Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясна. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана.
Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг тусч хөдөлмөрч зантай. Цагаан сараар үр хүүхдүүд, ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтэч зан заншилтай билээ.
Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.