Хүн л юм болсон хойно хааяадаа “тэнэг” гэмээр үйлдлүүд гаргах нь зүйн хэрэг. Гэхдээ олны өмнө итгэл хүлээсэн хүний хувьд ийм тэнэглэлээ “нууж” явах нь өөрт нь өлзийтэй баймаар. Улс орны эдийн засаг хямраж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ цаг үед тэд сонсож итгэл хүлээлгэсэн засаг төрдөө найдах. Гэтэл сонгогч түмэн итгэлээ хүлээлгэж, улс орноо хөгжүүлүүлэхээр “илгээсэн” УИХ-ын гишүүд болон Засгийн газарт даанч итгэж найдах хэрэггүй нь өнгөрсөн хугацаанд нэгэнт ойлгомжтой болов бололтой.
Эрхэм гишүүдийн дэмийрэл, хийрхэл 2012 оны сонгуулийн дараагаас л эхлэсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хагас бүтэн сайнгүй, амралтын өдөргүй, гадаад дотоод явахгүй ажиллаад улс хөгжүүлнэ гэдгийг “үзүүлээд” өгнө гэж ярин “тэнэглэлийг” эхлүүлсэн. Тэгж байтал Ж.Бат-Зандан гишүүн өөрийн төрсөн ахыгаа ажлаас нь халах хүсэлтийг холбогдох газар гаргаж улс төрд хоёргүй сэтгэлээр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа “шударга үнэнч” нэгэн гэдгээ батлан харуулав
Түүний араас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “ойрд хүүхэндсэнгүй” гэж улаан цайм олон нийтийн сүлжээнд жиргэсэн удаатай. Харин саяхан тэрээр цахим сүлжээнд “Дэмбэрэл стайл” гэгчийг бий болгоод авсан. Одоо ч хүртэл “Дэмбэрэл стайл” нийтийн сүлжээнд хүч авсан хэвээр байна. Ингэж байтал гэнэтхэн Сонгинохайрхан дүүргээс сонсогдсон УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг учиргүй машинаа бенц магтаад эхлэсэн.
Араас нь өнгөрсөн намар М.Зоригт гишүүн ажлын өглөөний 08:00 цагт төрийн ордноос хэтэрхий ил задгай эротик зураг жиргэсэн. Тэгж байтал Н.Алтанхуяг огцорох болоход түүний хамгийн “сайн найзуудын нэг” , УИХ дах АН-ын бүлгийн дарга Ц.Эрдэнэбат товчлуураа андуурч дарж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “унагахад” гар бие оролцсон. Дараа нь товчлуур андуурч дарснаа баахан халагласан бол өдгөө аж үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Р.Бурмаа гэдэг хүн албан тушаал хүнийг яаж хэлсэн үг, үзэл бодлоосоо няцахад хүргэдгийн жишээг яруу тодоор харуулаатхав. Түүний хувьд бараг л улс төрд “хөл тавьсан” цагаасаа эхлэн “давхар дээл”-ийг эсэргүүцдэг байсан хүн гэнэтхэн өөрийг нь сайд болгоход үзэл бодлоосоо 3600 градус эргэж, сайдын суудалд чимээгүйхэн залраатхав.
Шинэ он гарангуут Ерөнхий сайд улс орны өмнө тулгарсан эдийн засгийн Ч.Сайханбилэг ард түмнээсээ санал асуулга авсан. Санал асуулгын утга нь “та гагцхүү нэг хөл дээрээ явах ёстой, чухам аль хөл дээрээ явахаа шийдээд бидэнд мессеж илгээ” гэсэнтэй утга нэгтэй санал асуулгыг олон нийтээс авч байх.
Тэгж байтал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь улс орны эдийн засгийн хямралыг үл хайрхан АНУ-д бүртгэлтэй эхнэр нөхрийн хуулийн “Painter Law Firm” компаниас хуулийн эрх зvйн зөвлөгөө авахад зориулж 17.0 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. С.Баярцогтын хувьд өмнө нь обшор данс гадаадад нууцаар байршуулсныхаа төлөө УИХ-ын дэд даргын суудлаасаа бууж байсан нэгэн. Өдгөө тэрээр Хувийн их дээд сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл дээр ажиллаж байгаа бол түүний эхнэр нь МУИС-ийн санхүүгийн албыг “атгаж” байна. Ингэхлээр түүний дээрх хуулийн төсөл дээр ажиллах нь илт сонирхолын зөрчилтэй байгааг харуулж байна.
Манай улс төрчдийн үнэн төрх иймэрхүү байдалтай үргэлжилж байтал гэнэтхэн Бенз хатагтай дахин “цахиур хагалаад” ороод ирэв. Тэрээр эрчүүдийн нэгэн адил ан хийж “кайф” авдаг нэгэн бололтой. Ц.Эрдэнэчимэг гишүүн Баян-Өлгий аймагт айлчлахдаа бүргэдээр ан хийж, туулай бариулаад түүнийхээ бахдалтай нь аргагүй цахим сүлжээнд оруулжээ. Учир мэдэх зарим хүмүүс түүнийг өөрийн боловсруулсан тамхины хууль нь хэрэгжихгүй, архины хууль нь дэмжигдэхгүй байгаад ундууцан ийнхүү уур бухимдлаа тайлж яваа гэнэ билээ.
Ажиглаад байвал манай улс төрчид үүнээс ч илүү сонирхолтой баримтуудыг бидэнд цаашид ч харуулахаар байна шүү.
Эх сурвалж: Undesten.mn