Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

1(2)Монгол Улсын Их Хурлын дарга,

Улсын Их Хурлын эрхэм гишүүүд ээ!

Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв, бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь эдийн засгийн төлөвлөлт, тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Эдийн засгийн гол гол макро үзүүлэлтээр нийгэм болон зах зээл рүү тогтмол мэдээлэл өгч байх нь зах зээлийн эдийн засагтай орнуудын заавал баримтлах дүрэм, мөрдөж байх соёл юм.

Энэ зорилгоор цаашид Засгийн газрын хэмжээнд төсвийн орлого, зарлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудтай нийлж нэгтгэж, ил тод байдлыг ханган байнга мэдээлэх эхлэлийг өнөөдрийн Улсын Их Хурлын хуралдаанд Та бүхэнд хүргүүлж байна. Энд Улсын Их Хурлын дөрвөн байгууллага, тухайлбал Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, мөн гүйцэтгэх эрх мэдлийн дөрвөн байгууллага болох Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас авсан тоон үзүүлэлтийг тухайн чиглэл бүрээр хавсаргасан болно. Ингэснээр төсөвт байгууллагууд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа хяналттай, бас хариуцлагатай хандах нэг хөшүүрэг болох, нөгөө талаас тоо тойрсон улс төржилтийг багасгана гэж үзэж байна.

Тоо бүр нэгийг өгүүлдэг. Төсвийн мэдээллийг ил болгосноор харилцан бие биендээ итгэх итгэл нэмэгдэж та бидний, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урагшлах ёстой билээ.

Цаашид, Улсын Их Хурал болон Засгийн газрын эдгээр байгууллагууд мэдээллээ нэгтгэн улирал бүр энэхүү мэдээллээ тогтмол гаргадаг болгох саналтай байна.

Эргэлзээтэй тоон үзүүлэлт, эсхүл статистикийн тоо зөрүүтэй гарсан тохиолдолд Улсын Их Хурлаас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах, үр дүнд нь тухайн үзүүлэлтийг цаг алдалгүй цэгцлэх горимд шилжье.

Эдгээр үзүүлэлтийг нэгтгэдэг, дүн шинжилгээ хийдэг, дүгнэж танилцуулдаг нэгж, албыг Улсын Их Хурал, Засгийн газар дээр байгуулах чиглэлээр ажиллах саналтай байна.

Анхаарал тавьсанд баярлалаа!

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …