснийг зарласан энэ сайхан өдөр хорооныхоо талаар хэвлэлийн бага хурал хийх болсондоо бэлгэшээж байгаагаа илэрхийлээд тус хороо зарчмын шинжтэй хэд хэдэн чухал шийдвэр гаргасныг сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэрбээр ярихдаа “Юуны өмнө ӨБХ нь ард түмний Байнгын хороо байх ёстой. Тиймээс ард түмний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авдаг саналын хайрцгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Иргэний танхимд байршуулж, 14 хоног тутамд мэдээллийг нь гарган авч, тухайн газар ямар асуудал тулгамдаж байгаа талаар мониторинг хийн, чухал шаардлагатай асуудлыг УИХ-аас гаргах бодлого, шийдвэрт тусгуулна” гэлээ.

        Тус хороо УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдан ажилласан хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 10 тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг тухайн салбарын сайд, гомдол гаргасан иргэдийг оролцуулан нээлттэй хэлэлцэж, тодорхой заасан хугацаанд үүргээ биелүүүлээгүй сайд нарт хариуцлага тооцож байхаар шийдвэрлэсэн тухайгаа Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн байна.

        Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлсэн үгэндээ “ӨБХ-ны дарга солигдсоноос хойш анхны хуралдаанаа өчигдөр хийсэн. Өмнөх дарга Р.Бурмаагийн үед тус хорооны ажлыг эхлүүлэн жигдрүүлэх бэлтгэл ажил хийн, үйл ажиллагааны дүрэм журмаа батлуулан, иргэд, олон нийттэй харилцах сүлжээгээ байгуулсан. ӨБХ бол иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх онцгой үүрэг гүйцэтгэдгийн хувьд Улсын Их Хурал дахь 8 байнгын хорооноос хамгийн чухал хороо. 2015 оныг тус хороо хариуцлагын жил болгон зарлаж байгаа бөгөөд иргэдийг хохироосон, үүргээ биелүүлээгүй сайд нарт хүчтэй шахалт үзүүлэн, хариуцлага тооцож байх санаачилга гаргаад байна” гэв. Тэрбээр мөн ӨБХ-ны хурлыг зөвхөн Төрийн ордонд төдийгүй орон нутагт, тухайн газар дээр нь ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргыг нь ороцуулан хийж байх санаачилга гаргаснаа дурдаад эн түрүүнд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ийм хурал хийх гэж байгаагаа дуулгалаа.

        DSC_1943Тус хорооны гишүүд малын хөлийн татвар, бэлчээр ашиглалттай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд тус хэсгийн ахлагч С.Ганбаатар ярихдаа “Улсын Их Хурал 20 гаруй жилийн түүхэндээ олон хууль тогтоомж, шийдвэр гаргасан ч тэдгэээрийн хэрэгжилтэд тавих хяналт муу байснаас Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үүргээ үндсэндээ 24 жил биелүүлээгүй. Гэтэл ард иргэдийн зүгээс хууль хэрэгжихгүй байгаа талаар байнга гомдол гаргадаг. Бэлчээр, амь амьжиргааныхаа асуудлаар тавьсан малчдын өргөдөл гомдлын мөрөөр бид Архангай, Дорноговь, Баянхонгор аймгуудад очиж газар дээр нь танилцан, Бэлчээрийн тухай, Газрын тухай хуулиудад өөрчлөлтт оруулахаар ажиллаж байна” гэлээ.

        Байнгын хорооны мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт тавьсан бөгөөд “Саналын хайрцагт хийсэн өргөдөл гомдлыг хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?” гэсэн асуултанд Байнгын хорооны дарга О.Баасанхүү хариулахдаа:

        -Байнгын хороо тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэлээрээ эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбартай холбоотой үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгч ирсэн. Бүтэн жил болоод байхад тэдгээр асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул тухайн салбарын сайд нарыг нь дуудан асууя гэж байгаа. Цаашдаа ч иргэдийн санал гомдлыг 14 хоногт нэг удаа авч мониторинг хийгээд Байнгын хороогоор хуралдаж хэлэлцэнэ. Урьд өмнө нэг асуудлыг 1800 хүн дэмжсэн бол Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргахаар дүрэмд заасан байсан бол одоо энэ тоог хэт өндөр байна хэмээн үзэж 900 болгон өөрчилсөн. Ер нь аливаа Байнгын хороо гаргасан шийдвэрийнхээ араас явдаг байх ёстой. Үйл ажиллагаа нь эхлээд хоёр жил болж байгаа ӨБХ арга барилын хувьд том шинэчлэл хийж, 7 хоног бүр нэг сайдыг дуудан ирүүлж, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөөд тухайн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон, албан тушаалаас нь буулгаж байхаар шийдвэрлэсэн. Мөн 7 хоног бүр бид орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байх болно гэв.

        Хэвлэлийн бага хурлын төгсгөлд тус Байнгын хорооноос Төрийн ордны 4-р давхарт нээлттэй сонсголын тусгай өрөө засуулж, нийгэмд тулгамдсан, олон нийтийн санаа сэтгэлийг зовоосон асуудлуудыг мөрдөн шалгах сонсгол хийж байх хуулийн төсөл өргөн барьснаа мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …