“ИХ АЛТАЙН “ИМИЖ”-ИЙГ БҮРДҮҮЛЭХ”-ИЙН ТӨЛӨӨ

SANYO DIGITAL CAMERA–    “Их Алтай” олон улсын аялал жуулчлал – спортын

      анхдугаар  их наадмаас хийсэн сурвалжлага, тэмдэглэл –

 

  1.  Их Алтайнхан “Шижигт”-ийн аманд чуулсан нь

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцлын ам, Ховд голын хөвөөн дэх хэсэгхэн газар таван хэлийн зочдоор 4 өдрийн турш бүчүүлж, олны хөлд дарагдав.

Тэнд барагцаалбал 500 орчим метрийн голч бүхий хүрээ үүсгэн барьсан Монгол гэрүүд ярайж, янз бүрийн өнгө хэлбэртэй асар майхнууд алаглана. Тэр бүр харагдаад байдаггүй өвөрмөц төрөл, (маркийн) машин тэрэг, завь, дельтаплан гэхчлэн спортын төхөөрөмж хэрэгслүүд харагдаж, дотор нь ороод чих тавибал хүмүүс Монгол, Орос, Хятад, Казак, Англи хэлээр ярилцан хөлхөлдөх нь бас нэг соньхон өнгө найрлыг бий болгоно.

Энэ бол “Их Алтай” олон улсын аялал жуулчлал, спортын анхдугаар их наадмын үйл ажиллагаа юм.

SANYO DIGITAL CAMERA

Наадмын бие даасан томоохон хэсэг болох спортын уралдаан тэмцээн 6 сарын 6-ны өдөр авто мото уралдааны гараагаар эхэлсэн ба нээлтийг нь албан ёсоор 6 дугаар сарын 9-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвд хийж, мэргэжлийн спортын тэмцээнүүд 11-ны өдөр хүртэл үргэлжилэв. Соёл, урлаг болон сонирхогчдын спортын төрлийг багтаасан аялал жуулчлалын их наадмын нээлтийг үгүүлэн буй газарт (Шижигтийн ам) 12-ны өдөр хийж, 14-ны өдөр хүртэл явагдав.

Наадмын нээлтийн үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаас сэтгэгдэлийг нь сонсоход  “энэ наадмын гол ач холбогдол нь найрамдал хамтын ажиллагаа юм. Мөн хүмүүс хоорондоо танил болж,  хамтран ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг шинэ гарц нээгдэж байна гэж бодож байна. Ховд аймгийн олон ястны урлаг соёл зан заншил гээд өвөрмөц зүйлүүд нэг дор зэрэгцэж байгаа нь их ач холбогдолтой.  Нууц товчооны хэлээр ярьдаг ард түмэн энд бий. Соёлын ялгаа бол даяаршиж байгаа ертөнцөд нэг давуу тал. Энэ давуу тал дээр дөрөөлж Монгол улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж бодож байна.  Цаашид манайхан ур чадвараа нэмэгдүүлж, тамирчид, сонирхогчдынхоо хүрээг тэлэх, байгаль хамгаалах асуудлыг үүнтэй холбож өгөх зэрэг асуудлуудыг анхаарах ёстой. 2015 оны 8 сард Ховд аймгийнхаа Ховд хотын ойролцоо ийм олон улсын том арга хэмжээг дахин зохион байгуулья гэж бид төлөвлөж байна” хэмээлээ.

Эл наадмыг “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлөөс явуулдаг үйл ажиллагааны хүрээнд санаачилсан бөгөөд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа нь хамгаас онцлог.

SANYO DIGITAL CAMERA

Ер нь Алтай нутаг, Алтайн их уулс бол Дөрвөн том гүрний харьяалалд багтаж буй соёл, түүх уламжлалын эртний баялаг өвтэй олон үндэстэн угсаатнуудын эх өлгий нь болж, тэжээн тэтгэж, нэгэн их гэр бүлийг бий болгож байдаг ба Евро-Азийн нэн өвөрмөц хийгээд томоохон хэсэг нь гэж хэлж болно.

Энэ ч утгаараа “Алтай бидний нийтийн гэр” хэмээх олон улсын тэр том байгууллага бий болсон биз.

Монголчуудын уламжлалаар бол энэ их өлгий нутаг Арван гурван Алтайгаас бүрддэг гэх. Зохиолч, зураас сэтгүүлч Тангадын Мандирын үгүүлснээр бол

“…”Хүдэр баян Хан Алтай” бол Монгол улсын нутаг дэвсгэрт орших их уулсын ай юм. Ноён оргил нь “Алтай таван богд”-ын “Хүйтэн”. “Хатан Алтай” нь газар зүйн байрлалаараа Хан Алтайн умард салбар мэт боловч нэн эртнээс “Хатан Алтай” хэмээн ардын дуу ерөөл магтаалд мөнхөрсөн их уулсын ай (ноён оргил нь “Белуга”), Ойрад болон баруун Монголын голт зүрх гэж болох, 240 км үргэлжлэх их уулсын бүрдэл болсон “Зүүн гарын Алтай”,  Ил Тарвагатай, Богд уул, Эрээн хавирга, Бор хөл, Цонж зэрэг нутгийг багтаасан “Илийн Алтай”, мөн Илийн Алтайтай хаяа дэрлэж, Иссыккул буюу Төмөрт нуурын хойт хөвөөг эмжин, дорнот үзүүр нь Тэнгэр  уулын ноёлох өндөрлөг, Хан тэнгэр лүгээ залгалдах “Хүнгээн Алтай”, Төмөрт нуурын өмнөд хөвөөг эмжиж 500 гаруй км үргэлжилэн, мөн л Тэнгэр уулын ноён оргил “Хан тэнгэр” лүгээ залгалдах “Дээр Алтай”,  Тэнгэр уулын баруун хойт шувтрага болон үргэлжилэх  “Таласын Алтай”, Прежвалский, Мурзаев, Обручев нарын зурагласан “Говийн Алтай” (ноён оргил нь их Богд уул), түүнчлэн   хиргисүүдийн уугуул нутаг бөгөөд ОХУ-ын Хакасын автономит тойрог болон Кемеров мужийг дамнан орших “Дархан Алтай” гээд дэлхийн цээж болж, дээр их тэнгэрт шадарласан, хэдэн мянган км үргэлжилсэн их уулсын ай хэсгүүд ийнхүү “Их Алтай”-н бүрэлдэхүүн болно.

