“Домог” хамтлагийн залуусаар Ерөнхий сайд бахархлаа

  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Миний Монголын бахархал” сэдэвт өглөөний цайтай уулзалтад энэ удаад “Домог” хамтлагийн залуус уригдлаа.

Австрийн Вена хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадмыг гурван төрөлд манлайлж, эх орныхоо нэр алдрыг дуурсгаад ирсэн “Домог” хамтлагийнханд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ. “Язгуур урлагийнхаа тоглолтоор сонгодог урлагийн өлгий нутгийнхныг, тэр дундаа зохион байгуулагч орны хөгжимчдийг хошуучлан тэргүүлсэн нь манай улс соёл урлагийн  баялаг өв сантайг тод илэрхийллээ. Бас манай уран бүтээлчид хэнтэй ч өрсөлдөхүйц чадамжтай гэдгийг батлан харууллаа” гэж Ерөнхий сайд бахдаж байлаа.

Тэд хамтлагийн болон гоцлол хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлж, хамтран тоглосон төгөлдөр хуурч Д.Баярцэцэг шилдэг концертмейстрээр шалгарсан юм. Олон улсын А зэрэглэлийн шалгуур өндөртэй тэмцээнд анх удаа оролцоод ийм өндөр амжилт гаргах нь өөрөө домог болсон үйл явдал гэж хамтлагийг ахлан явсан МУГЖ Д.Сосорбарам тодотгоод, “Алтайн магтаал”, “Түмэн агтны төвөргөөн” бүтээлээ тоглоход шүүгч, үзэгчид алмайран сонсч, бахдан биширч байсныг дурслаа.

Монголын гэх брэндийг соёл урлаг, аялал жуулчлалын олон чиглэлд тодруулан гаргаж, дэлхийн тавцанд таниулах үүрэг өгч Шинэчлэлийн Засгийн газар тусгайлсан яам байгуулсан. Монгол хүн Монголоороо бахархах үзэл төлөвшүүлэхийг хөхиүлэн дэмжиж, урлагийн хөтөлбөрүүдэд төсөв хөрөнгө чамгүй зарцуулж эхэлсэн. Олимпийн аваргатай болоход манай залуусын эх орноороо бахархах үзэл сэргээд ирсэн шиг соёл урлагаараа та нар минь ингэж цойлон шалгарахад залуу үеийнхэн өөдрөг хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн урагшилж байгаа шүү гэх зэргээр цайлах зуураа Ерөнхий сайд залуу уран бүтээлчидтэй халуун яриа дэлгэсэн юм.

“Домог” хамтлагийнхан наймдугаар сарын 22-нд Болгарт болох Үндэсний хөгжмийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, язгуур урлагийн бусад хамтлагтай хамтран есдүгээр сарын 17-нд Бээжингийн “Сувдан театр”-т тоглолт хийх зэргээр олон улсын тавцанд гарах тодорхой төлөвлөгөө, зорилттой ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …