УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Ард иргэд ээ,
Өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлдэг сар шинийнхээ баярын өмнө улс орныхоо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэж, ярилцъя. Та бид талцан хуваагдаж биш хамтран хэлэлцэж, асуудал бэрхшээлээ шийдвэрлэх гэж Шийдлийн Засгийн газрыг байгуулаад удаагүй байна. Монголчууд гарааны зурхай гэж ярьдаг. Тэгвэл Шийдлийн Засгийн газарт Монгол Ардын Нам хамтарч орсон үеийнхээ гарааны нөхцөл байдлыг эргэцүүлэн дүгнэж байна. Бидэнд ямар гараанаас гарав, ямар амжилттайгаар барианд оров гэдгийг дүгнэх өдөр ирнэ.
МАН 2012 онд ард түмэн нь ажилтай, орлоготой, аж ахуйн нэгжүүд нь өргөжин хөгжсөн, эх орны өнцөг булан бүрт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөн, эдийн засгийн өндөр өсөлттэй, өөдрөг тэмүүлэлтэй улс орныг хүлээлгэн өгсөн. Хоёр жил гаруйн өмнөх ийм байдалтай өнөөдрийн нөхцөлийг харьцуулан дүгнэж үзэхэд эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унасан байна. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол 2014 онд 570 сая.ам доллар болж 8 дахин буурлаа.
Улсын өр сүүлийн 2 жил гаруй хугацаанд 3 дахин нэмэгдэж 14 их наяд төгрөгт хүрлээ. Үүнээс улбаалан төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 онд 19 дахин их буюу 700 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зардлаас ч их дүн юм. 2012 онд 1338 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 50 орчим хувиар өсч 1960 төгрөгт хүрлээ. Валютын ханшийн ийм хөөрөгдлөөс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Төмсөө ширхэгээр, ургамлын тосоо граммаар авдаг иргэд олширч, такси барьдаг, хоолны газруудаар үйлчлүүлдэг хүмүүс өдөр ирэх тутам цөөрч, худалдаа үйлчилгээний лангуунууд олноороо эзэнгүйдэж байна.
Эдийн засгийн салбарын энэхүү хүндрэл банк, санхүүгийн салбарт ч нөлөөллөө үзүүлж, хугацаа хэтэрсэн зээл 4 дахин, чанаргүй зээл 2 дахин өссөн. Иргэдийн зээл, улсын өр, аж ахуйн нэгжүүдийн өглөг, авлагын гинжин сүлжээ тэлж томорлоо. Тухайлбал, тэтгэвэр авагчдын 86 хувь нь тэтгэврийн зээлтэй боллоо. 2012 онд 2.8 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц өнөөдөр 1,3 тэрбум доллар болж 2 дахин буурлаа. Аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь үүд хаалгаа барьж, төсвийн орлого хоёр жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Үүний уршгаар 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт жил дараалан саарч 2014 онд 6 хувь болж 2.5 дахин буурлаа. Ийм л хүнд нөхцөлд МАН хамтарсан. Бид хөгжиж дэвжсэн улс орныг хүлээлгэж өгөөд, хямрал хүндрэлд нэрвэгдсэн байхад нь Засгийн газарт орсон. Ачааны хүндээс үүрэлцэж, асуудал бэрхшээлийн хэцүүгээс шийдвэрлэх гэж шийдвэр гаргасан. Хүн бүрийн амьдралд сүүдрээ тусгасан хямрал, хүндрэлийг хамтдаа давж гарахын тулд, улсаараа урагшлахын төлөө Шийдлийн Засгийн газарт орсноо онцлон дурдъя.