SANYO DIGITAL CAMERA

Нэгэн цагт энэ Их Алтай нэлэнхүйдээ Монголчуудын нутаг байв. Тухайлбал одоо БНХАУ-ын нутаг болсон Илийн Алтайн талаар Ховдын Мянгадуудын өвөг дээдэс төрсөн нутаг шигээ танимхайран ярилцдаг байсан тухай Т.Мандир үгүүлэлдээ дурьджээ. Мөн “Хүнгээн Алтай”-н тухайд гэвэл

“Хас Хүнгээ нутаг минь

Эзэнгүй дүнхийж харагдана

Халх, бурууд хоёр ийлдээн одов” хэмээн манж, хятадын хагаралдуулах бодлогын нөлөөгөөр үүссэн Ойрад, Халхын дажин самууны үед гарсан энэлэнт дууны бадгаас эш татаж болно. Урианхай бөөгийн дуудлагад “Дээр Алтай….” гэж гардаг нь тэр нутаг Урианхайчуудын нутаглаж байсан нутаг гэдгийн нэг гэрч болох жишээтэй. Энэчилэн эш баримтуудыг дурьдаад байвал хангалттай бий.

Дээр үгүүлсэн “Хатан Алтай”-г Оросууд “Барс Алтай” гэж бас нэрлэдэг бололтой. Их наадмын үеэр ОХУ-ын оролцогч, төлөөлөгчидтэй Белуга хайрханы тухай яриа хөөрөө дэлгэх зуур тийн тодотгоцгоож байсан.

Зохиолч, сэтгүүлчийн зурагласнаас үзэхэд “Их Алтай” хэмээн нэрийдсэн эл наадам нэн өргөн цар хүрээг хамарсан, чухал үйл ажиллагаа болох нь ойлгомжтой хийгээд, дурьдахад илүүц санагдана.

Наадмыг ОХУ-ын Алтайн хязгаарын зүтгэлтнүүд анх санаачилсан бөгөөд удирдамж, хөтөлбөрийг нь ч мөн гардан хийсэн нь харагдаж байсан. Тэрээр наадмын зорилгыг тодорхойлохдоо олон улсын адал явдалт спорт болон аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд Их Алтайн “имиж”-ийг (онцлог) бүрдүүлэх, хил дамнасан хамтын ажиллагааны түншлэл, олон улсын залуучууд, тамирчдын нөхөрлөлийг хөгжүүлж бэхжүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулж, норм, зэрэг дэвийг ахиулах, эрүүл аж төрөх ёсыг сурталчилах хэмээн томьеолжээ.

Зорилго нь тун ч ач холбогдолтой, бас оновчтой санагдав. Харин наадмын үйл ажиллагаа зорилгодоо хэр нийцэж, ямар үр дүнг бий болгох вэ гэдэг нь дараагийн нэн чухал асуудал байсан нь мэдээж.

 

2. Монгол улсын Ховд аймгийн

 

уулчид үлгэр жишээ үзүүлжээ

Уг наадам мэргэжлийн спортын төрлүүд болох авто уралдаан, Өндөр уулын спорт, усан спортын төрлөөр эхэлсэн. Эдгээр тэмцээнүүд Баян-Өлгий аймгийн нутагт явагдсан бөгөөд манай уулчдын баг 6 дугаар сарын 9-ны үдээс хойш Цаст уулын бэл дэх авиралтын хээрийн буудал байгуулах газарт, (бааз лагер) хүрэлцэн очив.

Биднээс өмнө ОХУ, Монгол улсын Баян-Өлгий аймгийн багууд очсон байсан бөгөөд Улаанбаатар хот, Увс аймаг, түүнчлэн ОХУ-ын зарим багийн бүрэлдэхүүн биднийг очсоноос хойш ирцгээж, оройн 8 цагийн орчим тэмцээнд оролцох баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласны дараа тэмцээний талаар техникийн зөвлөгөөн хийв. Гэтэл ОХУ-аас уг ажлыг хариуцаж ирсэн нөхөд уулын авиралтыг оргил булаалдах тэмцээн болгон хувиргажээ.

Юу гэвэл ихэнх уулчид буюу оролцогчид Цаст уулын 4211 метр өндөртэй ноён оргилд авиран гарна гэсэн ойлголттой байтал, ОХУ-ын зохион байгуулагчид шүүгчид нь оргилд хүрэх замынхаа ердөө 60 орчим хувьд нь уралдаж хүрээд, жинэхэнэ мэргэжлийн авиралт явагдах хэсэг болох мөсөн зам руугаа орохгүйгээр буцаж ирэх байдлаар уг тэмцээнийг явуулахаар төлөвлөсөн нь маргаан үүсгэв. Тэмцээний уулын төрлийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч МУГТ, ОУХМ Т.Гүррагчаа, мөн ОУХМ Агваанданзан болон бусад уулчид энэ талаар тодорхой тайлбарлаж, уулын мөстлөг бүхий жинэхэнэ оргилын хэсгийг туулахгүйгээр, зөвхөн мөс, цасгүй хар хэсгийн өндөрлөгт уралдаж хүрэх төдийгээр энэ тэмцээнийг явуулах нь дэлхийн жишгээс гажихын зэрэгцээ, мэргэжлийн спортыг сонирхогчдын хэмжээнд авчаачиж аргацаах төдийгээр тэмцээнийг явуулсан нэр хэмээх гэж байгааг нь сайтар тайлбарлаж ойлгуулсны хүчинд тэмцээний маршрутыг өөрчилж жинэхэнэ оргилд хүрэх тэмцээнийг явуулахаар болов.

Ийнхүү хариуцан зохион байгуулж байгаа нөхөд тэмцээний арга хэлбэр,зам маршрутын талаар буруу зөрүү ойлготтой байсан нь удирдамж хөтөлбөрийг боловсруулахад мэргэжлийн уулчин, дасгалжуулагчын туслалцаа аваагүйтэй холбоотой бололтой. Тэмцээнийг Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймгийн нутагт явуулах нь тодорхой болсны дараа Хоёр аймгийн удирдлагууд эл хэргээр болон холбогдох бусад ажлын шугамаар Горний Алтай, Бело курихад дипломат ажлаар зочилохдоо уг удирдамж хөтөлбөрт санаа оноогоо тусгуулж чадаагүй, эсвэл саналаа оруулсан ч мэргэжлийн талын хүнийг бүрэлдэхүүндээ оруулж яваагүй, ядаж санал зөвлөгөөг нь авалгүй явсныг нь гэрчилж байна хэмээн уулчид шүүмжлэлтэй хандаж байсан.

Олон улсын уулчдын баг өглөөний 8 цагт илтгэл мэдүүлгээ өгч, бааз лагераас гараанд гарсан ба ОХУ-ын гурван баг, Монгол улсын Ховд аймгийн “Хан-Алтай”, Баян-Өлгий аймгийн “Таван богд”, Увс аймгийн “Хархираа”, Улаанбаатар хотын “Алтайн ирвэс” багууд, мөн Казакстан улсын баг багтсан юм.

Тэр өдөр тэнгэр цэлмэг, салхи шуургагүй, бороо цасгүй тогтуун байсан нь авирагчдад нэн таатай байсан ч авиралтын маршрут бас л яггүй, уулчид талдаа 10 орчим км-ын зам туулснаас гадна, маршрутын дагуух уулын энгэр хийгээд оргил хэсэг чамгүй эрс, зарим хэсэгтээ 60-70 градусын ханыг туулж байсан учир, зарим нь нэлээд ядарч байгаа нь харагдаж байсан. тэмцээний шүүлтийн хувьд уулын мөс, цаст хэсгийн захад хүртэлх эрс өндөрлөгийг хэр зэрэг хурдан хугацаанд багийнхаа бүрэлдэхүүнээр, зохион байгуулалттай туулж чадсан, мөн мөстлөг бүхий хэсэгт авиралтын техникүүдийг хэрхэн ашиглаж, эрсдэлгүй авирах нөхцлийг бүрдүүлж буй, самбаачлах үйл ажиллагаа, мөн багийн зохион байгуулалт зэргийг харснаас гадна замыг хэдий хугацаанд туулсныг гол болгохоор тогтжээ.

Олон улсын багууд 8 цаг орчим авиралт хийсний үр дүнд  хамгийн түрүүнд МУГТ, ОУХМ Т.Гүррагчаа ахлагчтай Монгол улсын Ховд аймгийн “Хан Алтай” клубын уулчид замыг 8 цаг 8 минутанд туулж оргилд хүрэв. Түүний дараа Баян-Өлгий аймгийн баг тамирчид 8 цаг 25 минут, ОХУ-ын 2-р баг 8 цаг 40 минут, Улаанбаатар хотын Алтайн Ирвэс баг 9 цаг 06 минут гэхчлэн оргилд гарцгаав.

Ийнхүү оройн 5 цаг 40 минут гэхэд бүх багууд гарч ирсэн ба сүүлчийн багийг оргилд хүрмэгц багууд оргилоос буцацгаав. Багууд мөстлөг бүхий хэсгийг буцаж  туулахдаа бүгд нэг маршрутыг дагасан бол хар хэсэгт хүрмэгц өөр өөрийн сонгосон маршрутаар буух замаа хөөв. Үдшийн 11 цаг 40 минутанд сүүлчийн уулчин бааз лагерт ирснээр уулын спортын тэмцээн амжилттай өндөрлөв.

Шүүгчид дээр дурьдсан шалгуур үзүүлэлтийн дагуу багуудын авиралтыг явцыг дүгнэж үзэхэд МУГТ, ОУХМ Т.Гүррагчаа ахлагчтай Монгол улсын Ховд аймгийн “Хан –Алтай” клубын баг тэргүүн байранд шалгарчээ.

SANYO DIGITAL CAMERA

Хоёрдугаар байрыг Алтайн ирвэс баг, гуравдугаар байрыг ОХУ-ын 2-р баг тус тус эзлэв.