Эрхэм гишүүд ээ,
Манай намын бүлэг өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хямралыг даван туулах дунд, богино хугацааны хөтөлбөрүүдийг санал болгож байсан. “ЭЗЭН-100” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санаачилгуудыг ч өргөн барьсан. Харамсалтай нь МАН санал болгож байна гэсэн үүднээс асуудалд хандаж тоолгүй, эдийн засгийн буруу бодлого явуулсны үр дагавраар өнөөгийн байдалд хүрлээ. МАН хариуцлагатай, санаачлагч байх үүргээ ухамсарлаж “Эдийн засгийн хямралаас гарах бодлого, хөтөлбөр”-ийг дахин боловсруулж Засгийн газарт саяхан хүргүүлсэн. Шийдлийн Засгийн газар МАН-ын энэхүү санаачилгад тулгуурлан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-ийг боловсруулан УИХ-д өргөн барьж, өнөөдөр та бид хэлэлцэж байна.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн ихэнх үзүүлэлт 2009 оны дэлхий дахины санхүү, эдийн засгийн хямралын түвшнээс ч дор болчихлоо. Тийм учраас АН-ын санал дэмжлэгээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдож ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Эдийн засгийн эсвэл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод улс орон хямралтай байгаа гэдгийг юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе” хэмээн уриалж байсан. Гэтэл УИХ дахь АН-ын зарим гишүүд “Хямрал болоогүй” хэмээн зарлаж, хямралаас гарах хөтөлбөрийг бүлгээрээ дэмжихгүй гэдгээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдэгдлээ. Ардчилсан намын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах тогтоолыг хэлэлцэхгүй гэж байгаа нь эдийн засаг хямраагүй гэсэн үг үү? Эсвэл хямралаас гарах сонирхолгүй байгаагийн илрэл үү?
Эрх баригч АН өөрсдийн байгуулсан Засгийн газар, өөрсдийн сонгосон Ерөнхий сайдынхаа бодлогыг сөрж, эдийн засгийг хямралаас гаргах, ард түмний амьдралыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн олон нийтэд зарласан нь улс орноо эдийн засгийн хямралаас гаргах ямар ч сонирхолгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэлээ. Шийдлийн Засгийн газраас ард иргэд амьдрал ахуйгаа сайжруулах, эдийн засгаа сэргээн босгохыг хүсч байна. Ард түмэн хүсч, шаардах эрхтэй. Бид биелүүлэх үүрэгтэй. Гэтэл улс орны удирдлагуудын бодлогын алдаанаас болж хямарсан эдийн засгийг сэргээхийн тулд шинээр хотын татварыг бий болгож буудал, бар, ресторан, амралтын газар гэх мэт үйлчилгээний цэгүүдээс татвар авах, малын хөлийн, хөрөнгийн, автомашины татварыг нэмэх замаар ард иргэдийн орлогыг нимгэлэх гэсэн аливаа санаачилгыг дэмжихгүй. Хямралыг татвар нэмж, иргэдийн халаасыг суйлах замаар биш баялаг бүтээгчдээ дэмжиж, хөрөнгө оруулалтыг татсан бодлого хөтөлбөрийн үр дүнд давах ёстой.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Манай улс анх удаагаа эдийн засгийн хямралтай нүүр тулаагүй. Эдийн засгийн хямралын улмаас олон сар цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрсэн 1998 онд ч, дэлхийн санхүүгийн хямрал нөлөөлсөн 2009 онд ч тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулан эрсдлийг даван гарсан бэлэн туршлага бий. Энэ удаагийн хямралын эргүүлгээс ч гэсэн тодорхой бодлого, хөтөлбөргүйгээр гарч чадахгүй. Бас түүнийг хэрэгжүүлэх сэтгэл, зүтгэлгүйгээр ч амжилтад хүрэхгүй. Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг нухацтай ярилцан батлан хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийг тогтворжуулах боломж бүрдэхгүй. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-т ярилцах, хэлэлцэх заалтууд ч бий. Бас
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, улс орны дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулах;
- Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих;
- Өр төлөх хуримтлалын сан байгуулах;
- Хямралын үед ажлын байр нэмэгдүүлсэн, ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдэд үүссэн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн торгууль, алданги төлөх хугацааг хойшлуулах, орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
- Стратегийн ач холбогдолтой төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах;
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн татварын хувь хэмжээг бууруулах;
- Ажилгүйдлийн тэтгэмж авах хугацааг сунгах, ажилгүй иргэдийг богино хугацаанд дэмжих арга хэмжээ авах;
- Томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх гэх мэт олон чухал заалт ч байгаа. Энэ бүхнийг ярилцаж хэлэлцээд шийдвэрлэе.