Баян-Өлгий аймгийн “Таван богд” баг оргилд хүрэх замыг 8 цаг 25 минут харьцангуй хурдан туулсан ч авиралтын журам зөрчиж, нэг уулчин нь ганцаарчилсан авиралт хийж ёс суртахуунгүй авирласан, авиралтын техник, арга барилын хувьд шаардлага хангаагүй, мөн хамгаалах хэрэгслийг бүрдүүлээгүй, хувцас жигдрэлт муу гэх мэт шалтгаанаас олон оноо хасуулж, байранд орсонгүй.ОХУ-ын 2-р баг авиралтын хугацаа болон техникийн хувьд, “Алтайн ирвэс”-ийнхнээс илүү байсан ч тамирчид гараанаас гарахаар жагсахад хоцорсон гэх шалтгаанаар оноо ухарч 3-р байранд оров.

             Уулын спортын тэмцээнтэй зэрэгцэн явагдсан бартаат замын автомашины уралдааны тэмцээн Баян-Өлгий аймгийн төвөөс гараагаа эхлэж, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар тойрсон маршрутаар уралдан, 10-ны өдөр барианд орсон ба ОХУ-ын “EX-PRO” баг тэргүүлжээ.  Баг ийн ахлагчтай уулзахад “Манай баг Барнаулаас ирж энэ тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэллээ.  Гидрорультай машинаар Монголын уулархаг нутаг болон тал, говиор олон километр замыг амжилттай тууллаа.

          Баг маань тэмцээний бүх л үед зангидсан гар шиг ур чадвар, хүч бололцоогоо нэгтгэж ажилласнаар ийм амжилтанд хүрлээ. Тиймээс багийнхандаа их баярлаж байна. Зам маршрутын зураглалыг их тодорхой гаргаж, сайн зохион байгуулж өгсөн нь бидэнд бас их түшиг болсон.

          Бид Оросын үйлдвэрийн сүүлийн үеийн хийц бүхий машинаар  энэ тэмцээнд оролцсон нь бас нэг давуу тал гэж бодож байна. Яагаад гэвэл Оросод үйлдвэрлэсэн машины хувьд  бүтэц, эд анги бүх зүйл нь чанартай сайн хийгдсэн байдагт бид баяртай байдаг” гэлээ.

          Тус баг энэ тэмцээнд Александр Диверников, Архипов Евгений, Алексей Михаил, Боевиж Денис, Курасов Русслан, Курасова Елена, Кулинап Александр,  Кулинап  Юрый нарын бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Баян-Өлгий аймагт дельтапланы тэмцээн болох байсан ч Монгол болон зарим орноос тамирчдыг оролцуулах бэлтгэл хангагдаагүй зэргээс уг тэмцээнийг үзүүлэх тоглолт болгон өөрчилж,  ОХУ-ын тамирчид наадмын нээлт хаалтын үед үзүүлэх тоглолт үзүүлсэн нь олны сонирхолыг ихэд татав. Мөн загасчилах спортын тэмцээнийг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгагдсан байсан ч, бас л хүндэтгэх шалтгааны улмаас цуцлагдсан байна.

12-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцлын аманд их наадмын хоёрдахь гол хэсэг болох сонирхогчдын төрлийн спортын тэмцээнүүд, мөн  соёлын арга хэмжээ, урлагийн тоглолтуудыг багтаасан аялал жуулчлалын их наадмын нээлтийг хийж, усан спортын нэг төрөл болох раптингийн  тэмцээнээр спортын арга хэмжээ эхлэв.

Тэмцээн эхэлж байх үеэр  тус наадмыг санаачлагчпын нэг ОХУ-ын Алтайн хязгаарын Спортын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Горбык Евгений Алекеевичтэй уулзаж их наадмын талаар товч ярилцав. Горбык хэлэхдээ “Энэ фестивал Монгол улсын аялал жуулчлал, спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна. Би өмнө нь Монгол улсад ирэхдээ холбогдох хүмүүстэй энэ талаар санал солилцож, улмаар үүнийг ажил хэрэг болгох санаагаа лавшруулсан.

Энэ асуудал эртнээс яригдаж ирсэн. Хамгийн гол нь спорт аялал жуулчлалыг хамтарч хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидэнд байгаа. Тиймээс манай Терра Монголиа компани үүнийг бүх талаар дэмжиж, ийм наадмыг ажил хэрэг болгох саналыг ОХУ-ын холбогдох дээд газрууд, тухайлбал Аялал жуулчлалын спортын холбоонд өргөн барьснаар асуудал нааштай шийдэгдсэн.

Спортын аялал жуулчлалын бүх төрөл тухайлбал усан спорт, раптинг, уулын авиралт гээд бүгд л бидний хувьд төвөггүй хөгжүүлэх бололцоотой гэж үзсэн учир эдгээрийг энэ удаагийн наадмын төрөлд оруулсан. Наадмыг зохион байгуулахад хамтарч ажилласан Ховд болон Баян-Өлгий аймгийн удирдлага, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Юрий Ивановна, Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Т.Гүррагчаа, спортын мастер Алёшин, “Терра Алтай” компаний захирал Жамбалатов болон бусад нөхдөд гүн талархал дэвшүүлье хэмээв.

Бас техникийн зөвлөгөөний үеэр Горбык Евгений Алекеевич энэ наадмын хүрээн дэх тэмцээнүүдэд ихээхэн ач холбогдол өгч, бүх төрлийг аль болох стандартын төвшинд, өндөр шаардлага хангасан байдлаар явуулах хэрэгтэй гэсэн саналаа онцлон илэрхийлж байсан. Тэгээд мэргэжлийн тэмцээнүүдээс Уулын спортын тэмцээнийг шаардлагын хэмжээнд яаж зохион байгуулж, амжилтанд хүрч болдгийг Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Т.Гүррагчаа болон түүний ахалсан баг тамирчид харуулж чадлаа. Цааш цаашдаа манай Алтайнхан, ОХУ, Монгол, Хятад Казакстан улсууд санаачлагыг гартаа авч, олон улсын  томоохон зэрэглэлийн хэмжээнд, илүү олон орныг хамруулж, ийм төрлийн тэмцээн наадмыг явуулах бололцоотой болох хүртэл хөгжүүлнэ гэсэн алсын зорилго бидэнд бий юм шүү хэмээн бас онцлов.

Дашрамд дурьдахад Гүррагчаа гавьяатын ахалсан “Хан-Алтай” клубын багийн бүрэлдэхүүнд спортын мастер Б.Дашдорж, уулчин Х.Бямбасүрэн, уулчин, сэтгүүлч Г.Төрмөнх, ОХУ-ын  Алтайн хязгаарын уулчин Танкова Марина, уулчин Үрүмчийн их сургуулийн оюутан Б.Нямдаваа, уулчин Д.Бөхжаргал, уулчин Д.Бямбасүрэн нар авирсан юм.

 SANYO DIGITAL CAMERA

               3. Оросуудаас суралцах юм олон байна

Мөн эл өдрүүдэд явган зайн бартаат замын замын уралдаан, холимог зайн төрлийн уралдаан, дугуйн уралдаан, спортын чиг баримжаа олох тэмцээн, олс таталтын тэмцээн, хурдан морины уралдаан, Монгол үндэсний бөхийн барилдаан, Монгол үндэсний сур харвааны тэмцээн явагдаж, “өв соёлоороо гоёцгооё” нэртэй Монгол үндэсний хувцасны үзүүлбэр урлагийн тогтлолтууд болов.

Эдгээр тэмцээн уралдаануудын хувьд манай оронд тэр бүр нэвтрээгүй   ихээхэн сонирхолтой, бас хөгжилтэй, оролцогчдын хурд, хүч, ур чадвар, авхаалж самбааг сорих талаасаа ч тун яггүй, ер нь цаашид тусгаж авч, суралцаж нэвтрүүлүүштэй спортын төрлүүд байсан нь машид олзуурхууштай санагдсан.

Хавцлын боргионы хажууханд явагдсан явган зайн бартаат замын уралдаан гэхэд тамирчид хоёр хоёроороо гараанаас гарах бөгөөд тэмдэг тавьж, зассан маршрутын дагуу уулын бэл өөд 150 орчим метр, түүнээс цааш хэд хэдэн бэлчир гаргаж холбосон олсон зам бүхий уулын энгэр хэсгээр мөнөөх олсноос барьж, тэгэхдээ “жумар” хэмээх бэхэлгээний хэрэгсэл, “карбин” хэмээх гогцоот цагирагийг ашиглан, тэдгээр хэрэгслийг бэлчирлэж уясан олсон замуудад шилжүүлэн хийж, өөрийгөө бэхлэх замаар дахин 150 орчим метр гүйгээд, тэндээсээ элгэн хад руу олсоор дамжин бууж, уулын хормой хэсгийн замыг даган боргио бүхий уулын гол дээр ирнэ. Голын эрэг доорх улиас модноос агаарт бэхэлсэн олсон замаар мөн жумар болон карбиныг ашиглан бэхэлгээ хийж, дээд талын олсноос гараараа барьж, доод талынх нь олсон дээгүүр хөлөөрөө гишгэх замаар 20 метрын зайг туулж, дахин 10 метрын зайг дөрвөн мөчөөрөө олсноос зүүгдэх замаар туулаад буумагц тэмдэгт замаар хурдтай гүйж барианд орно.

Энэ уралдаанд ОХУ-ын тамирчид нэн чадмаг агаад Монголчууд ч мөчөөгөө өгөхгүй нь харагдаж байв.  Тэмцээнээс Ховд аймгийн эмэгтэй тамирчин Хамагбаяр хүрэл медаль хүртсэн юм.

Мөн спортын чиг баримжаа олох тэмцээн гэхэд хашлага хийж зассан 10 метр квадрат орчим хэмжээтэй талбайд авто машинаар хурдтай орж ирж, тормозлон зогсох ба оролцогч жолооч машинаас хуртай буун, талбайн нэг буланд байгаа машины дугуйг босгож гараараа өнхрүүлэн хөөсөөр өөрийн машиныг тойрно. Тэгээд байранд нь хүргэж тавиад гүйн ирж машиндаа суугаад талбайгаас гарч, 500 метр орчим замыг хурдтай туулан эргэж ирнэ. Өмнөхийн адилаар талбайд орж зогсоод, талбайн бас нэг буланд байгаа овоолоостой чулуунаас авч нөгөө буланд тавиастай байгаа опудгүй дугуйны гол хэсэг рүү шидэж оруулна. Шидсэн чулуугаа заавал тийш оруулж байж машиндаа сууна. Тэгээд голын ус руу давхиж 10-тын хувингаар ус утгаж талбайд орж ирээд, машинаасаа бууж, талбайн нөгөө нэг буланд байгаа сав руу усаа юүлнэ. Тэндээсээ саваар ус утган авч талбайн гарах үүдний хэсэгт цацаад, машиндаа сууж дээгүүр нь туулан гарна. Энэ бүхнийг цагаар тооцно. Бас үйлдлийн ямар алдаа гаргав гэдгийг нарийн хянана.