Энэхүү хямралыг давах хөтөлбөрийн нэг хэсэг нь нийгмийн хүрээнд хэрэгжих учиртай. Өнөөдөр Монгол Улсад тэтгэвэр авч буй өндөр настан 220 гаруй мянган иргэний 190 мянга буюу 86 хувь нь тэтгэврийн зээлтэй боллоо. Гэтэл тэдний маань сарын дундаж тэтгэврийн хэмжээ дөнгөж 257 мянга л байна. Тэтгэврийн зээлд ахмадууд сардаа 5,3 тэрбум төгрөгийн хүү төлдөг. Тиймээс тэтгэврээс өөр орлогогүй ахмад буурлууд маань авсан тэтгэврээ тэтгэврийн зээл, зээлийн хүүнд өгөөд ч хүрэлцэхгүй хүнд байдалд амьдарч байна. Тэтгэврийн зээлийн хүүг улсын төсвөөс нэг ч төгрөг нэмж зарцуулахгүй, УИХ, Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргахгүйгээр бууруулах боломжтой гэсэн санаачилгыг гаргасан. Үүнд арилжааны банкинд байршиж буй нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зонхилж тэтгэвэр олгож буй банкинд байршуулах хэмжээг нэмэгдүүлэх, банкуудтай хэлцэл хийх замаар одоогийн тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 9 хувь хүртэл бууруулах боломж байна. Нийгмийн халамжийн чиглэлээрх энэхүү санаачилгыг ч гэсэн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Эдийн засгийг элгээрээ хэвтүүлснийхээ төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцорсон Засгийн газрын хэрэгжүүлж чадаагүй “Эзэн-100” хөтөлбөрийг дахин “амилуулах” санаа АН-ын бүлгээс цухалзах боллоо. “Эзэн-100” хөтөлбөр бол нэгдүгээрт, 100 хоногийн настай, тодорхой цаг хугацаанд хэрэгжих ёстой байсан, хоёрдугаарт, уг хөтөлбөрөөр УИХ, ард олны өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа шинэчлэлийн Засгийн газар биелүүлж чадаагүй, гуравдугаарт, хэрэгжүүлнэ гэж амлаж төлөвлөсөн хүмүүс нь ажлаа өгчихсөн. Ийм хөтөлбөрийг өнөөгийн нөхцөл байдалд авчрах боломжгүй гэж бид үзэж байна. Өнөөдөр бий болсон улс төр, эдийн засгийн нөхцөл байдалдаа тохирсон, шинэ Засгийн газрын санал санаачилгад тулгуурласан, ард иргэдийн итгэл, хүлээлтэд тодорхой хариулт өгөх богино хугацааны хөтөлбөр ус агаар мэт шаардлагатай байна.
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-ийг сайжруулан батлан хэрэгжүүлэхгүй бол эдийн засаг хумигдаж, бизнесийн идэвхжил удааширч, хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, улс төрийн намуудын зөвшилцөл гацаанд орно. Мөн ажлын байрыг хамгаалах, иргэдийн хөрөнгө, хуримтлалыг үнэгүйдүүлэхээс сэргийлэх, хямралыг хохирол багатай даван туулах, эдийн засгаа дархлаажуулах гэсэн бидний хамтын бодлого хэрэгжих боломжгүй болно. Амаргүй цаг үед улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, улстөржилт, талцал хуваагдлаа хойш тавьж, намрын чуулган завсарлахаас өмнө амжиж, хямралыг даван туулах хөтөлбөрийг баталъя. Хямралыг давах хөтөлбөрөө гараанаас нь гаргая. Ард түмний хүлээлтэд хариу өгье. УИХ-ын намрын чуулган хэдхэн хоногийн дараа завсарлана. Хоёр чуулганы дундах завсарлагааны хугацаанд хямралыг даван туулах хөтөлбөрт тусгасан зорилтуудаа хэрэгжүүлж эхлэх, цаг хугацаа хожих боломжийг хамтарсан Засгийн газарт олгоё. Улс орноо хямралаас гаргах, эдийн засгаа тогтворжуулах, ард түмнээ ажилтай, орлоготой байлгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дунд, урт хугацааны бодлогоо хэрэгжүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг сайжруулж, батлан хэрэгжүүлэхийг уриалж байна.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.