Авто машинтай хийсэн энэ тэмцээнийг мотоциклтэй, мөн морьтой гэсэн гурван төрлөөр явуулна. Үйлдэл, техникүүд нь яг ижилхэн.

Бартаат замын холимог зайн уралдаан гэхэд мөн л хоёр хоёроороо гараанаас гарч, уулын хормой хэсгээр хурдтай гүйж, уулын энгэр хэсгийг бэлчирлэж уясан олон салаа олсон замуудаар бэхэлгээ ашиглан туулна. Тэндээсээ хурдтай гүйж, газрын нам хэсэгт ормогц, эмээллэж бэлдсэн хоёр морин дээр мордон, тойрог замаар заавал хатируулж туулан, морь уятай байсан газарт ирж буугаад морио уяна. Түүний дараа голын боргио бүхий хэсэгт хоёр хүний завиар, тэмдэглэж зассан маршрутын дагуу хурдтай сэлүүрдэн, хэд хэдэн хаалгыг гарч, завиа залуурдан тойрч, заасан газарт хайрдах ба тэндээсээ хоёул завиа өргөн гүйсээр гарааны газарт авч ирж тавина.

Харин раптингийн спорт бол хийлдэг том завин дээр 8-10 тамирчин багаараа сууж, голын боргио бүхий хэсгээр 1 км  газрыг завиа залуурдан, хурдтай сэлүүрдэж туулна.

SANYO DIGITAL CAMERA

Энэ мэтийн үлэмж сонирхолтой спортын төрлүүдээр дөрвөн улсын тамирчид гурван өдрийн турш өрсөлдсөөр 14-ны өдөр гэхэд эцсийн шатанд өрсөлдөх, (финалын тамирчид) шалгарч үлдсэн ба төрөл тус бүрээр багийн болон ганцаарчилсан тэмцээний тэргүүн байруудыг шалгаруулан, хаалтын арга хэмжээн дээр шагналыг гардуулав.

Их наадмын мэргэжлийн спортын бартаат замын авто уралдааны төрөлд ОХУ-ын Барнаулын “EX –PRO” баг, өндөр уулын спортын  төрөлд Монгол улсын Ховд аймгийн “Хан Алтай” клубын уулчид тэргүүлэн, алтан медалийн эзэд болж сайхан амжилт үзүүлснийг дээр үгүүлсэн. Харин сонирхогчдын спортын олс таталтын төрөлд мөн л Монгол улсын Ховд аймгийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тэргүүлэв.

SANYO DIGITAL CAMERA

Холимог зайн бартаат замын уралдааны төрөлд Ховд их сургуулийн биеийн тамирын ангийн оюутан ханан хадны спортын улсын гурван удаагийн аврага, тивийн аврагын мөнгө, хүрэл медальт Д. Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын МУБИС-ын биеийн тамирын ангийн оюутан Пүрэвдорж нар тэргүүлж алтан медаль, явган зайн бартаат замын уралдаанд ССАЖГ-ын дасгалжуулагч Г.Хамагбаяр хүрэл медаль хүртэв.

Сонирхогчдийн төрөлд ханан хадны авирлтын тэмцээн багтсан байсан боловч авирах хадны хувьд аюулгүйн стандарт хангахгүй байсан гэдгээр шүүгчид энэ тэмцээнийг явуулахаас татгалзаж хөтөлбөрөөс хасагдав.

Их наадмын хүрээнд зохиогдсон спортын тэмцээнүүдийн эхний байруудын тухай мэдээллийг доор үзүүлэв.   

1.Мэргэжлийн спортын төрөл

Өндөр уулын спортын төрөлд

Тэргүүн байр – “Хан-Алтай” баг Монгол улс. Ховд аймаг

Дэд байр – “Алтайн ирвэс” баг. Монгол улс. Улаанбаатар хот

Гуравдугаар байр – “Алтайский край” баг.  ОХУ – Барнаул

Нийт 8 баг оролцсон

2.Сонирхогчдын спортын төрөл

Раптинг, олс таталт, холимог зайн бартаат замын уралдааны төрлүүдийн нийлбэр дүнгээр улс дотор нь эзлүүлсэн байр (Монгол)

Тэргүүн байр – Ховд аймгийн ОБХ-ийн баг

Дэд байр – Эрдэнэбүрэн сумын “Цамбагарав” баг

Гуравдугаар байр – Ховд “МЧС”

Раптинг, олс таталт, холимог зайн бартаат замын уралдааны төрлүүдийн нийлбэр дүнгээр нийт оролцогчдын дунд эзлүүлсэн байр

Тэргүүн  байр-  “EX-PRO” баг  Россия Барнаул

Дэд байр –  “МЧС – 1” баг Монгол улс. Ховд аймаг.

Гуравдугаар байр –  “Алга” баг Казакстан -Усть камеронск

Энэ төрөлд нийт 15 баг оролцсон

Раптингийн төрөлд нийт оролцогчдын дунд эзлүүлсэн байр

Тэргүүн байр – “EX-PRO” Россия Барнаул

Дэд байр – “Алтайский край”  Барнаул

Гуравдугаар байр – “Алга” баг  – Казакстан

Энэ төрөлд нийт 17 баг оролцсон

Олс таталтын төрөлд  нийт оролцогчдын дунд эзлүүлсэн байр

Тэргүүн байр – “МЧС 1” Монгол улс Ховд аймаг

Дэд байр “Алга” баг Казакстан

Гуравдугаар байр – “EX-PRO” баг Россия – Барнаул

Нийт 15 баг оролцсон

Раптингийн төрлөөр улс дотор нь эзлүүлсэн байр-  Монгол улс 

Тэргүүн байр “Ирвэс” баг.  Улаанбаатар

Дэд байр – “МЧС -2” баг.  Ховд аймаг

Гуравдугаар байр. “Цамбагарав” баг. Эрдэнэбүрэн сум

Нийт 6 баг оролцсон

Пешеход буюу явган зайн бартаат замын уралдааны эмэгтэй төрөлд нийт оролцогчдын дунд эзлүүсэн байр

Тэргүүн байр Плотникова Ирина.  “КТБУ- КДМ” баг – Алтайский край – Барнаул

Дэд байр “Дашкова Яна” –  “Горизонт” баг –  Алтайский край

Гуравдугаар байр – Ганболдын Хамагбаяр. Монгол улс, Ховд аймаг

Пешеход буюу явган зайн бартаат замын уралдааны эрэгтэй төрөлд нийт оролцогчдын дунд эзлүүсэн байр

Тэргүүн байр – Сапронов Виталий “Политехник” баг  Алтайский край-  Барнаул

Дэд байр – Чиляев Крилл “Политехник” баг  Алтайский край – Барнаул

Гуравдугаар байр. Митюков Сергей” КГБУ – КДМ” баг .  Алтайский край

Мөн энэ наадмын хүрээнд баруун Монголын олон угсаатны хувцасны соёлыг үзүүлсэн үзүүлбэр уралдаан, эрийн гурван наадам зохиогдсон юм. Үндэсний хувцас урлалын уралдаанд Мөнххайрхан сумын уран үйлч Б.Эрдэнэчулууны урласан урианхай угсаатны хувцас тэргүүн байр, Буянт сумын урлаач Х.Буянхишигийн урласан Тува (тагнын урианхай) угсаатны хувцас дэд байр, Мянгад сумын урлаач Д.Алтанцэцэгийн урласан Мянгад угсаатны хувцас гутгаар байранд шалгарав.

Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Энхбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн бөх сумын начин Ерлан үзүүр булаалдав. Бөхийн барилдаанд аймгийн цолтой бөхчүүдийг оролцуулалгүй, зөвхөн сумын цолтой бөхчүүдээр хязгаарласан нь уг барилдааныг сонирхогчдын спортын ангилалд багтааж их наадмын хөтөлбөрт оруулсантай нь холбоотой ажээ. Хурдан хүлгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уяач Баттөмөрийн шарга халзан морь түрүүлж, мөн Мянгад сумын уяач Хөхөөгийн саарал аман хүзүүдэж, Мянгад сумын уяач Норовчулууны хээр гуравт, Мянгад сумын уяач Гансүхийн хээр дөрөвт, Эрдэнэбүрэн сумын Бат-Очирын хүрэн тавд давхиж торгон жолоогоо өргүүллээ.

Шагнал гардуулах болон хаалтын үйл ажиллагааг оролцогч улсуудын урлагийн авьястнуудын тоглолтоос бүрдсэн хөтөлбөртэй найралдуулан зохион байгуулсан нь тааламжтэй хийгээд үлэмж сонирхолтой болсныг орхиж боломгүй санагдав.

      4. “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй”

Анх удаа зохион байгуулж буй олон улсын энэ их наадам ямар ч байсан зорилгоо биелүүлж, цааш цаашдынхаа үйл ажиллагаанд илүү боловсронгуй, өндөр хэмжээнд зохион байгуулах багагүй сургамж туршлагыг хуримтлуулан үлдээсэн нь магад.

Санаачлагчид хийгээд  зохион байгуулагчид ялангуя ОХУ-ын төлөөлөгчдийн зүгээс энэ тухай удаа дараа сануулж, үлдэх сургамж, туршлагуудад онцлон анхаарч байгаагаа илэрхийлж байв..

Анхаарууштай зүйлүүд ч олонтоо ажиглагдсан.  Юуны өмнө аливаа ажлыг хийх зохион байгуулж явуулахад чин сэтгэл хэрэгтэй. Тиймээс эрх мэдлийнхээ эрэмбээр өөрийн улс, аймгийг төлөөлж тухайн ажлыг хариуцах үүрэг хүлээсэн хүмүүс асуудалд  сэтгэлээсээ хандах нь их чухал юм байна гэдэг нь нэг биш зүйл дээр анзаарагдаж байв.

Монгол талаас гэхэд ОХУ-д болсон зөвлөлдөх уулзалтанд спортын төрлүүд болон бусад чиглэлийн асуудлуудын тухайд сайн мэддэг мэргэжлийн хүмүүсээ оролцуулах,  ядаж санал зөвлөгөөг нь авах талаар дутагдалтай, байсныг өмнө дурьдсан. Түүнчилэн дотоод зохион байгуулалтын тухайд ч анхаарууштай зүйлүүд олон байв. Юуны өмнө Ховд аймгийн зүгээс уг ажлыг зохион байгуулахдаа оролцогч, тамирчдынхаа талаар анхаарал тавихаасаа илүү зохион байгуулалтыг хариуцаж буй албаны хүмүүсийн ая тухыг эрхэмлэсэн нь юм юман дээр ажиглагдаж байсан.

Монгол улсад зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа гэдгээрээ наадмын тухай тайлбар танилцуулгаас эхлээд бүх зүйл Монгол болон бусад хэл дээр байх нь зүйн хэрэг. Гэтэл оролцогчдыг бүртгэх хэсгийн хаяг, зарлал, анхааруулга гэхчлэн ихэнх зүйлүүд зөвхөн орос хэл дээр, бүртгэл, зохион байгуулалт, тэмцээнийг хариуцсан хүмүүс, шүүгчдын нэг хоёрхноос бусад нь бас л зөвхөн ОХУ-ын төлөөлөгчид байв. Аз болоход Оросууд шудрага хүмүүс юм. Шүүгчдын хувьд жинэхэнэ шудрага шүүлт ямар байдгийг харуулж байгааг анзаараад манай тамирчид ч сэтгэл өндөр байсан.

Хятад улсаас ирсэн төлөөлөгчид тэмцээний зарим төрөлд оролцсон боловч их наадам дуусаагүй байхад 6 сарын 13-ны өдөр бүгд буцаж одов. Юунд ийм шийдвэр гаргасныг асуухад дэлгэрэнгүй мэдээлэлгүй байснаас энд удаан байж наадмыг дуусгах  сэтгэл зүйн болон эдийн засгийн боломж хүрэлцсэнгүй гэсэн тайлбар өгөв. Дараагийн их наадмыг БНХАУ-д хийнэ хэмээн төлөвлөснөө зарлаад байгаа ч тэндээс ирсэн төлөөлөгчидтэй тодорхой тохиролцоонд хүрч чадсангүй.

 Наадмын хөтөлбөр арга хэмжээг тэнд очсон хүмүүст тов тодорхой мэдээлэх талаар дутагдалтай байсны улмаас хэзээ хаана ямар тэмцээн болох, болж байгааг нь мэдэхгүй гайхсан хүмүүстэй олонтоо тааралдаж байсан. Зарим хүмүүс наадмын хөтөлбөрийг хэтэрхий сунжирсан байдлаар, олон хоногоор төлөвлөсөн нь оролцогчид болоод сонирхогчдын ажил төрөлд зарим талаараа бэрхшээл учруулж байна гэцгээж байлаа. Тухайлахад төрийн чухал албаны хүмүүс болох  аймгийн удирдлага л гэхэд л тэнд байнгын байдлаар хоёр хонов.

Энэ нь наадамд ач холбогдол өгч, хүндэтгэж байгаа сайн талтай ч гэлээ, зөвхөн нэг арга хэмжээн дээр хоёр, гурван хоног зориулна гэдэг бусад ажлууд орхигдох сөрөг нөлөөтэй байж болзошгүй хэмээн оролцогчид хоорондоо олонтоо ярилцаж байсан болохоор үүнийг дамжуулах нь зүй гэж үзэв.

Энэ үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр өргөн хүрээнд сурталчилах талаар ихээхэн анхаарал тавьсан гэх боловч орон нутгийн нэг хоёрын зэрэг телевиз, сонины төлөөлөл, Улаанбаатарын ганц ТВ очжээ. Хэвлэл мэдээллийнхэн хэмээн ихэд тод хаягласан гэрт байрлагсдын нэлээд хэсэг нь ИТХ-ын ажлын алба зэрэг албаны нөхөд байсан ба тэднээс ямар бүтээлч мэдээлэл, эсвэл уран бүтээл гарах нь сонирхолтой санагдав.

Анх удаа зохион байгуулагдаж байгаа, туршлага хуримтлагдаагүй ийм том арга хэмжээний хувьд цаашид юун дээр анхаарч, хэрхэн улам боловсронгуй, хөгжингүй болгох вэ гэдэгт судалгаа, дүн шинжилгээ хийх үүрэг бүхий тусгай багийг томилж ажиллуулсан ч болохгүй гэх газаргүй. Нэн ялангуяа хэвлэл мэдээллийнхэн үүнд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн саналыг ОХУ-аас ирсэн зарим сэтгүүлчид илэрхийлж, энэ чиглэлээр ажиллаж байсныг ч онцлууштай санагдана.

Хэдийгээр ийм анхаарууштай зүйл олон байсан ч анх удаа зохиогдсон энэ наадам амжилттай өндөрлөж, Их Алтайнхаа зүг бүрээс ирсэн улс үндэстний төлөөлөгчид их л сэтгэл өндөр нутаг нутгийн зүг жолоо залцгаав.

Хэдэн өдрийн турш олон хэлийн олны хөлд дарагдсан ч үзэх харах, суралцах ухаарах, алсынхаа зорилго замналд санаа сургамж болгох зүйлээр арвин үлдсэн Монголчууд маань ч дотроо нэгийг бодож хоёрыг тунгааж буй нь лав.

Цаст Цамбагарав хайрхан, төрийн тахилгат Алтан Хөхий хайрханууд алсхан тэртээгээс ханхайн харуулдаж, Шижигтийн хавцлаар багтаж ядан оволзох Ховд голын ширүүн боргио эл их наадамд хөг аялга нэмэн шуугисаарь их хөлсөөний дараах нам гүмд эзлэгдэх нь сэтгэлд онцгой хийгээд дурсгалтай санагдана.

 

 Ховд аймгаас сурвалжилсан сэтгүүлч, зохиолч Г.Төрмөнх

ugluu-logo-fongui

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …